Монголын залуус өөр болсон шүү
“Монголын залуус өөр болсон шүү” гэхийг тийм олон биш, гэхдээ цөөнийг бодвол олон удаа сонсдог боллоо. Цаг хугацааны хувьд сүүлийн нэг хоёр жилээс хойш юм уу даа. Төслийн байгууллагад ажилладаг англи, орос хэлтэй, тухайн үедээ улсын зардлаар Орост боловсрол эзэмшсэн одоогийн шилдэг боловсон хүчин танил маань “Одоогийн охид ямар айхтар болоо вэ, өчигдөр нэг компанитай гэрээ хийх гэтэл менежер нь гээд нэг жаахан охин орж ирж байна. Бид ч голох маягтай, нэг их тоосонгүй. Тэгтэл хоёр гурван хэлтэй, ярьж хэлж байгаа нь ямар айхтар юм бэ, бүр ангайлаа” гэж сонин болгож, бас бахархаж ярьж байсан юм. Нэг хэсэг манайхан боломж олдвол гадаадад хүүхдээ сургахаар зүтгэсэн шүү дээ. Дээр дурдсан жишээ шиг мэдлэг боловсролтой залуус анзаарагдаж байгаа нь тэрний л үр дүн бололтой.
Өчигдөр л гэхэд Монгол залуус GPS бүтээжээ гэсэн чихэнд чимэгтэй мэдээ дуулдаадахав. Өөрөөр хэлбэл өндөр нарийвчлал бүхий байршил цаг хугацааны мэдээллээс гадна хөдөлгөөний хурд зүг чиг, нэг цэгээс нөгөө цэгт хүрэх замыг чиглүүлэх, урьдчилан тодорхойлсон объектын талаархи мэдээллийг өгөх технологи бүтээчихсэн байна.
Бас нэг ойрын жишээ гэвэл Дархан-Уул аймгийн арваннэгдүгээр ангийн сурагч “Монголын их Юань улсын түүх” хэмээх судалгааны ном гаргаж түүхчдийг алмайруулаад байна. Номоо бичих судалгаа хийх гээд Төв номын сангийн эрхлэгчид ховор нандин сангаасаа тийм ном өгөөч ээ гэж хандаж л дээ. Тэгсэн ийм жаахан хүүхэд байж юу яриад байгаа юм, урж тасдаад хаячихна гээд халгаагүй гэж хүү номынхоо нээлтэд ёжлонгуй хэлж байсан юм. Англи, хятад хэлийг гарамгай эзэмшсэн Ч.Содбилэгийн туурвисан номыг эрдэмтэд урьд өмнө гарч байгаагүй даацтай бүтээл болжээ гэж нэгэн дуугаар хүлээн зөвшөөрсөн.
Өдөрт хэдэн мянган хүн орж мэдээллийн хэрэгцээгээ хангадаг news.mn сайтыг дөнгөж сургуулиа төгссөн дөрвөн залуу хийсэн юм шүү дээ. Одоо тэд “Содон солюшн” гэж компани байгуулаад мэдээллийн эринд нэмэр болохоор өөрсдийн чадлаараа ажиллаж байна.
Монголын залуус өөр болсон шүү гэж хэлэгдэх болсон хэдэн арван жишээнээс хамгийн том нь “Могул” брэндийг бүтээсэн залуус. Дэлхийд алдартай Dell-ийн нотебүүк, өчнөөн сая хэрэглэгчтэй Nokia фермийн гар утас барьснаараа би дэлхийтэй хөл нийлүүлж явна гэж бодвол явцуурал. Эднийг бүтээсэн авторууд нь л дэлхийтэй хөл нийлүүлсэн хүмүүс юм. Тэгэхээр дэлхийтэй хөл нийлүүлэгч болохын төлөө, өөрөөр хэлбэл тухайн салбартаа зохион бүтээгч байхын төлөө урагшаа.
Дэлхийн номер нэг мэдээллийн сайт yahoo-д монгол залуус хүч оюунаа заран ажиллаж байна, Харвардад Монгол профессор хичээл заадаг, Японы “Тоёота”-г монгол залуус бүтээдэг гээд дэлхийд нэр хүндээ өргөж яваа залуус олон л доо. Бид ч тэднийгээ өнгөлөхийг боддог. Харин эх орондоо баялаг бүтээж буй залуусаа түр мартсан шиг.
