Морин хуурын чуулга Цагаан сарын үеэр хэд хэдэн аятайхан клип хийлгэж, тэрүүгээр нь телевизүүд баярын үеэр чимлээ дээ. Тэр клип дунд европ хувцастай хуурч Enniо Morricone-ий “Playing love”гоцлон тоглодог, санаж байна уу. Удирдаач Д.Түвшинсайхан, гоцлооч Н.Жигжиддорж гэсэн автортай. Тэр олон хуурчдаас цойлж гоцлон байгаа “Шинэ нэр”-ийг танилцуулъя. Хөгжим бүжгийн сургуулийн дөнгөж нэгдүгээр курсын оюутан байж Морин хуурын чуулгын нэг номерын гочлооч болсон “том хуурч”-ийг багаас нь мэддэгийн хувьд ямар жаахан амьтан байсан талаар эхлээд бичье.
Жийгээ чинь бага ангидаа шувууны ангаахай шиг нялх царайтай, жижигхээн хүү байсан юм шүү дээ. Тэгсэн мөртлөө том яриатай гэж яана, хаа байсан дөрөв таван насны зөрүүтэй юм байж хөөе, чи, найзуудаа ч гэх шиг чацуурхана. Эрдэнэтийн хөгжмийн сургуулийн тэр үеийн сурагчдаас Жийгээ хамгийн “лаг” нь байсан юм. Харин одоо Морин хуур чуулгын хамгийн “лаг” нь болчихсон байна. Авъяасгэдэг бурхнаас өгсөн хишиг гэж яасан үнэн үг вэ гэдгийг Жийгээ хуурдах болгондоо мэдрүүлнэ. Мэдрүүлэх биш ээ, түүнийг хуурын эгшгээс мэдэрнэ.

Аав, ээж хоёр нь хоёул багш. Тавдугаар ангийн жаахан хүүгээ Хөгжим бүжгийн коллежид сургахаар явуулсан бөх зүрхтэнүүд дээ. Жийгээг жаахан болохоор энд тэндэхийн найр хуримд байнга залдаг байсан юм. Найм, есхөн настай, дээр нь биеэр жижиг. Тэгсэн мөртлөө хуурыг ч татаж өгдөг байсан болохоор хүмүүс ангаахай шиг гэж өхөөрдөн байж гэрийн жавраа үргээлгэх сонирхолтой. Хуурын багш нь хуримд явах муу, битгий яв гэдэг ч аав, ээжийн ажлын газрынхан, танил нөхөд, танихгүй байсан ч хүүгээ тэнд тоглуулаач гэхэд үгүй гэвэл үнэд орсон хэрэг болох болохоор явуулж л орхино. Ээж нь хуурыг нь үүрээд уйгагүй хүүгээ дагаж явдаг байж билээ. Одоо ч ээжээрээ хуур үүрүүлэлтгүй том болсон л доо.
Хөгжмийн сургуулийн бусад хүүхэд улиралд нэг удаа авдаг шалгалт гээд л бөөн юм болж байхад Жийгээ нэг их давтаж харагдахгүй. Дээгүүр харж явж байгаад л шалгалтаа 100 хувь өгөөд гараад ирнэ. Дээгүүр харна гэдэг явцуу дүгнэлт ч юм уу. Бодоод байсан Жийгээ яг давтаж байхдаа орчлонгоос тасарсан гэмээр болдог юм байна аа. Давтах хугацааныхаа минут секунд бүрийг алдалгүй ашигладаг болохоор 100 хувь авахгүй гээд яах вэ дээ. Нээрээ авьяас гэж сайхан юм аа, тордоод байвал биед зовлонгүй ундраад л байна. Жийгээ гаднаа яана аа, тэр зохиолыг ингээд тоглох юмсан гэж олон долоон юм ярьдаггүй ч сэтгэлдээ байнга хууртайгаа явдаг байх аа даа. Нэг удаа “Жийгээ ер нь чиний зорилго юу юм бэ” гэж гүн ухаан тал руугаа хариулт горьдон асуулаа. Тэгсэн бүр нэг шийдсэн хүн шиг “Мэдээж сайн хөгжимчин болох” гэж хариулж билээ.
Бүх сэтгэлээрээ уусан шингэн тоглож, мэдэрч, сурч буй хөгжмөө тэр жинхэнэ сонгодог хөгжим гэж тодорхойлдог. Энэ сонгодог хөгжмөөрөө Мөрдоржийн нэрэмжит мэргэжлийн хөгжимчдийн уралдаанаас гуравдугаар байрын шагнал, Жамъянгийн нэрэмжит мэргэжлийн морин хуурчдын хоёрдугаар уралдаанаас гурав, энэ жил зохиогдсон гуравдугаар уралдаанаас нь хоёрдугаар байрын шагнал хүртсэн. Өмнөх хоёр шагналыг нь арван жилийн сурагч байхдаа авсан юм шүү дээ. Саяхан зохиогдсон морин хуурчдын гуравдугаар уралдааны дараахан нэг сонин дээр Монголын толгой морин хуурчийг эрж яваад ярилцлаа гэсэн оршилтой Нанзаддоржийн Жигжиддоржийн ярилцлага гарсан байна. Нөгөө жаахан Жийгээ чинь төр урлагт анхаарахгүй байна, Америкийн ерөнхийлөгч тангараг өргөх ёслол дээрээ зохиолын дуу дуулуулахгүй байгаа биз дээ, морин хуураараа дэлхийд танигдъя гэх маягийн том, том юм ярьжээ. Гайхлаа, Жийгээ мөн үү гэж. 10 жилийн нөгөө жаахан ангаахай тэс өөр, урлаг уран сайхан ярьсан, бүр төрийн бодлогыг шүүмжилсэн том эр болж. Энэ чинь болоогүй ээ, жаахан юм байж, өөрөөсөө тав зургаан насаар ах хүүхдүүдтэй найзалдаг байсан юм. Бид болохоор жаахан юм байж, томчуудтай нийллээ энэ тэр гэж баахан “жийнэ”, тоглоомоор л доо. Одоо бодоод байсан өөртэйгөө чацуу хүүхдүүдтэй найзлах гэхээр дөнгөж до, ре-гээ заалгаж байгаа “мангар пацаан”-ууд байсан байж л дээ.
Хоёр жилийн өмнө Жийгээтэй хоёр жил уулзаагүй байж байгаад таарлаа. Том оо залуу болчихож. Би ч эрх хүүхэд байсан болохоор нь аав ээжийгээ санаж байна уу гэж эхэлж асуув. Удаан хол байхаар санахаа больдог юм байна гэж хээв нэг хариулж байсан.
Чиний талаар бичиж байна аа, уулзаж ярилцъя гэж утасддаг юм уу гэснээ болилоо. Угаасаа мэдэх юм чинь юугаа ч асуух билээ дээ. Анхны цомгоо гаргах гээд бичлэг энэ тэр гээд бөөн ажил яваа хүнийг тэгж саатуулаад юүхэв гэж бодлоо. Нээрээ Жигжигддорж “Арга билэг” этно жааз хамтлагийн гишүүн болсон гэсэн. Этно жааз хөгжмийг морин хуураар яаж дуугаргах нь вэ гэдгийг нь цомгоо хийсний дараа нь сонсъё байз.
“Ангаахай” Жийгээг хэсэг баахан магтчихлаа. Цагаан хэл ам хүрэх вий дээ, түй түй.


Цааш унших



Тэд улстөр, урлаг соёл, төрийн бодлого, түмний эрх ашиг ярихгүй, мэдэх ч үгүй. Бас өөрийн туулсан амьдрал, туршлага мэдлэгийг хуваалцаж, бусдад сургааль, жишээ айлдах хэмжээний оюун ухаантай биш. Тэд зүгээр л гэгээн ертөнцийнхөн. Тэр ертөнцийн инээдэмтэй, зах замбараагүй, заримдаа “тэнэг” гэмээр амьдралыг өгүүлэх нь манай энэ булангийн зорилго. Нийслэлийн нэг сая дахь иргэн М.Тэмүүлэнгийн ертөнцөөр энэ удаа зочилъё.
Тэмүүлэн хаа байсан шөнийн гурван цагаас ээжийгээ өвдөж зовоочихоод гарч өгөхгүй новширсоор байгаад өдрийн 12 цаг болгосон байгаа юм. Нийслэлийн нэг сая дахь иргэн болох гээд л ингээд байж л дээ. Түүний төрсөн өдөр нь бас тохиолтой. Гахай жилийн гахай өдрийн морин цагт ээжийнхээ 37-ны жил дээр орчлонд ирсэн “шилийн сайн эр”.
Нийслэлийн нэг сая дахь иргэнээс гурван жаалыг тодруулсны нэг нь болсны хувьд тэрээр нэг өрөө байраар шагнуулсан. Тэрийг нь аав ээж нь ам бол тавуулаа болохоор арай томсгож хоёр болгожээ. Бурхан түүнийг нааш явуулахдаа нэр дээр нь байрны ордер бичиж өгсөн гэхэд болно.

Бүр эхлэлээс нь яривал хүү охин хоёр нь том болж Энхмандахынх гэдэг айлд хэрэлдсэн юм шиг дөрвөн дүмбийсэн хүн амьдардаг болжээ. Энэ уйтгарт уур амьсгалыг шинэчлэгч хэрэгтэй болсныг мэдэрч эхэлж л дээ. Бага охин Анужины дүүтэй болох хатгаас ч нөлөөлсөн юм билээ. Тэгээд л “Тэмүүлэн” ажиллагаа амжилттай хэрэгжиж одоо тэнд сүүн шүдээ өм цөм хорхойд идүүлсэн том амьтан сууж байна. Гурван настай гэж байгаа.
Тэмүүлэн компьтер тоглоомны мастер. Ямар л тоглоом байна тэр бүгдийг баруун солгойгүй тоглоно. Онцлог нь ялж ялагдаж байгаа нь хамаагүй. Наашаа харж ярингаа цаанаа буудаад байгаа юм чинь, яаж хожих вэ дээ. Ер нь буу шийдэм, онгоц машины дуу гараад, дэлгэц дээр энд тэнд юм дэлбэрч л байвал болоо. Биднийг очиход лав гариг ертөнц сөнөөгөөд байх шиг байна лээ. Компьютерийн ард ганц суудал байдгийг хэлэх үү, ах эгч, аав ээжээс өрсч суусан л бол бостлоо “80 жил”. Босвол суудлаа алдчих гээд байгаа юм чинь. Ямар сайндаа суудал дээрээсээ “шээе” гэж нэг орилоод л аяганд санд мэнд “юу яаж” байх вэ дээ. Уг нь ямар нэгэн тусламж, саад тотгоргүй өөрөө нойл ороод бие засчихдаг “эрдэм чадалтай” юм билээ.
Аав ээжийн ажил амжихгүй, ахын конкурс эхлээд энэ айл Тэмүүлэнг хэн яаж харах вэ гэсэн айхтар том асуултын тэмдэгтэй тулгарч л дээ. Тэгээд Тэмка эгчийн хамт долоо хоногийн зургаан өдөр зуслан дээр айлд өнждөг болсон аж. Энэ зургаан өдөр аав ээжээ саналаа барилаа гэж хэл ам таталдаггүйн дээр биеэ зөв боловсон авч явдаг гэнэ.
Харин гэртээ ирэхээрээд энэ байдал нь багахан назгайрах шинжтэй болдог шиг ээ. Бидний очсон өдөр бүтэн сайн өдөр, ээж аав, эгч ах бүгд “Тэмүүлэн, Тэмүүлэн” гэж найр тавьсныг хэлэх үү, эрхлээд хэл яриа гэж авах юм алга. Таван үгнийхээ дөрөвт ямар нэгэн маяг шингээж хэлж байна. Хэлээ хазах, үгээ цааш залгих мэтээр эрхлэлт гэдэг “эмгэг” нь илэрнэ. Уг нь ингэж “шалчигнахгүй” бол үнэхээр догь залуу. Анх цэцэрлэгт өгөхдөө аав ээж нь одоо яана даа, сар уйлах байх даа гэж хаширч, хаширч очсон чинь уйлж унжих нь битгий хэл баяртай гээд л гар даллан инээд цацруулан хоцорсон гээд бод л доо. Уг нь есөн сарын 1 гэдэг цэцэрлэгийн пацаануудын хувьд “хар өдөр” байдаг санагдана. Ээж аавынхаа энгэрээс зүүгдэж явуулахгүй новширцгоогоод, тэрүүхэндээ өрөвдөм инээдмийн жүжиг болдог доо. Гэтэл Тэмүүлэн эсрэгээрээ шүү. Янз бүрийн шалтаг гаргаж гомдоллох нь ч ховор.
Ой хүрээд хэлд, хөлд зэрэг орсон түүний орчлонд ирээд ямар нэг утга илэрхийлж бүтэн хэлсэн анхны үг нь “хайртай”. Дараагийнх нь “ааваа”. Туршилтын маягаар анх удаа юм хэлж байж юун ч “Р” үсэг орсон, аальгүй үг хэлэх дуртай юм бэ дээ. Энэ том болоод нэлээн бужигнуулсан нөхөр болох дэг шүү. “Ааваа”-г бол за яахав, аав гомдчихно хэлсэн болъё гээд унагасан байлгүй.
Цагдаагийн голдуу машинд дурладгийг нь бодвол цэрэг цагдаа талын хүн болно гэж таамагламаар. Харин өөрийн мэргэжлийн энгээс харах юм бол нүд нь эргэлдсэн, гайгүй сайн сэтгүүлч болмоор. Аманд нь бичлэг хийлээ гээд утас дөхүүлбэл “Болжмо болжмо өөхөн дөө...”, “Того-уу анжийн үүхэлдэй...” өөр юу юу билээ мэддэг чаддагаа бүрэн бүтнээр нь итгэл үнэмшил дүүрэн уншиж, дуулж өгөх юм. Ээжийнхээ утсаар өөрийнхөө дуу шүлгийг сайн дураараа бичиж аваад оройжин эргэж сонсч, өөртөө дүгнэлт хийдгийг нь бодохоор сэтгүүлч болж магадгүй ээ.
Ер нь нөхөр Тэмүүлэнгийн өсөлт хөгжилтөд ээж Тунгалаг, аав Энхмандахын идэвх оролцоо хамаагүй хөнгөн юм билээ. Том ах Билгүүн нь улаан сагсчин болохоор дүүгээ спорт тал дээр нь найдвартай даах юм байх. Эгч нь болохоор өөр шигээ зургаан наснаас нь эхлэн бичиг үсэг зааж хятад ханзыг ирийтэл нь бичдэг болгох зорилго тавьсан байна. Одооноос “сагсчдын” бэлтгэл эхэлж гэрээ нураахаас наагуур юм болдог гэнэ. Нэг орой ирэхэд гэрлийн шил байхгүй, нөгөө гурав нь юу ч болоогүй юм шиг сууж байж. Хагалсан эзнээр Анужин гэсэн эмэгтэй нэр тодорч ч байх шиг. Мэдээж энэ хэргийн эзнийг тодруулахад Тэмүүлэнгийн хов өндөр байр суурь эзлэсэн нь ойлгомжтой. Энэ ховны эзэн жижигхэн шийдэн дээрээ овгор нь. Гоол ч сайтай. Тохно, цацна, гурваас шиднэ, үнэн лаг.
Тэмүүлэн ба тоглоом гэсэн сэдвийг сөхөхөд аав ээж нь цагдаагийн голдуу машины цуглуулгатай, тоглож суухдаа настай өвгөн шиг ганцаараа чалчиж гардаг, тоглоомондоо гамтай, хайртай, эвдэлдэггүй гэж “өмөөрцгөөв”. Харин Тэмүүлэнгээс тоглоомоо эвдэлдэг үү гэж асуугаад эерэг хариу авсан дариу барьж байсан машиных нь нэг дугуй салаад ойчно лээ.
Нийслэлийн нэг сая дахь иргэн нэг иймэрхүү өсөн бойжиж байна. Тэр тун удахгүй нэг их худлаа ярьдаг болно, дараа нь А, Б-г сурах гэж баахан будилна. Бичиг цаасны ажил нь жаахан цэгцрээд ирэхээр дэггүйтэж, болж өгвөл охидын гэзэг үснээс зулгаах сонирхолтой болно. Өсвөр насны гэнэн үе түүнийг бас хүлээж буй. Ингээд л том эр болно доо.


