Тэд улстөр, урлаг соёл, төрийн бодлого, түмний эрх ашиг ярихгүй, мэдэх ч үгүй. Бас өөрийн туулсан амьдрал, туршлага мэдлэгийг хуваалцаж, бусдад сургааль, жишээ айлдах хэмжээний оюун ухаантай биш. Тэд зүгээр л гэгээн ертөнцийнхөн. Тэр ертөнцийн инээдэмтэй, зах замбараагүй, заримдаа “тэнэг” гэмээр амьдралыг өгүүлэх нь манай энэ булангийн зорилго. Нийслэлийн нэг сая дахь иргэн М.Тэмүүлэнгийн ертөнцөөр энэ удаа зочилъё.
Тэмүүлэн хаа байсан шөнийн гурван цагаас ээжийгээ өвдөж зовоочихоод гарч өгөхгүй новширсоор байгаад өдрийн 12 цаг болгосон байгаа юм. Нийслэлийн нэг сая дахь иргэн болох гээд л ингээд байж л дээ. Түүний төрсөн өдөр нь бас тохиолтой. Гахай жилийн гахай өдрийн морин цагт ээжийнхээ 37-ны жил дээр орчлонд ирсэн “шилийн сайн эр”.
Нийслэлийн нэг сая дахь иргэнээс гурван жаалыг тодруулсны нэг нь болсны хувьд тэрээр нэг өрөө байраар шагнуулсан. Тэрийг нь аав ээж нь ам бол тавуулаа болохоор арай томсгож хоёр болгожээ. Бурхан түүнийг нааш явуулахдаа нэр дээр нь байрны ордер бичиж өгсөн гэхэд болно.

Бүр эхлэлээс нь яривал хүү охин хоёр нь том болж Энхмандахынх гэдэг айлд хэрэлдсэн юм шиг дөрвөн дүмбийсэн хүн амьдардаг болжээ. Энэ уйтгарт уур амьсгалыг шинэчлэгч хэрэгтэй болсныг мэдэрч эхэлж л дээ. Бага охин Анужины дүүтэй болох хатгаас ч нөлөөлсөн юм билээ. Тэгээд л “Тэмүүлэн” ажиллагаа амжилттай хэрэгжиж одоо тэнд сүүн шүдээ өм цөм хорхойд идүүлсэн том амьтан сууж байна. Гурван настай гэж байгаа.
Тэмүүлэн компьтер тоглоомны мастер. Ямар л тоглоом байна тэр бүгдийг баруун солгойгүй тоглоно. Онцлог нь ялж ялагдаж байгаа нь хамаагүй. Наашаа харж ярингаа цаанаа буудаад байгаа юм чинь, яаж хожих вэ дээ. Ер нь буу шийдэм, онгоц машины дуу гараад, дэлгэц дээр энд тэнд юм дэлбэрч л байвал болоо. Биднийг очиход лав гариг ертөнц сөнөөгөөд байх шиг байна лээ. Компьютерийн ард ганц суудал байдгийг хэлэх үү, ах эгч, аав ээжээс өрсч суусан л бол бостлоо “80 жил”. Босвол суудлаа алдчих гээд байгаа юм чинь. Ямар сайндаа суудал дээрээсээ “шээе” гэж нэг орилоод л аяганд санд мэнд “юу яаж” байх вэ дээ. Уг нь ямар нэгэн тусламж, саад тотгоргүй өөрөө нойл ороод бие засчихдаг “эрдэм чадалтай” юм билээ.
Аав ээжийн ажил амжихгүй, ахын конкурс эхлээд энэ айл Тэмүүлэнг хэн яаж харах вэ гэсэн айхтар том асуултын тэмдэгтэй тулгарч л дээ. Тэгээд Тэмка эгчийн хамт долоо хоногийн зургаан өдөр зуслан дээр айлд өнждөг болсон аж. Энэ зургаан өдөр аав ээжээ саналаа барилаа гэж хэл ам таталдаггүйн дээр биеэ зөв боловсон авч явдаг гэнэ.
