Камертон хамтлагийн гишүүн дуучин Л.Ган-Эрдэнэтэй ярилцлаа.
-Та ямар анх удаа ярилцлага өгч байгаа биш, би танаас “Камертон” хамтлагийн үүх түүх юу вэ гэж асуултай биш. Ямар ч гэсэн бидний яриа илүү их сэтгэл шингэсэн байгаасай гэж хүсч байна. Та юу гэж бодож байна?
-Би чин сэтгэлээсээ хариулбал энэ зорилгод хүрэх байх гэж бодож байна даа. Яг одоо чиний өмнө Ганаа тэр чигээрээ ямар ч илүү дутуу нэмэр хачиргүй сууж байна.
-“Камертон”-ы дөрөв эргээд хамтдаа дуулна гэхээр хачин санагдаад байх юм?
-Дуулалгүй дээ. Ер нь бид “Мань дөрөв тарлаа” гэж ганц ч удаа ямар ч хэвлэл мэдээллийн байгууллагаар зарлаагүй. Харин наагуур нь тарлаа, саллаа, ингэлээ, тэглээ гээд яриа яваад л байдаг юм. Яаж ч бодсон бид яаж салах вэ дээ, нэгдүгээр ангиасаа хамт байсан хүмүүс юм чинь.

-Хэзээ тоглоно гэлээ?
-Энэ сарын 30-нд АПУ “Нийслэл” гээд асар нээсэн шүү дээ. Тэнд 1000-гаад залуучууд цуглуулах санаатай байгаа. Тэгээд эх орноороо аялан тоглолт хийнэ ээ. Наймдугаар сард стадионд бүр том концерт хийнэ.
-Ний нуугүй ярья л даа. Та яг “Аяа миний 18 нас” гэж дуулж байсан шигээ дуулах болов уу?
-Намайг та хөгширсөөн гэж хэлэх гээд байгаа юм уу. Үгүй шүү, би 23-тай залуу шүү.
-23-тай?
-Тийм ээ, 23-тай. Яахав 15 жилд их юм өөрчлөгдсөн байх л даа. Гэхдээ бид, бас бидний сонсогчид адилхан л өөрчлөгдсөн. Би “18 нас”-ыг одоо дуулахад өмнөхөөсөө илүү гоё дуулна гэж боддог юм. Энэ хугацаанд дууны урлагт илүү суралцсан болохоор тэр.
-Та энэ таван жилд юу хийв ээ?
-Янз бүрийн л юм хийлээ. Нөгөө гурав маань компани байгуулах нь байгуулаад тогтвор суурьшилтай ажилласан л даа. Харин би хаана хөрөнгө оруулбал, илүү хурдан, илүү их ашиг өгөх нь вэ гэдгийг хардаг юм. Гэхдээ уул уурхай, газар тариалан гээд том салбар барьж аваагүй л дээ. Жишээ нь байшин барья гэхэд хамгийн хурдан, чанартай яаж гүйцэтгэх вэ гэдгийг эхлээд тооцоолдог. Эхнэр бид хоёр “Help” гээд гадаад хэл сургалтын төв ажиллуулдаг юм. Тэрнийгээ зүглүүлнэ. Нэг сургууль байгуулъя гэсэн чинь бичиг баримт гэдэг юм нь их явдалтай эд байна шүү. Одоогоор сайн бүтэж өгөхгүй л байна.
-Нээрээ та эхнэрээсээ салсан юм уу, салаагүй юм уу. Саллаа болилоо гэсэн толгой эргэмээр олон мэдээлэл гарах юм. Таны амьдрал бол таны л амьдрал л даа. Гэхдээ таныг саахалтын дайтай таньдаг хүмүүсийн хувьд бас ч гэж сонирхолтой сэдэв?
-Салсан шүү дээ, Халиун бид хоёр. Миний амнаас ийм үг унах тийм сонирхолтой байдаг юм байх даа. Шар хэвлэлд бичиж байгаагаар бол бид хоёр аль дээр салсан. Охиноо би эргэж очдог, Халиун уулзуулдаггүй, нэг ийм салж сарнисан амьдралтай л болоод байна шүү, үнэнийг хэлэхэд.
-Тэгээд салаагүй юм байгаа биз дээ?