Цааш унших


МҮОНРТ-ийн кино албаны дуу оруулагч Ж.Дарамсүрэнтэй ярилцлаа. Түүнтэй ярилцахад яг л кино үзээд сууж байгаа юм шиг.
-Гадаа ч ёстой нохой гаслам гээчийн халуун байна аа?
-Хэлээд юүхэв. Би гэртээ байгаа мөртлөө халууцаад сэнс тавиад сууж байна.
-Дуу оруулагчдаас хамгийн ахмад нь та байна уу?
-Монголдоо гэж ярихад хамгийн ахмад нь би болоод байна шүү. Аль ч телевиз дээр миний үеийн над шиг олон жил ажилласан хүн байхгүй байх. Манай Цэмпилмаа бид хоёр л ахмад нь юм уу даа. Би бол Кино үйлдвэрт 30 жил ажиллаад Үндэсний телевизэд 15 жил ажиллаж байна даа.

-Үндэсний телевизийн дуу оруулагчид бусад телевизийн кино албаны дарга, продюссерууд болсон харагдаад байх юм?
-Дарга нь болох юм, киноны гол хүн болох юм. Энд дөрөө олоод гардаг юм байгаа биз дээ. Манайд чинь Элбэгсайхан гэж мундаг дуу оруулагч байлаа шүү дээ, нас барсан, хөөрхий. Цэмпилмаа, Наранбаатар, Батцэцэг, Ялалт, Энхбаяр гээд мундагууд байна аа.
-Телевизүүдийн орчуулгын киноны дуу оруулалт арай хэтэрлээ. Кино үзэхээс дургүй хүрмээр, тэр дуу оруулагч нь түгдэрч, гацаад аль хүн нь юу яриад байгааг ялгаж сонсох гэж бас нэг авъяас шаардагдаад байх юм. Та энэ шүүмжлүүлээд байгаа хүмүүст туршлагаасаа хуваалцаач?
-Одоо бол өөр л дөө. Дээр үед Кино үйлдвэр ам барьдаг байлаа шүү дээ. Ам барихад зүгээр прокатнаас кино аваад, интернэтээс татаад одоогийнх шиг оруулахгүй. Кино Оросоос ч юм уу хаанаас ч юм, хөгжим, чимээ, дуу нь тусгай ирдэг байсан юм. Тэр тус тусдаа юманд нь монголоор ам барина. Инээвэл инээнэ, уйлвал уйлна, дуулвал дуулна. Одоо ийм тусгай юм ирэхгүй байгаа юм. Цаана нь хүн инээж, уйлж хашгираад явж л байдаг наана нь бид ам барихгүй ч гэсэн тэр хүнийхээ ярьж байгаа эхлэл төгсгөлийг тааруулаад дуу оруулж байгаа юм. Бусад телевизийн хувьд чиний хэлж байгаа үнэн л дээ. Ганц хоёрхон хүн кинонд орж байна. Жишээлэхэд “Загалмайлсан эцэг” гэж мундаг кино байна шүү дээ, тэрийг ганцхан эрэгтэй хүн уншсан гээд бодчих. Тэгэхээр яаж олигтой юм болох вэ дээ. Тэр олон хөгшин залуу, янз бүрийн ааш аягтай дүрүүдийг ганцхан хүн илэрхийлэхээр хүн үзсэн болох уу. Телевизүүд олон хүнд мөнгө өгөхгүй гээд цөөхөн хүнээр уншуулдаг юм байлгүй.
-Орчуулга нь бас их нөлөөлдөг юм шиг ээ. Кино театр “Кунфу панда” гээд хүүхэлдэйн кино үзлээ. Дараа нь телевизээр гарахаар нь үзсэн чинь, хайран киног яйран болтол нь сэглэсэн байна лээ дээ. Үзэхээс дургүй хүрмээр?
-Харин тийм, орчуулга их хамаарна. Орчуулга сайн байгаад дуу сайн оруулбал төрөлх хэл дээр үзэж байгаа юм шиг. Манай үндэсний олон нийтийн телевиз тэр талаараа өөр өө. Туршлага нь ч илүү, монголын анхны телевиз гэдэг утгаараа, дуу оруулж байгаа хүмүүс нь ч гэсэн үе үедээ тааруулж дуу оруулдаг. 45-аас дээш насны дүрд голдуу би ч юм уу, Нэргүйбаатар явна. Ахимаг насны эмэгтэйчүүдэд Цэмпилмаа явна, залуучуудад болохоор манай СУИС-ыг төгссөн залуучууд явна. Нэг кинонд доод тал нь таван хүн ордог юм. Дүрээ хуваарилаад орохоор сайхан өнгө нь ялгараад үзэхэд, ойлгомжтой, хүртээмжтэй болдог. Бусад телевиз нэг хүн харилцан ярьж байгаа хоёр хүний дуу оруулаад байх юм байна шүү дээ. Дуугаараа лав ялгарахгүй, нэг хүнийхээ үгийг эхлээд, дуусч байгааг нь тааруулахгүй цаашаа залгаад нөгөө хүнийхээ ярианд орохоор аль нь ярьж байгаа нь ялгагдахгүй болчих юм. Би гайхдаг юм, бичиж л байвал яваад байдаг юм уу даа гэж. Чанартай хийе гэж боддог юм уу үгүй юм уу, мэдэхгүй. Арилжааны телевизүүд кино гаргаж хүнд гоё юм үзүүлье гэхээсээ илүү кинон дундуур рекламаа гаргаж мөнгө олох гэдэг юм уу гэж боддог юм.
-Хүүхдийн дууг яаж оруулдаг юм бэ?
-Манайд хүүхэд гүйж ирээд оруулна гэж байхгүй шүү дээ. Манай дуу оруулж байгаа залуу охидууд тав, арван настай хүүхдийг дууг хийнэ. Ээж, охинд зэрэг дуу оруулж байгаа тохиолдол зөндөө байна. Залуучууд 15-аас дээш насны эрэгтэй хүүхдийн дууг бол хийчихнэ. Долоо наймтай бандид бол эмэгтэй хүн хийхээс өөр арга байхгүй, залуучуудад ахаддаг юм.
-Та хамгийн доод тал нь хэдий хэрийн насны хүний дуу хийж байв аа?
-Залуу байхдаа хийж байсаан. Би чинь 1968 онд анх удаа дуу хийж үзсэн гэхээр одоо 42 жил болж уу. Энэ хооронд оруулаагүй дуу хоолой алга. Залуу байхад жаахан ахимаг настай хүний дуу хийхэд буурь суурьтай дуугар гэж загнуулж л байсан. Одоо залуу дуугар гэж загнуулдаг болоод байна. Өвгөн хөгшин, дарга сайд, генерал менерал гэсэн хүмүүсийн дуу хийдэг болсон байна шүү дээ, одоо.
-Дуу оруулахад их самбаа шаарддаг байх?
-Тэр чинь гол нь. Чиний хэлдгээр, авхаалж самбаатай байж хийдэг ажил. Бид радиод заримдаа өгүүллэг зохиол унших ч юм уу дуу оруулдаг юм. Радиод очихоороо баримжаа алдчихна. Дүрстэй юманд бол баримжаатай. Дүрсээрээ барижаа аваад, чихээрээ сонсоод уртаа орчуулсан зохиол, микрофоноо тавьчихаад нүдээрээ киногоо нэг харна, зохиолоо нэг харна, чихээрээ сонсоно, амаараа ярина, бүх эрхтэн ажиллаж байдаг. Мэдрэмж хамгийн чухал юм даа. Тэр хүн уурлаж байвал би хашгирахгүй ч гэсэн уурлаж байгаа маягаар үгээ хэлдэг. Баярлаж байвал, баярлаж байгаа маягаар, инээж байвал инээж байгаа юм шиг ярина. Би өөрөө инээхгүй тэгсэн мөртлөө инээсэн хүн өөр ярина аа даа. Зүгээр наана нь уншаад байвал ямар ч хэрэг байхгүй, үзэж байгаа хүн унтана. Би 1967 оноос кино үйлдвэрийн дуу бичлэгийн цехэд ажилласан хүн. Дуу бичлэгийн техникч хийж байгаад дууны оператор болсон. Миний хийж байсан ажил бол Кино үйлдвэрийн алтан үеийнхний ам барьж байгааг аппарат дээр бичиж авах байсан. Тэгэхэд миний толгойд үргэлж тэдний үг яаж хэлж байна гэсэн бодол эргэлдэж, дагаж хэлж сургуулилдаг байсан. Одоо бол нэг их сайн аманд нь тааруулахгүй байгаа шүү дээ, бид нар. Тухайн үед амьсгаа авсан газар нь аваад, амны товшилтод яг тааруулж хийдэг байсан. Тэднээс сурсан зүйлээ Цэмпилмаа бид хэд энэ хүүхдүүддээ зааж сургаж явдаг юм.
-Янз бүрийн орны кинонд дуу оруулсаар байгаад хэлийг нь гадарладаг болсон байх, тийм ээ?
-Хятад солонгосыг бодох юм бол англи орос арай дээр ээ, сонсоод хийхэд. Үгээ хэлж байхдаа нөгөө хүнийхээ хэлж байгаагаас хоцорч, түрүүлж, таарч байгаагаа баримжаална. Ялангуяа орос кино баримжаатай шүү дээ. За тэр өөр хэл бол баримжаа байдаггүй юм. Хятад, Японыг нэг дагаж үзээд, үгнүүд нь хэдийд хаана эхэлж дуусч байгааг баримжаална даа. Манайх нэг хүн хазгай, бүдэг хэлэх юм уу, би үгээ дууссан байхад нөгөө хүний ам ангалзаад илүү гарахыг зөвшөөрдөггүй юм. Уйгагүй өдөржингөө бичнэ. Бид их сайн ажиллалаа гэхэд өдөрт хоёр бүтэн кино орно. Тэгэхэд зарим телевизүүд өдөрт таван кино ороод, баримтат, хүүхэлдэй орчихлоо гээд тууж явж байдаг юм. Юу болж байгаа юм бүү мэд. Илүү дутуу хэлж байна уу, үгүй юу. Түрүүлээд дуусаад ард нь ам үлдвэл, ойлгов уу энэ тэр гэж үг нэмж хэлж байдаг юм. Ингэж байж л олон кино ордог юм байгаа биз дээ. Манайд Сүрэнхорлоо, Эрдэнэчимэг гэж дууны найруулагч, инженер хоёр эмэгтэй бий. Энэ хоёрын шаардлага өндөр. Олон жил ажилласан болохоор өөрсдөө ч айхтар мэдрэмжтэй болсон. Нэг л үг дутуу хэлэх юм уу, аргалах гээд үг нэмбэл шууд зогсооно. Үгээ тат, шах гэж дүрэмдэнэ шүү дээ.
-“Боловсрол” телевизийн орчуулгын кино их аятайхан шиг санагддаг?
-“Боловсрол” телевизэд манайхан бүгд байгаа. Би ч байгаа. Шилдэг кинонуудад нь очдог юм. Манай кино редакцийн дарга байсан Батцэцэг гэж хүүхэн Боловсрол телевизийн киног өөрийнхөө студид хийдэг юм. “Freeline” гэж студи байгаа. Тэнд Ялалт, Баттүшиг, Оюун гээд манайхан бүгд бий. Хааяа миний насанд таарах дүртэй кино байвал намайг дууддаг юм. “Боловсрол”-оор миний дуу гараад байхаар манай телевизийнхэн Дарамаа ах “Боловсрол”-д дуугараад байгаа юм уу гэж асуугаад байгаа. Өөр телевизэд дуугаргах дургүй. Миний хоолой ч андашгүй юм байна л даа. Гэхдээ яг нарийн гэрээ хийгээгүй болохоор бид завтай цагтаа, хагас бүтэн сайн өдөр хэдэн төгрөг нь хэрэгтэй гээд явдаг юм.
-Яг нарийн гэрээ гэж ямар гэрээ?
-Манай телевизэд өөрчлөлт орж байна аа. Уран бүтээлийн таван нэгдэл байгуулаад бүтцийн хувьд шинэчлэгдэж байгаа. Гэрээгээр ажиллаж байгаа хүмүүсийн хоёр гурвын үндсэн болгоод дээр нь Ганбаатар, Цовоо, Чоглоо, Баярмаа, Нарантуяа, Бямбаа гээд радио, телевизийн нэвтрүүлэгчид оруулахаар болсон.
-Хүмүүс таны дуу хоолойг сонсоод танимхайрна биз?
-Тэгдэг юм шүү. Талийгч Элбэгсайхан, би, Цэмпилмаа, Наранбаатар, Оюун бид хэд манай лагер руу салхинд гарах гээд Яргайтын нэг дэлгүүр оров оо. Хиам хэдэн кг-ыг, архи хэдэн шилийг авах юм бэ, ер нь талх авъя гээд шуугилдахгүй юу. Худалдагч бүр ангайчихсан, кино гараад байгаа юм уу гээд. Бид нар бөөн хөхрөөн болж билээ.
-Нэг тийм дотно санагдаад байдаг шүү дээ, телевизээр байнга сонсдог хоолой хажууд дуугарахаар?
-Ноднин бие муудаад гуравдугаар эмнэлэгт хэвтэв ээ. Манай өрөөнд нэг залуу хамт хэвтэж байсан юм. Гурав хоногийн дараа тийм байх аа, гурав хоног таныг хэн бэ гэж бодлоо. Манай хамаатны л хүн байна даа, нэг их дотно дуу, би танихгүй байна гэж бодлоо гэж байсан юм. Дуу сонсохгүй бол царай хараад танихгүй л дээ. Миний дуу хачин, чөтгөр шулам шиг сонсддог юм уу, хүн амьтан айдаг. Зэвүүн дуу ихэвчлэн хүнд тогтож санагддаг шүү дээ. Эсвэл тийм сайхан юм уу, мэдэхгүй.
-Аймшгийн ч юм уу, насанд хүрэгчдийн кинонд дуу оруулахад эвгүй санагддаг болов уу?
-Би иймэрхүү кинонд дуу оруулдаггүй. Аймшгийн кино л гэнэ, амьдралд байхгүй, гэдэс гүзээнээс нь янз бүрийн юм гарч ирж арзаганаад л. Болж өгвөл дуу хийхгүйг боддог юм. Үзэх ч дургүй. Ер нь нэг тиймэрхүү кино санагдвал, би хэрэггүй дээ л гэдэг юм. Хүүхэд залуучууд л их үздэг шиг байгаа юм. Арзаганаж, амилсан аймшгийн киног. Миний хоолой ч таардаггүй. Буурь, суурьтай хүмүүст л дуу оруулах талдаа. Инээдмийн, хошин шог талдаа бас их муу.