Монгол залуусын орон гэдэг. Яг одоо залуусын орны залуус эрчээ авдаг цаг үе дээрээ явж байна. 1990 онд 10 настай байсан хүү өнөөдөр 30-тай, мэдлэг боловсролтой, тэс өөр сэтгэхүйгээр ажиллая, амьдрая гээд зүтгэж байна. Хуучин тогтолцоо хэвээр байсан бол өөр л дөө. Наанадаж гутлын ч юм уу, хивсний үйлдвэрийн тэргүүний ажилтан, цаанадаж Орост төгсч ирсэн энхрий хайрт намдаа үнэнч ноомой нэгэн мэргэжилтэн байх байсан. Харин өнөөдөр ардчилсан нийгэм тарьж ургуулсан, боловсорч гүйцсэн анхны үр жимсийнхээ шимийг хүртэж эхэлж байна. Хаа газрын даргаар залуу хүн томилогдох нь олонтаа болж. Монгол залуусдаа итгэж байна, энэ чинь л Монгол тэмүүлэл. Гагцхүү эдгээр залуус үнэнч, эх оронч ажиллах хэрэгтэй. Амьдралд үнэнч хандвал амьдрал чамайг шагнана. Өөрөөр хэлбэл зөв явбал зөөлөн, зөөлөн замбуулин шүү дээ.
Зохиосон хувь тавиландаа сэтгэл хангалуун байя
Хувь тавилан заяагддаггүй хувь тавилангаа өөрөө зохиодог гэдэг үг бий. Тэгэхээр зохиосон хувь тавиландаа сэтгэл хангалуун байя. Байгаа байдлаасаа аз жаргалыг мэдэрье. Энэ нь тэмүүллээс тэс хөндлөн санагдаж болох. Гэхдээ сэтгэл хангалуун амьдрах нь нэгэн Монгол тэмүүлэл билээ. Алийн болгон надад ийм юм, тийм юм хэрэгтэй байна. Хүнтэй адилхан амьдрахгүй байна гэж гомдоллох билээ. Хүн бүхэн өөр юм байж, хүнтэй адилхан амьдраад яах юм бэ, өөрийнхөө зохиосон хувь заяандаа, байгаа байдалдаа сэтгэл хангалуун амьдаръя.
Та гэртээ үүнийг уншиж байгаа бол гэрээ тойруулаад нэг харчих. Таны л босгосон амьдрал, хөдөлмөрийн үр шим. Үүнээс илүү байх гээд сар руу нисэлтэй биш, босгох гэж чадлаараа зүтгэсэн амьдрал тань энэ биш гэж үү. Дөнгөж хөлд орж байгаа хүүгээ “бээл бээл” гэж дэмнэх нөхрийгөө чимээгүй хар. Орой гэртээ хоол цайтай угтах эхнэр, үр хүүхэдтэй байгаадаа баярла. Энэ чинь л аж жаргал.
Бурханч лам Г.Пүрэвбат сэтгэл хангалуун амьдралыг энгийнээр ингэж тодорхойлж байсан юм. Хүн орох оронтой, эрүүл энх, өр ширгүй байвал болоо гэж. Энэ гурван зүйл л хүмүүний амьдралын гол тулгуур ажээ. “Их мөнгөтэй байх их хүсэл хүн бүрт бий. Тэр их мөнгийг аваад үхэхгүйгээс хойш яах юм бэ, бие халхлах хувцас, идэх хоол, очоод унтах орон гэр надад байна, өөр юу ч хэрэггүй” гэх билэг танхай зураач хэлж байсан юмдаг. Тэгэхээр сэтгэл хангалуун амьдрал Монгол тэмүүллийн суурь билээ. Яагаад гэхээр сэтгэл хангалуун амьдрах гэж л орчлонд бид ирсэн шүү дээ.