-Гэр бүлийн хүмүүсийн санал зөрөлдөхийг алийг тэр гэх вэ. Үргэлж биерүүгээ инээгээд л хайлсан тугалга шиг амьдрал хэнд ч байдаггүй биз дээ. Бид хоёр л лав маргалдах үедээ маргалддаг. Дээр нэг сар бид тусдаа амьдарсан юм. Тэрнийг л дэврээгээд яриад байхгүй юу.
-Таны эхнэр “Hugo Boss”-ын босс болсон юм билээ, тийм ээ?
-Ажил нь тэр юм даа. Захирал ч юу байх вэ, Hugo Boss чинь дэлхийн хэмжээний том брэнд. Том, том захирлуудтай. Халиуны дааж авсан ажил л эндэхийг хариуцах юм байлгүй.
-Зүгээр л хөндлөнгийн нүдээр харахад таны эхнэр их ширүүн дориун, нөхрөө барьдаг шиг харагддаг.
-Цаадахь чинь их дайчин, гялалзуур хүн шүү дээ. Гэхдээ алтны дэргэдэх гууль шарлана гэдэг шиг намайг дагаад тайван болж байгаа. Би чинь их уяхан, тайван хүн.
-NTV телевизээр та янз бүрийн мэргэжилтэй болж гарах юм. Энэ нэвтрүүлэг таны санаа юу, эсвэл та зөвхөн гол дүрд нь тоглож байгаа юм уу?
-“Ганаа мэргэжлээ сольсон нь” миний санаа л даа. Ийм нэвтрүүлэг хийе гээд хийгээд, өөрөө продюссерлэж байгаа.
-Хүүхдийн баярын үеэр “Нялхсын клиник”-ээс хийсэн нэвтрүүлгийг тань үзлээ. Их гоё, сэтгэлд дотно буусан?
-Угаасаа миний охин шиг л хүүхдүүд байгаа юм чинь, хайрлахгүй гээд яах билээ. Би уг нь хүүхэдгүй байхдаа хүний хүүхдийг хараад яасан хөөрхөн хүүхэд вэ энэ тэр гэж сүжирдэггүй байсан юм. Хүмүүс хүүхдүүдээ тэглээ ингэлээ, хөлд орлоо, тэгж хэллээ гээд ярихад нь тэрхэн үедээ, тийм үү гээд л гуйвуулна. Дотроо бол юун сүртэй ч юм билээ дээ гэж бодсон шиг ээ. Тэгсэн охиноо төрсөн чинь нөгөө хүүхдүүдээ ярьдаг хүмүүсийн дунд нь орчихсон ярьж яваа юм чинь. Охин тэгээд ингээд гээд л. Би ийм жаргалыг аль дээр мэдрэхгүй дээ гэж бодсон шүү. Би чинь 29-тэйдөө охинтой болсон хүн шүү дээ.
-Одоо охин тань том болоо биз дээ?
-Одоо таван настай. Бөөн маяг. Ээжийгээ дууриасан шиг байгаа юм. Будаг шунх, эргүүлээд л. Нэг л их гангалсан амьтан. Заримдаа нүд амных нь будаг арилахгүй ээ. Пламастер, бал гээд арилахгүй юмаар будчихдаг шиг байгаа юм.
-Эргээд дөрвүүлээ студид зогсоод дуулахаар ямар мэдрэмж төрж байх юм?
-Аз жаргалтай байгаа юм чинь. Ямар гоё юм бэ, би жаргалтай байна аа гэж тэр үед хэнээс ч ичиж зоволгүй хэлдэг. Аргагүй шүү дээ, бид дөрөв бүр багаасаа үерхсэн найзууд юм чинь, хэн нь хэнээсээ ичих билээ. Хааяа хэн нэгний төрсөн өдрөөр дөрвүүлээ нийлж дуулахаас өөрөөр сүүлийн таван жил хамт тайзан дээр гарсангүй.
-“Камертон”-д уналтын үе гэж нэрлэгдэхээр он жилүүд бий юү?
-1998, 1999 оны үеүд юм уу даа.
-Юу болоод уначихав аа?
-Бүгд лаг од болчихгүй юу. Хаданд авираад л байсан, хэн нь түрүүлж орой дээр нь гарах нь вэ гээд үзэж тарсан.
-Хадны орой дээрээс юу харагддаг юм байна?
-Юу ч харагдахгүй шүү дээ. Өөрөөсөө өөрийг олж харахгүй. Бид арай орой дээр нь гарч солиоролгүй нэг юм буусан. Хадан дээр авирч байхад надаас бусад нь утгагүй, хүн биш санагддаг юм билээ.