-Хүүхэлдэйд?
-Хүүхэлдэйд бол зөндөө оруулж байгаа. Санта клаус, баавгай, арслан талдаа.
-Таны үзэх дуртай кино гэж ямар кино байна аа?
-Би кино үзэх дургүй болсон. Өдөр болгон кино үзсээр байтал залхсан. Үзэх юм бол “Сэрэлт”, “Цогт тайж” гээд бүр хуучныхаа киног үзээд суувал сайхан. Би өөрөө ажиллаж байсан юм болохоороо ажиллаж байсан хуучны кинонуудаа харах дуртай. Тэрнээс одоогийн кинонд дургүй ээ. Гэхдээ гоё, гоё, кино бий. “Эх оронч” ч юм уу. Хүүхдүүд шиг “Бөгжний эзэн”, юу юу ч билээ кинонуудыг үзэхгүй ээ. Сайхан амьдралтай, хайр дурлал, зовлон жаргалтай кино сайхан л даа. 30, 40 жилд хэчнээн кино үзсэн юм бэ дээ. Хүүхэд байхад кино театр явах хорхой байсан л даа. Тэр хорхойгоороо Кино үйлдвэрт ажилласан байх.
-Та ажлаа дурлаж хийдэг үү?
-Залууст захидаг ганц зүйл чинь наадах чинь даа. Ажилдаа сонирхолтой бол ядардаггүй юм. Жаахан оройтвол манай залуучууд ядарлаа гээд л, маргааш болох уу гэх маягийн юм ярьж сунаж унаад байвал би загнадаг юм. Дургүй юм бол чи яах гэж ажил хийдэг юм, хөгшин би ядраагүй байхад чи ядарлаа гэлээ гээд. Үнэхээр хүн сонирхолтой ажлаа хийвэл ядардаггүй юм. Дуу оруулахаас гадна 1970-аад оноос хойш Кино үйлдвэрийн шум, чимээ гэж айхтар юмыг хийсэн хүн шүү дээ, би. Яриа, хөгжимнөөс гадна дуугарч байгаа зүйлийг шум гэдэг байхгүй юу. Хагарах, морь давхих, хаалга үүд хаагдах, зодолдох чимээнүүд байна шүү дээ. Би сонирхолтой тулдаа шумны битүү зааланд хорин хэдэн жил ядарлаа барилаа гэж хэлэлгүй ажилласан байгаа юм.
-Шум чимээг янз бүрийн байдлаар гаргадаг байлгүй?
-Тэгнэ ээ. Жишээлбэл “Мандухай цэцэн хатан” киноны шумыг хийж байхав тувт байлдаан. Хоёр гартаа хоёр сэлэм барьчихаад баатрын хувцас өмсөөд үзчихнэ шүү дээ. Заримдаа бичээд сонсоход шал өөр юм дуугарна. Сэлмээр сэлэмний дуу оруулахад шал өөр сонсогдож байхад зүгээр хоёр төмөр хавируулахад яг сэлэм дуугарах жишээтэй. Яг зөв өнгийг нь олох гэж юмаа эрээд давхичихна.
-Чимээ хийх гээд янз бүрийн юм цуглуулах уу?
-Манайд есөн шидийн хогтой жижиг өрөө байдаг байсан юм. Гадаа явж байхад данх хэвтэж байсан ч энэ шуманд хэрэгтэй гэж авсаар байгаад бөөн хог болсон. “Мандухай цэцэн хатан” киноны Исмэл, Мандухай хоёр тулалддаг хэсэг байдаг даа. Тэрний шумыг би их гоё болсон гэж боддог юм. Намайг цавчихад хажууд хоёр төмрөөр хан хан гэсэн ёнгинодог цуурайг нь хийгээд их гоё болсон.
-Сүү самарч байна гээд угаалгын нунтаг усанд хийж самардаг гэл үү?
-Халуун усанд угаалгын нунтаг хийж самрахаар яг сүү болно.
-Хүйтэн усанд болдоггүй юм уу?
-Болохгүй. Аяганд сүүтэй цай хийж байгаа дүрс дээр ус аягалж байгаа шум оруулбал шал худлаа болно. Хүйтэн ус шал өөр дуугардаг юм.
-Телевизэд та хэчнээн жил болчихов оо?
-Би чинь 1967 оноос хойш яг 30 жил ажиллаад байхад 1997 онд Кино үйлдвэр тарсан шүү дээ, Ер нь 1995 оноос телевизэд ирж кино уншиж байсан юм. Тэрнээс хойш хааяа нэг дуудахаар нь ирж дуу оруулаад явдаг байлаа. Сүүлийн долоо найман жил бараг үндсэн хүн шиг болсон л доо. Сая өөрчлөлт ороод бүр үндсэн болгоод авсан.
-Сая жинхэлсэн гэхээр сонин санагдаад байх юм. Дуу оруулсан Цэмпилмаа, Дарамсүрэн, Батцэцэг, Батхишиг гэж уншдаг баргил хоолойг Үндэсний телевизээр дээр үеэс хойш сонсч байгаа шүү дээ?
-Кино үйлдвэртээ л үндсэн байсан юм. Киноноос илүү телевизэд ирээд бидний нэр дуулдаж эхэлсэн шүү дээ. Хөгширсөн хойноо од болно гээд бид хөхрөлдөж байдаг юм. Телевизэд бид үндсэн биш, гэрээт жүжигчид, чөлөөт уран бүтээлч гэж явж байсан юм. Үндсэн болгосон тушаал, өчигдөр гарав уу, уржигдар гарав уу.
-Кино үйлдвэрт 30 жил ажилласан хүн янз бүрийн кинонд их бага хэмжээгээр орсон байлгүй?
-Кинонд орохоос зугтдаг байсан юм, их тэнэг байж. Одоо бодоход орж байдаг байж гэж боддог юм. Орсон бол одоо залуугийнхаа дүрийг хараад сууж байхгүй юу. Ганц нэг олны хэсэгт орсоон. Хүн дутаад байна гээд хуралд сууж байгаа маягаар суу гэх жишээний. “Говь хянганд тулалдсан нь” дээр япон хурандаа болгоно гээд үс засаад л малгай, хувцас өмсгөөд л Дамбадаржаагийн хийдийн тэнд Хятадын цагаан хэрмийг эзэлж байгаа зураг авсан юм. Дараа нь харсан чинь тээр тэнд хэдэн цэрэгтэй хамт, танигдах ч үгүй гарсан байна лээ. Сүүлийн үед хэдэн кинонд орсон. Өвгөчүүд ховордсон юм болов уу даа, залуучууд над руу л ярьдаг болоод байгаа юм.
-Таны хүүхдүүдээс таны мэргэжлийг өвлөсөн хүн байна уу?
-Би таван хүүхэдтэй. Бүгд шал өөр юм хөөгөөд явцгаасан. Миний эхнэр харин Кино үйлдвэрт ажиллаж байв. Одоо Дархан явчихаад байна. Сая утасдсан, Хараа гол руу загас барихаар явж байна гэнэ. Киноны өмнө хойно найруулагч Жигжид, Доржпалма гээд бичиг гардаг шүү дээ, тэр бичгийг бичдэг байсан юм. Хар цаасан дээр цагаанаар бичнэ. 1969 онд гэрлэсэн хоёр доо.
-Кино үйлдвэрээс гарсан олонхи кинонд таны шум чимээ яваа даа?
-1970 оноос хойшхи бүх киноны шум чимээг хийсэн шүү. Сүүлд хувийн видео киноны шум чимээг ч зөндөө хийсэн. Цалинд нэмэр юм даа.
-Тулалдааны шум чимээ хэтэрхий панаалтай, тэгээд панаал оруулахгүй гэхээр сонирхолгүй ч юм уу гэмээр байдаг?
-Хамгийн хэцүү юм чинь зодооны шум. Тусгай юмаар хийхгүй бол гар хөлөөрөө цохихоор шал худлаа дуугардаг юм. Хүн алгадаж байгаа чимээ хийх гээд алгадахаар час гээд шал буруу дуугарна, өөр юмаар хийхгүй бол. Юугаар хийвэл яг зөв дуугарч байна аа гээд янз бүрийн юм цохиж үзээд л явчихна. Хамгийн гол нь кинонд зөв дуугарч байвал би энд юугаар хийх нь онц биш. Давхиж байгаа морины хөлний чимээг бид гуяа алгадаж хийнэ. Хүнд ингэж хэлэхэд эвгүй л дээ. 1981 онд бид Дорноговьд амарсан юм. Киноныхон ирсэн гэнэ гээд уулзалт хийв ээ. Нэг хүн босч ирээд морины чимээг давхиж байхад нь бичдэг юм уу, яаж хийдэг юм бэ гэлээ. Би гуяа алгаддаг гэж хэлэлтэй биш гээд сууж байсан чинь Цэвээн гуай “Аан тэр чинь тусгай аппарат байдаг юм аа” гэж аварч байсан юм.
-Янз бүрийн сонин юм оролцсон өвөрмөц шум байдаг биз?
-Хээр түүдэг гал асаагаад мах шараад суудаг дүрс байдаг даа. Бид шумны өрөөндөө гал түлээд сууна гэж байхгүй шүү дээ. Үүний оронд мод нарийхан савхлаад багцалж бариад мушгихаар яг гал асч байгаа юм шиг час час гэж дуугардаг юм. Дээр нь даавуугаар жаахан дөл хийнэ. Янз бүрийн юм хийнэ ээ.
-Та ингээд ажиллаад л байх уу?
-Би ажиллаад л байна гэж юу байх вэ, 100 наслах биш. 65 нас хүрчихлээ. Дуу хоолой нь хэрэгтэй болохоор ажиллуулаад байгаа. Шүд ам унаад ирэхээр ажиллахгүй л дээ. Пал, пүл гээд яаж дуугарахав. Чадахаа байна шүү дээ, насны эрхээр. Та чадахгүй байна аа, боль гээгүй болохоор одоохондоо явж л байгаа. Нэгдүгээрт ажилдаа дуртай юм, хамт олон гэж сайхан юм байна. Зүгээр гэртээ суух гэж би бүр аргаа бардаг. Кино үйлдвэрээс бид бүгдээрээ халагдчихаад нэг хэсэг гэрт байж сууж ядаж байтал ашгүй телевиз дуудсан. Зундаа хамт олноороо гурав дөрөв хоног салхинд гарчихна. Харин хамгийн хэцүү нь битүү орчинд ажилладаг. Хоёр гурван хаалганы араар орохоор агаарын дутагдалд орно. Би бас даралттай.
-Дуртай ажлаа хийж байгаа болохоор сайхан байх л даа?
-Дургүй юманд юу гэж явах юм. Гавьяаныхаа амралтыг эдэлье гээд сууж байна биз дээ. Би ч одоо та боль доо гэтэл нь явъя гэж бодож байгаа. Миний бие чадаж дийлж байвал. Микрофоны ард сууж байгаа хүмүүсээс хамгийн ахимаг нь би болсон байна. Цэмпилмааг ахимаг, ахимаг л гэнэ, надаас дөрөв дүү шүү дээ.
-Цэмпилмаа эгч дуу оруулж байгаа биз дээ?
-Хааяа ирнэ гээд үндсэн болоогүй ээ. Одоо хадам ээжээ аваад Утай Гүмбэн явсан, цаадахь чинь.
-Тийм үү, ээж нь ёстой сайхан насалж байна аа?
-Миний ээж байхад Цэмпилмаагийн ээж байлгүй дээ. Миний ээж 92-той, тачиганатлаа яриад сууж байгаа. Ээжтэйгээ өтөлж байна даа.
-Соёлын гавьяат зүтгэлтэн бил үү, та?
-Соёлын тэргүүнийг нь авсан. Харъяа байгууллага байхгүй байсан болохоор хэн намайг тодорхойлох вэ. Харин соёлын гавьяатад нам оны өмнө тодорхойлсон гэсэн чимээгүй л байна.
-Нам тодорхойлж байгаа юм бол болно байлгүй дээ, нам ч хүчтэй шүү дээ. МАХН уу, та?
-Солиорсон биш, юу гэж МАХН байх юм. Надаас дээш үеийнхэн улаан МАХН-ууд байхгүй юу. Би бол ардчиллыг анхнаас нь дэмжигч. Манай хүн Ерөнхийлөгч болсон юм чинь гээд манай нам намайг тодорхойлоод явуулсан шүү дээ. Тэгээд бас учиртай юм аа. 2006 онд Алтангадас авсан. Дөрвөөс таван жилийн дараа дараагийн шагнал өгч болдог гэнэ. Яасан бэ нөгөөдөх чинь гээд саяхан асуусан чинь Ерөнхийлөгчийн тамгын газар руу очсон шүү дээ л гэж байна лээ. Хүмүүс гавьяа шагнал өгсөнгүй гээд бараг л амиа хорлох гээд архи уугаад явах юм. Гавьяа байгуулахаар ажил хийсэн гэдгээ яаж мэддэг юм бэ. Би дуртай ажилдаа л зүтгэж явснаас гавьяат болохын төлөө яваагүй шүү дээ. Гэхдээ тодорхойлолт аваад явсан болохоор горьддог юм байна, хүн.
-Тэгэлгүй дээ.
-Бас нэг юм өгөх нь үү гээд чагнах маягтай. Нэг иймэрхүү л байна даа.
-Орчуулсан Мэргэн, орчуулгын найруулагч Сүрэнхорлоо , дуу оруулсан Цэмпилмаа, Дарамсүрэн гээд киноны эхлэл төгсгөлийг дандаа та хийх юм, ямар учиртай юм бэ?
-Манайхны тоглоомны хэлээр бол брэнд хоолой гэдэг юм. Waltdesney үзүүлж байна гэж миний хоолой дуугарахад автоматаар Үндэсний телевиз гарч байна гэж ойлгуулах бодлого юм уу даа. “Боловсрол”-ын хоёр гурван шилдэг кинонд ийм толгой хийсэн чинь манайхан очоод дуу хийж болно, толгой битгий хий гэсэн. Толгой хийхээр манай телевиз гарч байгаа юм шиг болчихоод байхгүй юу.