Нэгнээ хүндэлж суръя
Манай ажил хуучнаар “Ардын эрх”-ийн гуравдугаар давхарт л даа. Өнгөрсөн жил өглөөний шуурхайтай уралддагаараа уралдаад ажил руугаа ордгоороо орсон юм. Тэгсэн цав цагаан цамц, тас хар зангиа, зангианаасаа арай л дээр царайтай таван куб залуу шатаар алгуур өгсч явна аа. Шуурхай эхэлчих гээд байдаг, гадаад хүмүүсийг зүсч гарч бүдүүлгээ гайхуулалтай биш гээд араас нь гэлдрэх гэсэн бүгдээрээ эгнэж зогсоод зам тавьж өгдөг байгаа. Зам тавиад зогсохгүй эелдгээр мэндчилсэн юм. Нэг их гоё, ихэмсэг ч гэмээр юм уу мэдрэмж төрөөд явчихсан. Бас Монголын залуучууд ийм боловсон бол ямар гоё вэ гэж үнэн сэтгэлээсээ атаархсан. Тэгээд жил өнгөрч байхад тэр хүндэтгэлийг ердөө мартахгүй байгааг бодоход боловсон ёс бидэнд ямар их дутагдаж байгаа бололтой. Тэгэхээр боловсон ёсыг хэвшүүлье. Учиргүй бөхөлзөж нахилзаад байхгүй ч нэгнээ хүндэтгэе. Эмээ өвөөг автобусанд хүндэлж суудал тавьж сурсан шигээ, эмэгтэйчүүдээ бас хүндэтгэж, энэ тал дээр нэг шат ахья. Ядахнаа такси барихдаа та эхлээд суу гээд хамт яваа бүсгүйдээ хүндэтгэл үзүүлчихье. Ер нь эмэгтэйчүүд эрчүүдийг дүгнэх амархан юм шүү дээ, Хаалгаар эхэлж орох нь уу, хаалга онгойлгож өгөх нь үү гэдгийг нь л харчих. Хэтэрхий явцуу дүгнэлт байж ч болох. Гэхдээ л эрэгтэй нь эмэгтэйгээ хүндлэх нь дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн боловсон ёс.
Ялангуяа, орос хэлний ахмад багш нар, соёл сурч судалсан мэргэжилтнүүдэд адилхан монгол байж монголоо ойлгохгүйн зовлон бий. Өнгөц харахад бусдаас өөр ч юм шиг. Өөрдөө биш, боловсон ёсыг ягштал заалгасан болохоор энгийн бид, тэд хоёрын хооронд хэтэрхий их зааг гардаг. “Аяая, ямар бүдүүлэг залуу вэ” гэж ялимгүй орос аялгаар, эсвэл ямар нэгэн орос үг хавчуулаад мөрлөж өнгөрсөн залуугийн хойноос толгой сэгсрэн хэлж байгаа европ стильтэй, эмэгтэй багш нар байдаг даа. Тэд боловсон ёсыг амьдралдаа хэвшүүлсэн болохоор зарим нэгэнд хэнхгээрээ цоллуулан саран дээрээс ирсэн хүн шиг ойлгомжгүй санагддаг нь аргагүй шүү дээ. Тэгэхээр боловсон ёсыг нэг бяцхан тэмүүллээрээ тодотгоё.
Бид энэ буландаа их бага хэмжээгээр иргэдийн бодлыг тусгахыг хичээж байгаа. Энэ удаад соёл судлаач, эмч хоёрын тэмүүлэл юу болохыг сонирхлоо. Монгол тэмүүлэл, таны тэмүүлэл юу вэ гэж асуухаар эхлээд их бүрхэг, том асуудлаар ярих нь дээ гэж халширч байна. Тэгээд тодотгоод, тодруулаад ирэхээр өөрийгөө ирлээд, сэтгэлийн гүнд байдаг хүсэл ил гарж байгаа юм шиг их энгийн санагдаж байна гэж хүмүүс тодотгож байсан юм.
Соёл судлаач Ц.САНЧИР: Монголоо дэлхийн тавцанд гаргах нь монгол тэмүүлэл
-Монгол тэмүүлэл. Энэ сэдвээр таны бодлыг сонсъё?
-Наадахь чинь яасан айхтар сэдэв бэ. “Үндсэрхэн үзэл үгүй бол үндэстэн үгүй” гэсэн мэргэн үг байдаг. Үүн шиг “Монгол” гэдэг энэ эрхэм угсааг өнөөдөр ч гэсэн дэлхийн тавцанд авч явах хэмжээний боловсрол, чадварын төлөө зорих, түүндээ хүрэхийг Монгол тэмүүлэл гэх байх даа.
Уламжлалт анагаах ухааны эмч Т.ЦЭНД: Би сайхан амьдралын төлөө тэмүүлж байна
-Танд монгол тэмүүлэл гэхээр хамгийн эхэнд юу бууж байна вэ?
-Ядуурлаас гарах.
-Та юунд тэмүүлж байна вэ?
-Би сайхан амьдралын төлөө тэмүүлж байна.
-Тэр сайхан амьдралыг яаж бүтээх вэ?
-Яах вэ дээ. Ажил хөдөлмөрөөрөө л бүтээнэ шүү дээ.

Comments (0)