-Та нэг юманд зориод авч байж салдаг уу, бүтэхгүй бол болъё, амь биш заяа биш гэдэг хүн үү?
-Хоёрдахь нь л байх аа даа. Нэг юм хөөцөлдөөд бүтэхгүй бол за за, болъё гэдэг хүн. Шантрамтгай, туйлбаргүй гэх юм уу даа.
-Үгүй, хүн чаддаг, чаддаггүй ч өөрийгөө аятайхнаар, мундагаар ойлгуулахыг хичээдэг дээ. Хүмүүс дандаа л эхнийхийг нь сонгодог?
-Би энд худлаа яримааргүй байна шүү дээ. Худлаа нэг их мундаг хүн болоод мэдэмхийрчихвэл чи бид хоёрын тохиролцсон сэтгэлийн яриа шал худлаа болчихно биз дээ. Халирамтгай байж үгүй ээ, би шаргуу хүн гэж хэлвэл хэн хэний маань цагийн гарз болоод өнгөрөх, өнгө будаггүй усан яриа болно байлгүй.
-Та бусдаасаа арай л хоцроод байгаа юм биш үү. Нөгөө гурав чинь өөрийн гэсэн бизнесээ айхтар цэцэглүүлж байна?
-Миний туйлбаргүй зан байхгүй юу. Бүтэхгүй бол болъё гэдэг. Гэхдээ оройтоогүй ээ, би залуу байна. Хийх ажил их байна. Зорилго байна, хийх хүсэл байна. Ийм байхад болно биз дээ.
-Та хэн нэгнийг гомдоож үзсэн үү?
-Үзсэн байх аа. Нөгөө гурваа бишгүйдээ нэг гомдоогоо биз. Гэхдээ бид нэгэндээ туниад хаа холдох вэ. Ер нь бид биедээ контролтой л доо. Жаахан хэтрүүлбэл хөөе, яагаад байна гэж сануулна. Хаа очиж бид нэгнийхээ хамраас цус гаргаж үзээгүй. Үг сөргөх үе байсаан, байсан. Гэхдээ энэ олон жил үерхэж нөхөрлөхдөө ердөө ч зодолдож үзээгүй.
-Ингэхэд танай хамтлагийн Болд гадаад төрхөө янз бүрээр өөрчлөх юм. Эмэгтэй хүнээс хэд дахин илүү, илбэ шидтэй юм шиг нэг тураад, эсвэл таргалаад л гадаад төрх нь нүд ирмэх зуур өөр болчихно. Та ингэж үзсэн үү?
-Би чадахгүй юм билээ. Туръя гээд хэд хоног хоол сойгоод шантарчихна. Миний туйлбаргүй зантай холбоотой байх л даа. Гэхдээ би хэт турахаараа муухай болчихдог юм билээ. Сингагаас нэг ирэхдээ айхтар турсан байсан юм. Хүмүүс царай алдсаныг маань гайхаад, хөгшид хүүд олигтой хоол өг гээд зүгээр байлгахгүй. Тэгэхээр ингэсгээд л, хэт таргалчихгүй байвал болоо.
-Камертончууд дээр үед Синга явлаа, тийм дуутай ирлээ гэдэг байж билээ. Одоо бодоход ид залуу , Монголын “од” дөрвөн залуу хүний нутаг гүний хошуунд дуу хуураас өөрийг бас амжуулдаг байсан байх гэсэн харын сэтгэл төрж байна?
-Хөлөөрөө толгой хийнэ үү, толгойгоороо хөл хийнэ үү хамаагүй гэж үү. Үгүй шүү. Нэгдүгээрт шоудаад янз бүр болоод явах хоолойнд муу. Хоёрдугаарт мөнгөгүй хүмүүс хэчнээн хүсээд хаа холдох билээ. Синга охид “no money no honey” гэнэ шүү дээ. Манайхныг бодвол эрт бизнес сэтгэлгээ суусан.
-Та юунд зорьж, юунд тэмүүлж амьдарч байна вэ?
-Сайхан амьдрахыг л зорьж байна. Гэхдээ энэ зорилготой дуу хөгжим салшгүй холбоотойг мэдэрсэн. Ер нь надад урлаг уран сайхан хөөгөөд явж байвал жаргал шиг байгаа юм.

Comments (0)