Цааш унших


Камертон хамтлагийн гишүүн дуучин Л.Ган-Эрдэнэтэй ярилцлаа.
-Та ямар анх удаа ярилцлага өгч байгаа биш, би танаас “Камертон” хамтлагийн үүх түүх юу вэ гэж асуултай биш. Ямар ч гэсэн бидний яриа илүү их сэтгэл шингэсэн байгаасай гэж хүсч байна. Та юу гэж бодож байна?
-Би чин сэтгэлээсээ хариулбал энэ зорилгод хүрэх байх гэж бодож байна даа. Яг одоо чиний өмнө Ганаа тэр чигээрээ ямар ч илүү дутуу нэмэр хачиргүй сууж байна.
-“Камертон”-ы дөрөв эргээд хамтдаа дуулна гэхээр хачин санагдаад байх юм?
-Дуулалгүй дээ. Ер нь бид “Мань дөрөв тарлаа” гэж ганц ч удаа ямар ч хэвлэл мэдээллийн байгууллагаар зарлаагүй. Харин наагуур нь тарлаа, саллаа, ингэлээ, тэглээ гээд яриа яваад л байдаг юм. Яаж ч бодсон бид яаж салах вэ дээ, нэгдүгээр ангиасаа хамт байсан хүмүүс юм чинь.

-Хэзээ тоглоно гэлээ?
-Энэ сарын 30-нд АПУ “Нийслэл” гээд асар нээсэн шүү дээ. Тэнд 1000-гаад залуучууд цуглуулах санаатай байгаа. Тэгээд эх орноороо аялан тоглолт хийнэ ээ. Наймдугаар сард стадионд бүр том концерт хийнэ.
-Ний нуугүй ярья л даа. Та яг “Аяа миний 18 нас” гэж дуулж байсан шигээ дуулах болов уу?
-Намайг та хөгширсөөн гэж хэлэх гээд байгаа юм уу. Үгүй шүү, би 23-тай залуу шүү.
-23-тай?
-Тийм ээ, 23-тай. Яахав 15 жилд их юм өөрчлөгдсөн байх л даа. Гэхдээ бид, бас бидний сонсогчид адилхан л өөрчлөгдсөн. Би “18 нас”-ыг одоо дуулахад өмнөхөөсөө илүү гоё дуулна гэж боддог юм. Энэ хугацаанд дууны урлагт илүү суралцсан болохоор тэр.
-Та энэ таван жилд юу хийв ээ?
-Янз бүрийн л юм хийлээ. Нөгөө гурав маань компани байгуулах нь байгуулаад тогтвор суурьшилтай ажилласан л даа. Харин би хаана хөрөнгө оруулбал, илүү хурдан, илүү их ашиг өгөх нь вэ гэдгийг хардаг юм. Гэхдээ уул уурхай, газар тариалан гээд том салбар барьж аваагүй л дээ. Жишээ нь байшин барья гэхэд хамгийн хурдан, чанартай яаж гүйцэтгэх вэ гэдгийг эхлээд тооцоолдог. Эхнэр бид хоёр “Help” гээд гадаад хэл сургалтын төв ажиллуулдаг юм. Тэрнийгээ зүглүүлнэ. Нэг сургууль байгуулъя гэсэн чинь бичиг баримт гэдэг юм нь их явдалтай эд байна шүү. Одоогоор сайн бүтэж өгөхгүй л байна.
-Нээрээ та эхнэрээсээ салсан юм уу, салаагүй юм уу. Саллаа болилоо гэсэн толгой эргэмээр олон мэдээлэл гарах юм. Таны амьдрал бол таны л амьдрал л даа. Гэхдээ таныг саахалтын дайтай таньдаг хүмүүсийн хувьд бас ч гэж сонирхолтой сэдэв?
-Салсан шүү дээ, Халиун бид хоёр. Миний амнаас ийм үг унах тийм сонирхолтой байдаг юм байх даа. Шар хэвлэлд бичиж байгаагаар бол бид хоёр аль дээр салсан. Охиноо би эргэж очдог, Халиун уулзуулдаггүй, нэг ийм салж сарнисан амьдралтай л болоод байна шүү, үнэнийг хэлэхэд.
-Тэгээд салаагүй юм байгаа биз дээ?
-Гэр бүлийн хүмүүсийн санал зөрөлдөхийг алийг тэр гэх вэ. Үргэлж биерүүгээ инээгээд л хайлсан тугалга шиг амьдрал хэнд ч байдаггүй биз дээ. Бид хоёр л лав маргалдах үедээ маргалддаг. Дээр нэг сар бид тусдаа амьдарсан юм. Тэрнийг л дэврээгээд яриад байхгүй юу.
-Таны эхнэр “Hugo Boss”-ын босс болсон юм билээ, тийм ээ?
-Ажил нь тэр юм даа. Захирал ч юу байх вэ, Hugo Boss чинь дэлхийн хэмжээний том брэнд. Том, том захирлуудтай. Халиуны дааж авсан ажил л эндэхийг хариуцах юм байлгүй.
-Зүгээр л хөндлөнгийн нүдээр харахад таны эхнэр их ширүүн дориун, нөхрөө барьдаг шиг харагддаг.
-Цаадахь чинь их дайчин, гялалзуур хүн шүү дээ. Гэхдээ алтны дэргэдэх гууль шарлана гэдэг шиг намайг дагаад тайван болж байгаа. Би чинь их уяхан, тайван хүн.
-NTV телевизээр та янз бүрийн мэргэжилтэй болж гарах юм. Энэ нэвтрүүлэг таны санаа юу, эсвэл та зөвхөн гол дүрд нь тоглож байгаа юм уу?
-“Ганаа мэргэжлээ сольсон нь” миний санаа л даа. Ийм нэвтрүүлэг хийе гээд хийгээд, өөрөө продюссерлэж байгаа.
-Хүүхдийн баярын үеэр “Нялхсын клиник”-ээс хийсэн нэвтрүүлгийг тань үзлээ. Их гоё, сэтгэлд дотно буусан?
-Угаасаа миний охин шиг л хүүхдүүд байгаа юм чинь, хайрлахгүй гээд яах билээ. Би уг нь хүүхэдгүй байхдаа хүний хүүхдийг хараад яасан хөөрхөн хүүхэд вэ энэ тэр гэж сүжирдэггүй байсан юм. Хүмүүс хүүхдүүдээ тэглээ ингэлээ, хөлд орлоо, тэгж хэллээ гээд ярихад нь тэрхэн үедээ, тийм үү гээд л гуйвуулна. Дотроо бол юун сүртэй ч юм билээ дээ гэж бодсон шиг ээ. Тэгсэн охиноо төрсөн чинь нөгөө хүүхдүүдээ ярьдаг хүмүүсийн дунд нь орчихсон ярьж яваа юм чинь. Охин тэгээд ингээд гээд л. Би ийм жаргалыг аль дээр мэдрэхгүй дээ гэж бодсон шүү. Би чинь 29-тэйдөө охинтой болсон хүн шүү дээ.
-Одоо охин тань том болоо биз дээ?
-Одоо таван настай. Бөөн маяг. Ээжийгээ дууриасан шиг байгаа юм. Будаг шунх, эргүүлээд л. Нэг л их гангалсан амьтан. Заримдаа нүд амных нь будаг арилахгүй ээ. Пламастер, бал гээд арилахгүй юмаар будчихдаг шиг байгаа юм.
-Эргээд дөрвүүлээ студид зогсоод дуулахаар ямар мэдрэмж төрж байх юм?
-Аз жаргалтай байгаа юм чинь. Ямар гоё юм бэ, би жаргалтай байна аа гэж тэр үед хэнээс ч ичиж зоволгүй хэлдэг. Аргагүй шүү дээ, бид дөрөв бүр багаасаа үерхсэн найзууд юм чинь, хэн нь хэнээсээ ичих билээ. Хааяа хэн нэгний төрсөн өдрөөр дөрвүүлээ нийлж дуулахаас өөрөөр сүүлийн таван жил хамт тайзан дээр гарсангүй.
-“Камертон”-д уналтын үе гэж нэрлэгдэхээр он жилүүд бий юү?
-1998, 1999 оны үеүд юм уу даа.
-Юу болоод уначихав аа?
-Бүгд лаг од болчихгүй юу. Хаданд авираад л байсан, хэн нь түрүүлж орой дээр нь гарах нь вэ гээд үзэж тарсан.
-Хадны орой дээрээс юу харагддаг юм байна?
-Юу ч харагдахгүй шүү дээ. Өөрөөсөө өөрийг олж харахгүй. Бид арай орой дээр нь гарч солиоролгүй нэг юм буусан. Хадан дээр авирч байхад надаас бусад нь утгагүй, хүн биш санагддаг юм билээ.
-Та нэг юманд зориод авч байж салдаг уу, бүтэхгүй бол болъё, амь биш заяа биш гэдэг хүн үү?
-Хоёрдахь нь л байх аа даа. Нэг юм хөөцөлдөөд бүтэхгүй бол за за, болъё гэдэг хүн. Шантрамтгай, туйлбаргүй гэх юм уу даа.
-Үгүй, хүн чаддаг, чаддаггүй ч өөрийгөө аятайхнаар, мундагаар ойлгуулахыг хичээдэг дээ. Хүмүүс дандаа л эхнийхийг нь сонгодог?
-Би энд худлаа яримааргүй байна шүү дээ. Худлаа нэг их мундаг хүн болоод мэдэмхийрчихвэл чи бид хоёрын тохиролцсон сэтгэлийн яриа шал худлаа болчихно биз дээ. Халирамтгай байж үгүй ээ, би шаргуу хүн гэж хэлвэл хэн хэний маань цагийн гарз болоод өнгөрөх, өнгө будаггүй усан яриа болно байлгүй.
-Та бусдаасаа арай л хоцроод байгаа юм биш үү. Нөгөө гурав чинь өөрийн гэсэн бизнесээ айхтар цэцэглүүлж байна?
-Миний туйлбаргүй зан байхгүй юу. Бүтэхгүй бол болъё гэдэг. Гэхдээ оройтоогүй ээ, би залуу байна. Хийх ажил их байна. Зорилго байна, хийх хүсэл байна. Ийм байхад болно биз дээ.
-Та хэн нэгнийг гомдоож үзсэн үү?
-Үзсэн байх аа. Нөгөө гурваа бишгүйдээ нэг гомдоогоо биз. Гэхдээ бид нэгэндээ туниад хаа холдох вэ. Ер нь бид биедээ контролтой л доо. Жаахан хэтрүүлбэл хөөе, яагаад байна гэж сануулна. Хаа очиж бид нэгнийхээ хамраас цус гаргаж үзээгүй. Үг сөргөх үе байсаан, байсан. Гэхдээ энэ олон жил үерхэж нөхөрлөхдөө ердөө ч зодолдож үзээгүй.
-Ингэхэд танай хамтлагийн Болд гадаад төрхөө янз бүрээр өөрчлөх юм. Эмэгтэй хүнээс хэд дахин илүү, илбэ шидтэй юм шиг нэг тураад, эсвэл таргалаад л гадаад төрх нь нүд ирмэх зуур өөр болчихно. Та ингэж үзсэн үү?
-Би чадахгүй юм билээ. Туръя гээд хэд хоног хоол сойгоод шантарчихна. Миний туйлбаргүй зантай холбоотой байх л даа. Гэхдээ би хэт турахаараа муухай болчихдог юм билээ. Сингагаас нэг ирэхдээ айхтар турсан байсан юм. Хүмүүс царай алдсаныг маань гайхаад, хөгшид хүүд олигтой хоол өг гээд зүгээр байлгахгүй. Тэгэхээр ингэсгээд л, хэт таргалчихгүй байвал болоо.
-Камертончууд дээр үед Синга явлаа, тийм дуутай ирлээ гэдэг байж билээ. Одоо бодоход ид залуу , Монголын “од” дөрвөн залуу хүний нутаг гүний хошуунд дуу хуураас өөрийг бас амжуулдаг байсан байх гэсэн харын сэтгэл төрж байна?
-Хөлөөрөө толгой хийнэ үү, толгойгоороо хөл хийнэ үү хамаагүй гэж үү. Үгүй шүү. Нэгдүгээрт шоудаад янз бүр болоод явах хоолойнд муу. Хоёрдугаарт мөнгөгүй хүмүүс хэчнээн хүсээд хаа холдох билээ. Синга охид “no money no honey” гэнэ шүү дээ. Манайхныг бодвол эрт бизнес сэтгэлгээ суусан.
-Та юунд зорьж, юунд тэмүүлж амьдарч байна вэ?
-Сайхан амьдрахыг л зорьж байна. Гэхдээ энэ зорилготой дуу хөгжим салшгүй холбоотойг мэдэрсэн. Ер нь надад урлаг уран сайхан хөөгөөд явж байвал жаргал шиг байгаа юм.