Харин гэртээ ирэхээрээд энэ байдал нь багахан назгайрах шинжтэй болдог шиг ээ. Бидний очсон өдөр бүтэн сайн өдөр, ээж аав, эгч ах бүгд “Тэмүүлэн, Тэмүүлэн” гэж найр тавьсныг хэлэх үү, эрхлээд хэл яриа гэж авах юм алга. Таван үгнийхээ дөрөвт ямар нэгэн маяг шингээж хэлж байна. Хэлээ хазах, үгээ цааш залгих мэтээр эрхлэлт гэдэг “эмгэг” нь илэрнэ. Уг нь ингэж “шалчигнахгүй” бол үнэхээр догь залуу. Анх цэцэрлэгт өгөхдөө аав ээж нь одоо яана даа, сар уйлах байх даа гэж хаширч, хаширч очсон чинь уйлж унжих нь битгий хэл баяртай гээд л гар даллан инээд цацруулан хоцорсон гээд бод л доо. Уг нь есөн сарын 1 гэдэг цэцэрлэгийн пацаануудын хувьд “хар өдөр” байдаг санагдана. Ээж аавынхаа энгэрээс зүүгдэж явуулахгүй новширцгоогоод, тэрүүхэндээ өрөвдөм инээдмийн жүжиг болдог доо. Гэтэл Тэмүүлэн эсрэгээрээ шүү. Янз бүрийн шалтаг гаргаж гомдоллох нь ч ховор.
Ой хүрээд хэлд, хөлд зэрэг орсон түүний орчлонд ирээд ямар нэг утга илэрхийлж бүтэн хэлсэн анхны үг нь “хайртай”. Дараагийнх нь “ааваа”. Туршилтын маягаар анх удаа юм хэлж байж юун ч “Р” үсэг орсон, аальгүй үг хэлэх дуртай юм бэ дээ. Энэ том болоод нэлээн бужигнуулсан нөхөр болох дэг шүү. “Ааваа”-г бол за яахав, аав гомдчихно хэлсэн болъё гээд унагасан байлгүй.
Цагдаагийн голдуу машинд дурладгийг нь бодвол цэрэг цагдаа талын хүн болно гэж таамагламаар. Харин өөрийн мэргэжлийн энгээс харах юм бол нүд нь эргэлдсэн, гайгүй сайн сэтгүүлч болмоор. Аманд нь бичлэг хийлээ гээд утас дөхүүлбэл “Болжмо болжмо өөхөн дөө...”, “Того-уу анжийн үүхэлдэй...” өөр юу юу билээ мэддэг чаддагаа бүрэн бүтнээр нь итгэл үнэмшил дүүрэн уншиж, дуулж өгөх юм. Ээжийнхээ утсаар өөрийнхөө дуу шүлгийг сайн дураараа бичиж аваад оройжин эргэж сонсч, өөртөө дүгнэлт хийдгийг нь бодохоор сэтгүүлч болж магадгүй ээ.
Ер нь нөхөр Тэмүүлэнгийн өсөлт хөгжилтөд ээж Тунгалаг, аав Энхмандахын идэвх оролцоо хамаагүй хөнгөн юм билээ. Том ах Билгүүн нь улаан сагсчин болохоор дүүгээ спорт тал дээр нь найдвартай даах юм байх. Эгч нь болохоор өөр шигээ зургаан наснаас нь эхлэн бичиг үсэг зааж хятад ханзыг ирийтэл нь бичдэг болгох зорилго тавьсан байна. Одооноос “сагсчдын” бэлтгэл эхэлж гэрээ нураахаас наагуур юм болдог гэнэ. Нэг орой ирэхэд гэрлийн шил байхгүй, нөгөө гурав нь юу ч болоогүй юм шиг сууж байж. Хагалсан эзнээр Анужин гэсэн эмэгтэй нэр тодорч ч байх шиг. Мэдээж энэ хэргийн эзнийг тодруулахад Тэмүүлэнгийн хов өндөр байр суурь эзлэсэн нь ойлгомжтой. Энэ ховны эзэн жижигхэн шийдэн дээрээ овгор нь. Гоол ч сайтай. Тохно, цацна, гурваас шиднэ, үнэн лаг.
Тэмүүлэн ба тоглоом гэсэн сэдвийг сөхөхөд аав ээж нь цагдаагийн голдуу машины цуглуулгатай, тоглож суухдаа настай өвгөн шиг ганцаараа чалчиж гардаг, тоглоомондоо гамтай, хайртай, эвдэлдэггүй гэж “өмөөрцгөөв”. Харин Тэмүүлэнгээс тоглоомоо эвдэлдэг үү гэж асуугаад эерэг хариу авсан дариу барьж байсан машиных нь нэг дугуй салаад ойчно лээ.
Нийслэлийн нэг сая дахь иргэн нэг иймэрхүү өсөн бойжиж байна. Тэр тун удахгүй нэг их худлаа ярьдаг болно, дараа нь А, Б-г сурах гэж баахан будилна. Бичиг цаасны ажил нь жаахан цэгцрээд ирэхээр дэггүйтэж, болж өгвөл охидын гэзэг үснээс зулгаах сонирхолтой болно. Өсвөр насны гэнэн үе түүнийг бас хүлээж буй. Ингээд л том эр болно доо.

Comments (0)