Цааш унших


Хөгжиж, дэвшие гэсэн бодолтой залуучуудад сайхан жишээ болох байх аа. Энэ ярилцлага нэгийг ч биш нэлээд олон зүйл танд бодогдуулах вий.

Америкт Родмэн энд Рэншоу (Rodman&Renshaw) гэж хөрөнгө өсгөх, стратегийн зөвлөгөө өгөх, дэлгэрэнгүй судалгаа хийх, өсч хөгжиж яваа компаниудыг амжилтад хүргэх цогц үйлчилгээ үзүүлдэг гайгүй том банк бий. Энэ банкны тэргүүн дэд ерөнхийлөгчөөр Жадамбын Жамул гэдэг залуу ажиллаж байх юм. “Родмэн энд Рэншоу” сүүлийн үед уул уурхай, ашигт малтмал руу хандсан хөрөнгө оруулалт хийхэд ихээхэн санаа тавьж байгаа аж. Манайхны мөнгөтэйсөн бол баялагаа гаднынханд биш өөрснөө ашиглах юмсан гэсэн бодлыг банкир Ж.Жамул “таажээ”. Түүнийг уул уурхай эрхлэх сонирхолтой ч мөнгө дээрээ гацаад байгаа компаниудын хөрөнгийг шийдэж өгөхөөр Монголд ирээд байхад нь ярилцлаа.
-Манай сонины нэг зорилго залуусыг дэмжих л дээ. Энэ хүн ямар мундаг юм бэ, ингэж амжилтад хүрсэн байна, үлгэрлээрэй гэсэн нэг жишээ болгож таныг ярилцлагад урьсан юм. Хэрвээ та зөвшөөрвөл угсаа гарлаас тань эхэлж ярья?
-Миний аав Хөвсгөлийн Шинэ идэр сумынх. Ээж Өвөрхангай аймгийн хүн. Би болохоор Улаанбаатар хотод төрсөн. Намайг багад аав Дэлхийн эрүүлийг хамгаалах байгууллагад ажиллах болоод манайх Энэтхэгт нэг хэсэг амьдардаг байв. Монголд буцаж ирээд орос гуравдугаар сургуульд сурсан юм. Аав дахиад Энэтхэгт ажиллах болоод манай буцаад нүүсэн. Би Энэтхэгтээ Америкийн элчин сайдын яамны сургуульд сураад америк дунд сургуулийг 1994 онд төгссөн.

Тэгээд Бостон хотын Northeastern-ы их сургуульд арилжааны чиглэлээр сурч бакалаврын зэрэг хамгаалсан. Таван жилийн программыг цаг хожих үүднээс дөрвөн жилд багтааж сурсан юм. Сурч байхдаа дадлага маягаар зургаан сар Хөрөнгө оруулалтын сангийн маркетингийн салбарт ажиллаж байв. Тэнд ямар л олигтой ажил хийх вэ дээ, ямар ч гэсэн иймэрхүү салбар байдаг юм гэсэн ойлголтод хүрсэн. Америкт гаднын оюутнуудыг сургууль төгсөхөөр дадлагаж нэг жилийн ажлын виз олгодог юм. Би тэр нэг жилийнхээ визийг бариад Бостонд дадлага хийж байсан компанийнхаа дарга дээр орлоо. Надад ажил өгнө үү гээд гуйв. Тэгсэн чи хэрэггүй ээ, хэрвээ санхүү сонирхож байгаа бол, өөрийгөө авьяастай гэж бодож байгаа бол Нью-Йорк руу нүүх хэрэгтэй гэж зөвлөсөн. Зөвлөгөөг нь дагаад нэг найзтайгаа хамт Нью-Йоркт ирсэн. Тухайн үед надад мөнгө төгрөг ч байхгүй, тэр болгон олддог байр ч үгүй, жилийн визтэй хүн ажилд орно гэдэг хэцүү байлаа. Гэхдээ яах вэ, тэр оныхоо арваннэгдүгээр сард ажилд орсон л доо. Canadian Imperial Bank of Commerce-ийн Нью-Йорк дахь салбарт үнэт цаасны арилжааны хэлтэст орсон юм. 1998 онд шүү дээ.
-Үнэт цаасны арилжааны ажил их хүнд гэдэг?
-Тэнд маш их ачаалалтай байсан л даа. Бүтэн сайн өдөр хүртэл үдшийн арван цаг хүртэл ажиллана. Үүний хүчинд хоёр жилийн дотор дэд ерөнхийлөгч цолтой болсон. Салбарынхаа тэргүүн диллер болсон гэх юм уу даа. Тэр ажилдаа бараг долоон жил ажиллаад Нью-Йоркийн их сургуульд санхүү, хөрөнгийн зах зээл гэсэн сэдвээр магистр хамгаалсан юм. 2007 оноос энэ банкиндаа ажиллаж эхэлсэн. Миний хэд хэдэн найз “Родмэн энд Рэншоу”-д ажилладаг байсан юм. Тэд манай банк их өсч яваа банк, бид ашигт малтмалын салбар сонирхож байгаа, чи энэ салбарыг эхлүүлэхгүй юу гээд би энэ банкны ашигт малтмалын салбарын анхны банкираар орж байлаа. Үүнээс хойш бид банкны энэ салбарын маш сайн хөгжүүлсэн. Америкт энэ салбарт тэргүүн банкны нэг манай банк гарцаагүй мөн. Хойд америкчуудын уул уурхайн салбарт канадын компаниуд давамгайлж байдаг юм. Тийм учраас бид Америкт шинэ зах зээл үүсгэхээр зүтгэсэн, одоогийн байдлаар амжилттай байгаа.
-Дэд ерөнхийлөгч хүн ер нь ямар ажил гардан хийдэг юм бол оо?
-Ашигт малтмалын компаниудад стратегийн зөвлөгөө, санхүү зээл, нийлүүлэлт ба худалдан авалтын зөвлөгөө өгдөг юм. Хувийн хэвшлээс гадна би төрийн байгууллагад зөвлөгөө өгч ажиллаж байсан. Саяхан америкийн хувийн нарны элчээр энерги гаргадаг ногоон энергийн компанид хийх 200 сая долларын хөрөнгө оруулалтын Оросын төрийн сангаас орсон нэг хэсгийн зөвлөгөөг би хийсэн юм. Үүнээс гадна Оросын Татарстан мужын төрийн санд хөрөнгө оруулалтын зөвлөгөө өгч ажилласан.
-Монголчууд зөв ажиллаж чадах юм бол их мөнгөний өмнө ирээд байгаа гэж хэн хүнгүй л ярьж байна. Ашигт малтмал биднийг баян болгож чадах болов уу, та юу гэж бодож байна вэ?
-Шууд баяжина гэж хэлэхэд хэцүү. Яагаад гэхээр олонхи хүнийн амьдрал хүнд байна. Бусад ядуу байж байгаад эрс хөгжсөн орны жишгийг харвал манайх ийм байдлыг ашиглавал дороо дээшээ гарахаар. Жилийн 10, 15, 20 хувиар дотоодын нийт бүтээгдэхүүний тоо өсөөд байх юм бол дороо шүү дээ.
-Сайхан мэдээ байна?
-Анхаарах юм юу вэ гэхээр ДНБ-ий тоо өсч болно, үүнийг дагалдаж орж ирж байгаа мөнгө ард түмэнд жигд тараагдаж байна уу гэдэгт байгаа юм. Тэр орж ирж байгаа мөнгө нь хэдхэн хүний гарт ороод, нөгөөдүүл нь тэр мөнгөө Швейцарьт аваачаад хадгалчихгүйхэн шиг байвал болох л байх. Манайх бас ч гэж ардчилсан нийгэм, 70 жил социализмаар явсан учраас ард түмний нийгмийн халамж, даатгал гэдэг юм аа авч явах байх. Мөнгөө зөв зохистойгоор бусад нийгмийн хэрэгцээтэй юмандаа анхаармаар. Адаглаад л замаа янзалмаар юм. Барилга байшиндаа хөрөнгө зарах шаардлагатай байна. Ашигт малтмалаас орж ирж байгаа баялагыг үрчихгүй үржүүлэх л хэрэгтэй. Ашигт малтмал дандаа ашигтай бизнес биш шүү дээ. Эдийн засаг унаа л бол металлуудынх нь үнэ нь унана. Тэгэхээр зарим нэг уурхай ашиггүй мөртлөө ажиллана гэсэн үг. Ийм маягаар байвал хэцүү байдалд орно. Үүний эсрэг тэнцвэрийн сан байгуулж, ашигт малтмалын үнийн хэлбэлзлэлийн даатгал гаргамаар байна. Бас янз бүрийн ашигт малтмалаас бусад салбарыг дэмжиж хөрөнгийн эх үүсвэрийг нь энэ мөнгөнөөсөө цуглуулвал алсын бодлоготой юм болов уу. Үүнийг манай төрийнхөн бүгдээрээ л мэдэж байгаа, би шинэ юм ярьж байгаа юм биш.
-Та ер нь Монголд хэр олон ирдэг хүн бэ?
-Би энэ жилдээ гурван удаа ирлээ. Өнгөрсөн оны зургадугаар сараас ирж очсоноо тоолвол зургаан удаа ирсэн байна.
-Тэр том банк Монголд хандсан нь манай орны баялгаас гадна, монгол удирдагчийн сэтгэл байсан болов уу гэж бодогдлоо?
-Аль аль нь байгаа. Мэдээж хэрэг би монгол хүн учраас Монголын хөгжил дэвшилд ямар нэг хэмжээний нэмэртэй баймаар байдаг. Нэмэртэй нөлөөтэй байхын тулд хөрөнгө, эрх мэдэлтэй байх хэрэгтэй. Тэгэхээр зах зээлийн системтэй байгаа юм чинь сайн ажиллавал энэ бүхнийг бүтээж хийж чадна. Би хоёр зүйлийг бүтээхийг хүсч бодож явдаг юм.
-Юу билээ?
-Би үнэхээр Монголын эдийн засагт нэмэр нөлөө болохыг хүсдэг. Үүнийг ямар зарчмаар болгоно гэхээр эдийн засгийн үүднээс ашигтай үйл ажиллагаа хийнэ. Энэ нь зөвхөн надад, манай компанид ашигтай биш, Монголд, Монголын компаниудад бас ашигтай. Монголд санхүүжилт гэхээр банкны зээл л байна шүү дээ. Өөр санхүүжилтын гарц маш муу. Тэгэхээр айхтар өндөр банкны хүүтэй өрсөлдөхөөр шинэ санхүүжилтийн гарцыг гаргахыг хүсч байна. Би үүнийг хийгээд, манай банк мөнгөө өсгөж аваад, би бонусаа аваад явахад үр ашиг нь Монголын эдийн засагт бас гарна.
-Та хийсэн ажлынхаа хэрээр цалинждаг юм уу. Хүний түрийвч рүү өнгийсөн бүдүүлэг асуулт ч том гүрний, том банкны, том албан тушаалтны цалин сонин байна?
-Би голдуу мөнгөө бонусаар хийдэг. Тэгэхээр заавалчгүй амжилттай санхүүжилтийн юм уу, зөвлөгөөний хэлэлцээр хийх хэрэгтэй. Ингэж байж гайгүй мөнгө олдог.
-Гадаадын томоохон төслийн байгууллагууд танайд төслийн уралдаан зарлахаар олигтой төсөл ирэхгүй юм аа, тийм болохоор гаднын төслийг шалгаруулахаас өөр аргагүй болох юм гэдэг. Танайх зээл өгөх төслийн уралдаан зарласан, үр дүн нь хэр байна. Итгээд зээл өгч болмоор юм байна уу?
-Зарим нэг маш сайн хийсэн төслүүд харлаа. Үүнээс олон төсөл материалаа сайн бүрдүүлээгүй байна. Би ингээд л хүн амьтантай уулзаад, семинар хүртэл хийгээд байгаа нь анхнаасаа чанартай хариуцлагатай байгаасай гэсэн л юм шүү дээ. Цаг хугацаа туршлагын л асуудал. Одоогийн айхтар хөгжсөн орнууд нэг үедээ Монгол шиг л байсан байж таараа. XIX зуунд Америкт алт руу бүгдээрээ хошуураад айхтар замбараагүй байсан. Одоогийн Торонтогийн Venture бирж дээр үед ихэвчлэн залилан луйвар явдаг газар байсан шүү дээ. Манай ашигт малтмал уул уурхайн салбар хувийн хэвшлийн үүднээс 20-хон жилийн настай, иймэрхүү чадах, чадахгүй юм байх нь зайлшгүй. Одоогийн өндөр хөгжлийн үр дүнд үүнийг хөгжүүлэхэд хэдэн арван жил орохгүй, хэдхэн жилийн дотор монголчууд хөгжинө гэж би бодож байна.
-Гэрэл гэгээтэй л санагдаад байгаа юм аа даа, танд бол?
-Гэгээтэй. Манайхан чинь юм сурахдаа маш сайн. Юмыг зөвхөн ном уншаад ч юм уу, сургуульд сураад сурахгүй. Мэдлэг мэдээлэл бусад хүмүүст яаж дамждаг вэ гэхээр нэг юмаа олон удаа хийсэн хүн хийгээгүй хүмүүстээ дамжуулснаар дамждаг юм. Тэр зөвлөгөө авч байгаа хүмүүс нь дагаад сурна. Монголд юу дутагдаж байна гэхээр үүнийг хийж үзсэн жишээ нь ашигт малтмал уул уурхайн компаниудыг санхүүжүүлж байгаа олон төсөл дээр ажиллаж байсан, монголоороо харьцдаг, зөвлөгөө өгдөг хүмүүс нь дутагдаад байгаа юм. Ийм зөвлөгөө өгөх сувгууд нь ихсээд ирэхээр энэ салбарынхны чадвар үсэрхий хэмжээнд очно. Үржигдээд л явна гэсэн үг.
-Танд Монголдоо суурин ажиллаж амьдрах бодол бий юү?
-Өмнөх хариулттай холбогдох нь. Би дөнгөж сургуулиа төгсөөд монголдоо ирж ажилласан бол өнөөдөр гайгүй амжилттай бизнесмэн болсон байж магад. Үгүй ч байж магад. Баталгаатай юу болохгүй байсан бэ гэвэл одоо ажиллаж байгаа шиг ээ Монголыг гаднын хөрөнгө, технологи, мэдлэгтэй холбох гүүр болох ажлыг хийх туршлагтай байхгүй байсан. Би Америкт үлдээд 12 жил ажиллалаа. Яг тэр санхүүгийн бирж, санхүүгийн орчинд ажилласан маань Монголд 12 жил ажилласан бизнесмэн байхаас илүү нэмэртэй хүн болгосон байж магад гэж бодож байгаа юм. Мундаг хүн болсондоо биш, гол нь ийм хүмүүс монголд цөөхөн байгаа. Над шиг хаа нэгтээ ажиллаж байгаа хүмүүс хэзээ нэгэн цагт Монголд ирээд ажилладаг ч юм уу, нааш цаашаа гүүр болж ажиллах нь маш чухал. Яагаад гэхээр тэд ямар нэгэн байдлаар монголыг гаднын зах зээлтэй монголчуудад ойлгогдох маягаар холбож өгч байгаа юм. Манайд чинь гаднын хүмүүс ирээд баахан юм ярьчихаад явдаг шүү дээ. Бүрэн ойлголцохгүй л дээ. Нэгдүгээрт гаднын хүн Монголын байдлыг сайн ойлгохгүй, монголчууд бас тэр хүний хэлийг бүрэн дүүрэн ойлгохгүй. Хэчнээн англиар сайн ярьдаг ч мэдэхгүй юм байж л таараа. Би зөв шийдвэр гаргаад зөв юм сураад, зөв туршлага болоод яг одоогийн Монголын байдалд нэмэр нөлөө болох нь энд ажиллахаас илүү ач холбогдолтой гэж бодож байгаа.
-Ер нь цаашид Монголд амьдрах бодол байна уу?
-Яах вэ бодож л байгаа. Сая хэлсэнчлэн, нааш цаашаагаа ирж очин байвал зүгээр юм уу гэж бодож байгаа.
-Удаан хугацаагаар эх орноосоо холдоод эргээд ирэхэд Монгол маань өөрчлөгдсөн байх юм уу. Байнгын амьдарч байгаа бид чинь уруудаад, дэвшээд байгааг нь тийм сайн анзаарахгүй юм байна шүү?
-Хөгжсөн байлгүй яах вэ. Дотор нь байгаа болохоор өөрчлөгдөж байгааг нь мэдэхгүй байхгүй юу. Намайг багад Улаанбаатарын замаар хааяа л машин нөгрөдгө, тэр нь аль нэгэн даргын машин байдаг байсан. Зам гарахад бараг хоёр тийшээ харах шаардлагагүй. Одоо харахгүй юу, гудамжаар дүүрэн машин.
-Боож үхмээр их машин байгаа биз?
-Ёстой тийм. 1990-ээд онд ерөнхийдөө жаахан ямбийнууд явдаг байсан. Одоо бол хүн болгон гайгүй юм унасан явж байна. Ингээд бодоход амьдралын төвшин дээшлээд л байна. Зарим нэгэн ядуугаараа үлдсэн хүмүүс байгаа л байх. Гэхдээ дунд ангийн амьдрал дээшилж байна. Барилга байшин, ресторан үйлчилгээг харахгүй юу. Дээр үед Баянголд дугаарлаж, дугаарлаж ордог байсан бол одоо ресторанаас их юм алга. Янз бүрийн амьдралын сонголт айхтар болж.
-Ер нь таны цагийн хувиар хэр шахуу вэ. Өглөөнөөс үдэш хүртэлх цагийн ерөнхий зохион байгуулалтыг яривал залуучуудад үлгэр дууриал болох юм болов уу?
-Миний хийдэг ажил их цаг авдаг хүнд ажил. Би одоо л гэхэд бүтэн сар шөнийн дөрвөн цагийн нойртой явж байна. Яагаад гэхээр Монголын семинартаа бэлдлээ, Нью-Йоркоос Монгол 12 цагийн зөрүүтэй. Тэрнээс гадна Америк, Европ түншүүдтэйгээ харилцахын тулд цагийн зөрүүнээс болж шөнө ажлаа хийх хэрэгтэй болоод байгаа юм. Англи тав, Швейцарь долоон цагийн зөрүүтэй болохоор ажлаа амжуулахын тулд нойр хоолгүй явж байгаа. Гэхдээ дандаа ингэж явна гэж юу байх вэ. Би ерөнхийдөө өглөө зургаан цагийн үед босоод найман цаг гэхэд ажилдаа очсон байдаг. Өдрөөсөө шалтгаалаад орой биеийн тамираар хичээллэх сонирхолтой. Гэртээ зургаа долоо, хааяа найм ес гэж очдог. Хоолоо идчихээд шөнө нь дахиад утсаар ярина. Blackberry гэж сайхан юм байна. Байнга холбоотой, байнга и-мэйл ирээ гэж мэдэгдэнэ. Хүн гучин хэдэн нас дотроо л юм хийхгүй бол амжихгүй. Хамгийн их энергитэй, гайгүй туршлагатай болсон үе шүү дээ.
-Та гэр бүлээ танилцуулж болох уу?
-Би хувийн юм нэг их яримааргүй байна аа. Мэргэжлээ л ярья.
-Ингэж асуудаг нь таныг хаанахын эхнэр авсан юм бол оо л гэж тандаж буй хэрэг?
-/инээв/. Хоёулаа өөр юм ярья.
-Та хөдөө явж байсан биз дээ?
-Монголчуудын сайд дарга нь ч бай, ерөнхийлөгч нь ч бай хөдөө хамаатангүй хүн байхгүй шүү дээ. Бага байхад Хөвсгөл руу их явдаг байсан. Монгол гэрт байж үзсэн. Гэхдээ айхтар морь унаад л мал малласан юм байхгүй л дээ.
-Залуус аа ингээрэй, тэгдэг юм байна лээ шүү гэж одоогийн туршлагадаа үндэслээд зөвлөхөд та юу хэлэх вэ. Дэлхийн боловсрол эзэмшсэн хүн байна даа?
-Хүн амжилтад хүрье гэвэл ямар нэгэн юманд маш сайн байх хэрэгтэй. Заримдаа аз тохиолдоод гэнэт их мөнгөтэй болдог тохиолдол байж болно л доо. Гэхдээ өөрөө өөртөө бахархалтай, өөрийгөө гайгүй явж байна даа гэж бодотлоо амжилтад хүрье гэвэл ямар нэгэн юманд маш сайн болж байж хүрнэ. Ямар нэгэн юманд маш сайн болно гэдэг маш олон цагийг түүндээ зарцуулахыг шаардана. Хүн авьяастай байж болно, аз тохиогоод ч юм уу, аавынхаа дэмжлэгтэйгээр том сургуульд орж болно. Энэ бол мэдээж хэрэх сайн гарцын аз. Сайн гарцтай бол хөгжиж дэвжихэд амархан. Гэхдээ сайн гарцтай байлаа гээд хүн өөрөө хөдөлмөрлөхгүй юм бол дундаж хэвэндээ л байгаад байна.
-Та ямар нэгэн юманд сайн гэлээ шүү дээ. Таны хувьд юунд хамгийн сайн бэ?
-Би энэ мэргэжилдээ гайгүй гэж өөрийгөө дүгнэдэг юм. Ямар нэгэн хэмжээнд ажлаа аваад явж байгаа. Америкийн Malcolm Gladwell гэдэг зохиолчийн “Outliers” гэдэг ном байдаг юм. Монголоор орчуулбал “Дунджаас маш сайн” гэсэн гарчигтай юм уу даа. Тэр ном дээр дэлхийн ямар нэгэн салбарт амжилтад хүрсэн хүмүүсийн түүхийг судласан байдаг л даа. Гольфийн Тайгер Вүүдс, Билл Гейтс гээд амжилтад хүрсэн хүмүүсийн түүхийг. Тэгэхэд ухаж олсон зүйл нь энэ хүмүүс ажлаа эхлэхдээ нэгдүгээрт цаг үеэ олсон байгаа юм. Цаг үеэ олоод цаг үед хэрэгтэй юм хийсэн байж. Өшөө бас тэр зүйлдээ яаж сайн болсон бэ гэхээр дунджаар тэр зүйлээ арван мянган цаг хийж мастер болсон байсан. Ямар нэгэн юманд маш сайн болъё гэвэл арван мянган цаг хийх нь байна шүү дээ. Өөрийгөө гайгүй байж магадгүй гэж хэлээд байгаа маань миний хийж байгаа ажилд Монголын энэ түүхэн мөч аз нь таараад тохирсон байж магадгүй. Хоёрдугаарт би энэ арван мянган цагийн нэлээдийг хийсэн юм шиг байгаа юм. Дундаж оюун ухаантай хүн байлаа ч тэр арван мянган цагийг гүйцээвэл гайгүй болох юм билээ.
-Таны хобби юу бол оо?
-Би Бразилын Жю-жицу гэж бөх барилддаг юм. Жүдотой адилхан. Газар дээр янз бүрийн мэх, боолт хийж хождог.
-Монгол бөх танд хэр санагддаг вэ, үзэх үү?
-Үзнэ ээ. Монгол бөх босоо бөх дотроо үнэхээр гарамгай бөх. Тийм ч учраас манайхан сүмогоор асуудалгүй амжилт гаргаж байна.
-Монголчууд залуусаа дэмждэггүй. Тан шиг олон чадварлаг залуус гадаадад ажиллаж хөрөнгө оруулалт хийж байна гэж ярьдаг. Монголдоо ажиллая гээд ирэхэд нь хамаатныхаа нэг “усан толгойг” авчихаад орон тоо байхгүй ээ гээд сууж байдаг гэдэг. Танд иймэрхүү юм анзаарагдсан болов уу?
-Зах зээлийн системээр ажиллаж байгаа эдийн засаг учраас цаашдаа гайгүй болно байх. Жишээлбэл би жижигхэн алтны уурхайн компанийн эзэн гээд бодъё. Анхны шатандаа хамаатнуудаа авъя. Алтаа ухмаар байдаг, нөгөөдүүл нь архи уугаад ч юм уу, ажил хийдүүлээд явбал ганц хоёр удаад шатна шүү дээ. Тэгэхээр ингэж болохгүй юм байна аа, арай олигтой үүнийг хийж үзсэн туршлагатай, нэр хүндтэй, гаднын ертөнцтэй холбоотой орос англиар ярьдаг хүн хэрэгтэй юм байна гэдгийг мэдрэнэ шүү дээ. Эдийн засаг хөгжихөөр нааштай үр дагаврууд гарч иймэрхүү жижиг сажиг асуудал цэгцэрнэ байх аа.
-Таны ширээний ном ямар ном бол?
-Ширээний ном гэхээр юу гэсэн үг вэ.
-Унших дуртай ном?
-Би байнга л ном уншдаг шүү дээ.
-Бид унших дуртай, хэд ч уншсан уйддаггүй номоо ширээний ном гэдэг шүү дээ?
-Аан. Тэгвэл би нэг номыг бараг гучин хэдэн удаа уншсан байх. Багадаа орос хэлээр уншиж байсан. Швекийн тухай ном байдаг юм.
-“Эрэлхэг цэрэг Швек” үү?
-Швекийг би дэлхийн хамгийн инээдэмтэй ном гэж боддог юм.
-Монгол, Америкийн амьдралын хэмнэл хэр зөрүүтэй байна?
-Тэс өөр. Яагаад гэхээр Монгол шилжилтийн үедээ яваа болохоор хүн болгон одоо л нэг юм хийхгүй бол болохгүй нь гэсэн байдлаар ажиллаж байна. Зарим нэг нь болохгүй юм байна гээд архи дарсанд орсон ч юм уу нийгмийн доод давхарга болоод явж байгаа л байх. Монголчуудын олонхи нь шилжилтийн үед боломж гардаг юм байна гэдгийг мэдрээд олонхи нь бизнес үүсгээд үнэхээр айхтар сэтгэж байна. Хөгжсөн оронд бол хөгжлийн хэмнэлд ороод тайвширсан хүмүүс байгаа юм. Өглөөний есөн цагаас оройн таван цаг болтол ажилдаа явдаг. Гэртээ ирээд телевизээ үзээд суудаг. Ийм ерөнхий байдал Америкт ноёлсон. Харин Монголд ямар нэгэн бизнес аж ахуй эрхэлж байгаа хүмүүс 24 цагийн ажилтай байна. Амьдралын хурд Монголд өндөр. Тиймдээ ч сонирхолтой. Бас эрсдэл ихтэй, сэтгэл хөдөлмөөр. Америкт гэхэд дундаж муж нэг хэвийн. Нэг их айхтар доошоо орж, дээшээ гарсан огцом өөрчлөлт байхгүй.
-Та юу мөрөөддөг вэ?
-Олон л юм мөрөөднө. Миний мөрөөддөг юмны нэг нь Монгол хүний үүднээс ийм уужим нутагтай, ийм элбэг баялагтай нутаг дэлхийн хамгийн сайн хүмүүсээ халамжилдаг хүндээ ноогддог сайн орлоготой, ядууралгүй газар байгаасай л гэж мөрөөддөг. Тийм байдлыг үзэх юмсан.
-Монголоосоо удаан холдсон хүмүүс нисэх буудал дээр буусан сэтгэгдлээ хүчтэй илэрхийлдэг. Утаатай ч гэсэн Улаанбаатар минь гээд л. Таны хувьд ямар нэгэн сэтгэгдэл төрдөг үү?
-Хүний эх орон, хүний л эх орон шүү дээ. Америк арай ондоо. Яагаад гэхээр цагаачийн орон. Буруу байж магадгүй ч энэ миний бодол. Хэрэв би Монголоос өөр оронд амьдаръя гэвэл Америк Канад гэсэн хэдхэн оронд амьдарна. Яагаад гэхээр цагаачдын орон. Бүгдээрээ л гаднын хүмүүс болохоор хэн нь хэнээ гадуурхах билээ. Ялгагдахгүй болохоор тэр нийгэмдээ хэний ч эсрэг өрсөлдөөд амжилтад хүрч болно. Бүрэн шингэж болно. Иймэрхүү байдлаар амдаръя гэвэл Европт, Японд бол гадуурхуулна.
-Таны ярианд жаахан аялга байна аа?
-Би аялгагүй л гэж боддог шүү дээ. Гайгүй монголоор ярьдаг. Зарим мэргэжлийн нэр томъёон дээр будилдаг, үүнийг би бүрэн хүлээн зөвшөөрнө. Америкт Монголоор яриад байх хүн бараг байхгүй. Би 16 жил Америкт амьдарсан байна. Би хэнтэй ярьж байгаагаасаа шалтгаалаад тэр хэлээрээ боддог. Англиар ярьвал англиар, монголоор бол монголоор, оросоор бол оросоор боддог. Америкт байж байгаад Монголд ирэхэд эхний хэд хоног хэцүү байдаг юм. Монголоор бодох нь жаахан удаан. Монголоос буцахаар англи хэлээр эхний хэдэн өдөр сонин яриад байдаг.
-Та юунд зорьж амьдарч байна вэ?
-Хувийн зорилго гэвэл эх эцгээс төрсөн ямар авьяас, потенциал байдаг юм тэрнийгээ бүрэн ашиглах. Ийм л байна. Одоо хоёулаа өндөрлөх үү.
-Тэгье дээ, таны цаг давчуу байгаа байх. Та хэзээ ниснэ гэлээ?
-Маргааш. Гэхдээ Америк явахгүй Гонгконгт хэд хоноод буцна.


Цааш унших

Монголын залуус өөр болсон шүү
“Монголын залуус өөр болсон шүү” гэхийг тийм олон биш, гэхдээ цөөнийг бодвол олон удаа сонсдог боллоо. Цаг хугацааны хувьд сүүлийн нэг хоёр жилээс хойш юм уу даа. Төслийн байгууллагад ажилладаг англи, орос хэлтэй, тухайн үедээ улсын зардлаар Орост боловсрол эзэмшсэн одоогийн шилдэг боловсон хүчин танил маань “Одоогийн охид ямар айхтар болоо вэ, өчигдөр нэг компанитай гэрээ хийх гэтэл менежер нь гээд нэг жаахан охин орж ирж байна. Бид ч голох маягтай, нэг их тоосонгүй. Тэгтэл хоёр гурван хэлтэй, ярьж хэлж байгаа нь ямар айхтар юм бэ, бүр ангайлаа” гэж сонин болгож, бас бахархаж ярьж байсан юм. Нэг хэсэг манайхан боломж олдвол гадаадад хүүхдээ сургахаар зүтгэсэн шүү дээ. Дээр дурдсан жишээ шиг мэдлэг боловсролтой залуус анзаарагдаж байгаа нь тэрний л үр дүн бололтой.
Өчигдөр л гэхэд Монгол залуус GPS бүтээжээ гэсэн чихэнд чимэгтэй мэдээ дуулдаадахав. Өөрөөр хэлбэл өндөр нарийвчлал бүхий байршил цаг хугацааны мэдээллээс гадна хөдөлгөөний хурд зүг чиг, нэг цэгээс нөгөө цэгт хүрэх замыг чиглүүлэх, урьдчилан тодорхойлсон объектын талаархи мэдээллийг өгөх технологи бүтээчихсэн байна.
Бас нэг ойрын жишээ гэвэл Дархан-Уул аймгийн арваннэгдүгээр ангийн сурагч “Монголын их Юань улсын түүх” хэмээх судалгааны ном гаргаж түүхчдийг алмайруулаад байна. Номоо бичих судалгаа хийх гээд Төв номын сангийн эрхлэгчид ховор нандин сангаасаа тийм ном өгөөч ээ гэж хандаж л дээ. Тэгсэн ийм жаахан хүүхэд байж юу яриад байгаа юм, урж тасдаад хаячихна гээд халгаагүй гэж хүү номынхоо нээлтэд ёжлонгуй хэлж байсан юм. Англи, хятад хэлийг гарамгай эзэмшсэн Ч.Содбилэгийн туурвисан номыг эрдэмтэд урьд өмнө гарч байгаагүй даацтай бүтээл болжээ гэж нэгэн дуугаар хүлээн зөвшөөрсөн.
Өдөрт хэдэн мянган хүн орж мэдээллийн хэрэгцээгээ хангадаг news.mn сайтыг дөнгөж сургуулиа төгссөн дөрвөн залуу хийсэн юм шүү дээ. Одоо тэд “Содон солюшн” гэж компани байгуулаад мэдээллийн эринд нэмэр болохоор өөрсдийн чадлаараа ажиллаж байна.
Монголын залуус өөр болсон шүү гэж хэлэгдэх болсон хэдэн арван жишээнээс хамгийн том нь “Могул” брэндийг бүтээсэн залуус. Дэлхийд алдартай Dell-ийн нотебүүк, өчнөөн сая хэрэглэгчтэй Nokia фермийн гар утас барьснаараа би дэлхийтэй хөл нийлүүлж явна гэж бодвол явцуурал. Эднийг бүтээсэн авторууд нь л дэлхийтэй хөл нийлүүлсэн хүмүүс юм. Тэгэхээр дэлхийтэй хөл нийлүүлэгч болохын төлөө, өөрөөр хэлбэл тухайн салбартаа зохион бүтээгч байхын төлөө урагшаа.
Дэлхийн номер нэг мэдээллийн сайт yahoo-д монгол залуус хүч оюунаа заран ажиллаж байна, Харвардад Монгол профессор хичээл заадаг, Японы “Тоёота”-г монгол залуус бүтээдэг гээд дэлхийд нэр хүндээ өргөж яваа залуус олон л доо. Бид ч тэднийгээ өнгөлөхийг боддог. Харин эх орондоо баялаг бүтээж буй залуусаа түр мартсан шиг.
Монгол залуусын орон гэдэг. Яг одоо залуусын орны залуус эрчээ авдаг цаг үе дээрээ явж байна. 1990 онд 10 настай байсан хүү өнөөдөр 30-тай, мэдлэг боловсролтой, тэс өөр сэтгэхүйгээр ажиллая, амьдрая гээд зүтгэж байна. Хуучин тогтолцоо хэвээр байсан бол өөр л дөө. Наанадаж гутлын ч юм уу, хивсний үйлдвэрийн тэргүүний ажилтан, цаанадаж Орост төгсч ирсэн энхрий хайрт намдаа үнэнч ноомой нэгэн мэргэжилтэн байх байсан. Харин өнөөдөр ардчилсан нийгэм тарьж ургуулсан, боловсорч гүйцсэн анхны үр жимсийнхээ шимийг хүртэж эхэлж байна. Хаа газрын даргаар залуу хүн томилогдох нь олонтаа болж. Монгол залуусдаа итгэж байна, энэ чинь л Монгол тэмүүлэл. Гагцхүү эдгээр залуус үнэнч, эх оронч ажиллах хэрэгтэй. Амьдралд үнэнч хандвал амьдрал чамайг шагнана. Өөрөөр хэлбэл зөв явбал зөөлөн, зөөлөн замбуулин шүү дээ.
Зохиосон хувь тавиландаа сэтгэл хангалуун байя
Хувь тавилан заяагддаггүй хувь тавилангаа өөрөө зохиодог гэдэг үг бий. Тэгэхээр зохиосон хувь тавиландаа сэтгэл хангалуун байя. Байгаа байдлаасаа аз жаргалыг мэдэрье. Энэ нь тэмүүллээс тэс хөндлөн санагдаж болох. Гэхдээ сэтгэл хангалуун амьдрах нь нэгэн Монгол тэмүүлэл билээ. Алийн болгон надад ийм юм, тийм юм хэрэгтэй байна. Хүнтэй адилхан амьдрахгүй байна гэж гомдоллох билээ. Хүн бүхэн өөр юм байж, хүнтэй адилхан амьдраад яах юм бэ, өөрийнхөө зохиосон хувь заяандаа, байгаа байдалдаа сэтгэл хангалуун амьдаръя.
Та гэртээ үүнийг уншиж байгаа бол гэрээ тойруулаад нэг харчих. Таны л босгосон амьдрал, хөдөлмөрийн үр шим. Үүнээс илүү байх гээд сар руу нисэлтэй биш, босгох гэж чадлаараа зүтгэсэн амьдрал тань энэ биш гэж үү. Дөнгөж хөлд орж байгаа хүүгээ “бээл бээл” гэж дэмнэх нөхрийгөө чимээгүй хар. Орой гэртээ хоол цайтай угтах эхнэр, үр хүүхэдтэй байгаадаа баярла. Энэ чинь л аж жаргал.
Бурханч лам Г.Пүрэвбат сэтгэл хангалуун амьдралыг энгийнээр ингэж тодорхойлж байсан юм. Хүн орох оронтой, эрүүл энх, өр ширгүй байвал болоо гэж. Энэ гурван зүйл л хүмүүний амьдралын гол тулгуур ажээ. “Их мөнгөтэй байх их хүсэл хүн бүрт бий. Тэр их мөнгийг аваад үхэхгүйгээс хойш яах юм бэ, бие халхлах хувцас, идэх хоол, очоод унтах орон гэр надад байна, өөр юу ч хэрэггүй” гэх билэг танхай зураач хэлж байсан юмдаг. Тэгэхээр сэтгэл хангалуун амьдрал Монгол тэмүүллийн суурь билээ. Яагаад гэхээр сэтгэл хангалуун амьдрах гэж л орчлонд бид ирсэн шүү дээ.
Нэгнээ хүндэлж суръя
Манай ажил хуучнаар “Ардын эрх”-ийн гуравдугаар давхарт л даа. Өнгөрсөн жил өглөөний шуурхайтай уралддагаараа уралдаад ажил руугаа ордгоороо орсон юм. Тэгсэн цав цагаан цамц, тас хар зангиа, зангианаасаа арай л дээр царайтай таван куб залуу шатаар алгуур өгсч явна аа. Шуурхай эхэлчих гээд байдаг, гадаад хүмүүсийг зүсч гарч бүдүүлгээ гайхуулалтай биш гээд араас нь гэлдрэх гэсэн бүгдээрээ эгнэж зогсоод зам тавьж өгдөг байгаа. Зам тавиад зогсохгүй эелдгээр мэндчилсэн юм. Нэг их гоё, ихэмсэг ч гэмээр юм уу мэдрэмж төрөөд явчихсан. Бас Монголын залуучууд ийм боловсон бол ямар гоё вэ гэж үнэн сэтгэлээсээ атаархсан. Тэгээд жил өнгөрч байхад тэр хүндэтгэлийг ердөө мартахгүй байгааг бодоход боловсон ёс бидэнд ямар их дутагдаж байгаа бололтой. Тэгэхээр боловсон ёсыг хэвшүүлье. Учиргүй бөхөлзөж нахилзаад байхгүй ч нэгнээ хүндэтгэе. Эмээ өвөөг автобусанд хүндэлж суудал тавьж сурсан шигээ, эмэгтэйчүүдээ бас хүндэтгэж, энэ тал дээр нэг шат ахья. Ядахнаа такси барихдаа та эхлээд суу гээд хамт яваа бүсгүйдээ хүндэтгэл үзүүлчихье. Ер нь эмэгтэйчүүд эрчүүдийг дүгнэх амархан юм шүү дээ, Хаалгаар эхэлж орох нь уу, хаалга онгойлгож өгөх нь үү гэдгийг нь л харчих. Хэтэрхий явцуу дүгнэлт байж ч болох. Гэхдээ л эрэгтэй нь эмэгтэйгээ хүндлэх нь дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн боловсон ёс.
Ялангуяа, орос хэлний ахмад багш нар, соёл сурч судалсан мэргэжилтнүүдэд адилхан монгол байж монголоо ойлгохгүйн зовлон бий. Өнгөц харахад бусдаас өөр ч юм шиг. Өөрдөө биш, боловсон ёсыг ягштал заалгасан болохоор энгийн бид, тэд хоёрын хооронд хэтэрхий их зааг гардаг. “Аяая, ямар бүдүүлэг залуу вэ” гэж ялимгүй орос аялгаар, эсвэл ямар нэгэн орос үг хавчуулаад мөрлөж өнгөрсөн залуугийн хойноос толгой сэгсрэн хэлж байгаа европ стильтэй, эмэгтэй багш нар байдаг даа. Тэд боловсон ёсыг амьдралдаа хэвшүүлсэн болохоор зарим нэгэнд хэнхгээрээ цоллуулан саран дээрээс ирсэн хүн шиг ойлгомжгүй санагддаг нь аргагүй шүү дээ. Тэгэхээр боловсон ёсыг нэг бяцхан тэмүүллээрээ тодотгоё.
Бид энэ буландаа их бага хэмжээгээр иргэдийн бодлыг тусгахыг хичээж байгаа. Энэ удаад соёл судлаач, эмч хоёрын тэмүүлэл юу болохыг сонирхлоо. Монгол тэмүүлэл, таны тэмүүлэл юу вэ гэж асуухаар эхлээд их бүрхэг, том асуудлаар ярих нь дээ гэж халширч байна. Тэгээд тодотгоод, тодруулаад ирэхээр өөрийгөө ирлээд, сэтгэлийн гүнд байдаг хүсэл ил гарж байгаа юм шиг их энгийн санагдаж байна гэж хүмүүс тодотгож байсан юм.
Соёл судлаач Ц.САНЧИР: Монголоо дэлхийн тавцанд гаргах нь монгол тэмүүлэл
-Монгол тэмүүлэл. Энэ сэдвээр таны бодлыг сонсъё?
-Наадахь чинь яасан айхтар сэдэв бэ. “Үндсэрхэн үзэл үгүй бол үндэстэн үгүй” гэсэн мэргэн үг байдаг. Үүн шиг “Монгол” гэдэг энэ эрхэм угсааг өнөөдөр ч гэсэн дэлхийн тавцанд авч явах хэмжээний боловсрол, чадварын төлөө зорих, түүндээ хүрэхийг Монгол тэмүүлэл гэх байх даа.
Уламжлалт анагаах ухааны эмч Т.ЦЭНД: Би сайхан амьдралын төлөө тэмүүлж байна
-Танд монгол тэмүүлэл гэхээр хамгийн эхэнд юу бууж байна вэ?
-Ядуурлаас гарах.
-Та юунд тэмүүлж байна вэ?
-Би сайхан амьдралын төлөө тэмүүлж байна.
-Тэр сайхан амьдралыг яаж бүтээх вэ?
-Яах вэ дээ. Ажил хөдөлмөрөөрөө л бүтээнэ шүү дээ.


Цааш унших

Yor ni hunii oyun uhaan zovhon sainii shinj bish yum baina aa. Zarimdaa adguusnaas dor novshiin zan gargah yum. Adguus bol il tsagaan negnee barij iddeg, deerelhdeg. Harin hun ineej baigaad hutgaldag. ter hun ni oort ni sain muu uil hiisen ch baisan hiigeegui ch biasan hamaagui, zugeer l ooriinhoo uzemjeer omhii zan gargadag hun tsaana chin bas baina, hooy. Tegeheer humuus ee, ooroosoo oor hund buu itge. Ene delhiid chi gantsaaraa tsetsen ni, bas teneg ni bish bolohoor henii ch sanaand oromgui zuil hezee negen tsagt gargadag yum bn. Hamgiin goy ni ene buhniig shuuh tsag hugatsaa, unen hudal gej baih yum daa. Neeree ih sonin yum ajiglalaa. Humuus tegj novshrohoor ni ineed hureed gej yridag daa, unen yum bilee. Bur yasan iisniig ni bodohoor ish zailuul, archaagui yum be dee, yasan ch ochuuhen bodoltoi yum gej ineed hurne geech. Dahij iim teneg HAHAHA-tai uchrahgui yumsan.


Цааш унших

Даян дэлхийн хүмүүс хүүхдийн сайн сайхны төлөө гар гараасаа барилцан за гэж хэлж чадахгүй байгаагийн нэг жишээг дурдахаар найруулагч Д.БАЯЖИХ манай сонинд хандлаа. Тэрбээр хүүхдийн уран бүтээл дээр голчлон ажилладаг уран бүтээлчийн хувьд өдгөө ТВ9 телевизээр нэвтэрч буй “Гэгээн алсын одод” шоу нэвтрүүлгийн шүүгчдийн ёс зүйн талаар санаа оноогоо уншигч та бүхэнтэй хуваалцъю гэсэн юм. Манай редакцид янз бүрийн асуудал ярьсан олон л хүн ирдэг. Нэг хүний эрх ашгаас нийгмийн асуудал ярьж томрох нь ч бий. Яагаад энэ найруулагчид ач холбогдол өгсөн бэ гэхээр тэр улстөр, нийгмийн бухимдал, эдийн засаг, ноос ноолуур, 70 мянга, 76 тэрбумын талаар яриагүй юм. Үүнээс тэс өөр, хүүхдийн эрхийн талаар ярьсан. Цагаан цаас шиг ертөнцийг тэр хэвээр нь хадгалахыг хүсч хандсан болохоор түүнтэй ярилцсанаа хүргэж байна.
-Хүүхэдтэй харилцах харилцааны талаар шүүмжлэх гэж байгаа юм чинь эхлээд ямар хүн ийм юм яриад байгаа талаар мэдэх нь зүйн хэрэг?
-Би кино телевизийн найруулагч хүн л дээ. Намайг Д.Баяжих гэдэг. Хуучнаар Монгол телевизэд ажиллаж байгаад хувиараа студи байгуулж хэсэг ажиллав. “Омега” гээд мэдэх үү.
-Мэднэ, мэднэ.
-Тэндээ хүүхдийн голдуу нэвтрүүлэг хийж байсан юм. “Ерелаш” гээд оросын хүүхдийн цуврал байдаг шүү дээ. Үүнийг монголд хэсэг хийсэн. Хүүхдийн зохиолч Дашдондог гуай санаачлаад, кино найруулагч Дамдин гуай, Соёлын сан бил үү дээ, нэг газраас дэмжээд хийж байсан юм. Одоо энэ цувралаа үргэлжлүүлнэ. Би Англид байж байгаад тав зургаан сарын өмнө ирлээ л дээ.
-Үндсэн асуудал руугаа оръё. Та бид хоёр юу ярих билээ?
-Энд ирээд анзаарлаа л даа. Хүүхдийн төлөө бодит ажил хийж байгаа газар ховор байна. Хүүхдийн кино, жүжиг алга. ТВ9 “Гэгээн алсын одод” гээд их хөөрхөн нэвтрүүлэг гаргаад ирлээ. Энэ их дэмжүүштэй, цаашид үргэлжлүүлээд авч явмаар санаа. Харин миний эмзэглэж явдаг зүйл яг хүүхдийн төлөө гэдэг юм байхгүй болчихож. Ингэх гэж байна, тэгэх гэж байна гэсэн худлаа нэр барьсан хүмүүс байх юм. ТВ9-ийн хийж байгаа энэ шоу нэвтрүүлэг хүүхдийн авъяас чадварыг хөгжүүлсэн нь сайшаалтай. Гэхдээ энэ нэвтрүүлгийг мянга дэмжлээ ч гэсэн шүүж байгаа шүүгчдэд нь маш их эмзэглэлээ. Яагаад гэвэл би хүүхдийн уран бүтээлч. Шүүгчээр гавьяат Б.Сарантуяа, Бэхбат гэж хүн байна. Бас Төгөлдөр бил үү, нэг тийм хүн байна.
-Тэд яагаад байна вэ?
-Юм хийж болно, хийж байгаа зүйлээ дэмжиж болно гэхдээ хамаг байдаг авъяасаа чадлаараа үзүүлж байгаа хүүхдийн сэтгэл, итгэл рүү ус цацаж болохгүй. Жишээ нь Сарантуяа гавьяат нэг охиныг “чи сульдаатай юм уу” гэж байгаа юм. Юу гэсэн үг вэ. Тэр хүүхэд ийм том монгол улсын од хүнээс ийм үнэлгээ сонсоод яах бол. Бүх мөрөөдлөө алдана шүү дээ, магадгүй үзэн ядах сэтгэл гарна. 10-тай, 13-тай хүүхдүүдтэй том хүний зиндааны юм яриад пээдэлзээд суугаад нь би эмзэглэсэн.
-Таны хүүхэд энэ уралдаанд орж байгаа юм уу?
-Үгүй ээ. Би тэр нэвтрүүлгийн гурван дугаарыг нь үзлээ. Бүр хэлэхээс өөр аргагүй санагдаад танд хандсан юм.
-Ганцхан тэр сульдаатай гэдэг үгнээс та эмзэглээд байгаа юм уу, эсвэл иймэрхүү олон тохиолдол байна уу?
-Ер нь шүүгч нарын хандлага их хөндий. Төгөлдөр Саймон юм уу хаашаа юм. Наана нь хөөрхий дуулаад байхад ширээний ард цаас нүүрэндээ тулгачихаад сууж байгаа юм. 9-13 насны хүүхдүүд орж байгаа уралдааныг шүүж байж “чи юу хийгээд байгаа юм, хүүхдийн дуу дууллаа” гэх жишээтэй. Хүүхэд юм чинь хүүхдийн дуу дуулна биз дээ. Естэй бил үү, аравтай бил үү нэг охин их хөөрхөн нь аргагүй уртын дуу дуулав аа. Тэгсэн “Наад уртын дууг чинь хүн болгон дуулдаг дуу биш. Наадахыг чинь тодорхой хүмүүс дуулдаг юм, чи яах гэж ийм дуу дуулж байгаа юм” гэсэн. Юу гэсэн үг юм бэ.
-Дуул гэснийг нь л дуулж байгаа тэр хүүхэд юугаа мэдэх вэ дээ, зайлуул?
-Чамд ямар ч реднанц алга гэж байгаа юм. Реднанц гэж юу байдгийг яг үнэндээ би мэдэхгүй. Та мэдэх үү.
-Мэдэхгүй юм байна.
-Тийм жаахан хүүхэдтэй мэргэжлийн хэллэгээр яриад томроод байгаа хүмүүсийг юу гэж ойлгох вэ. Би хоёр дугаар хараад сүүлдээ дургүй хүрээд үзэхээ больсон.
-Би ч нэг дугаар үзсэн л дээ. Яг үнэндээ 10 настай хүүхэдтэй арай л ширүүн харилцаад байна уу гэж бодогдсон?
-Хамгийн гол нь чадах чадахгүй нь хамаагүй хүүхдэд урам хайрлах хэрэгтэй. Миний дүү арай л чадсангүй, дараагийн удаа тэгээрэй, чамд боломж байна ч гэдэг юм уу, аятайхан хэлээд гаргаж болно оо доо. Хөдөө гадаанаас ирсэн хүүхэд олон байгаа юм. Тэгэхэд Төгөлдөр “Чи наад хувцас хунартаа анхаар, гэрийнхэнтэйгээ ярилц, юу өмсөөд ороод ирсэн юм”. Төгөлдөр эцсийн эцэст урлаг, тэр тусмаа хүүхдийн урлаг шүүх хүн мөн ч юм уу үгүй ч юм уу. Би хувьдаа дизайнер гэдгээр нь мэдэхээс биш хүүхэдтэй ажиллаж байсныг нь мэдэхгүй. Бүжиглэж байгаа хүүхдийг Бэхбат гэдэг шүүгч нь “Чи хөл гараа савчаад юу хийгээд байгаа юм бэ” гэх жишээтэй. Хүүхэд өөрийнхөө хэмжээнд л авъяасаа үзүүлж байна шүү дээ. Яагаад жаахан урам хайрлаж болдоггүй юм. Өө миний дүү болж байна, чи тэрийгээ жаахан засчих гээд хэлж болно доо, уг нь. UBS-ийн нэвтрүүлэг байна. Чадахгүйг нь аятайхан ойлгуулаад л гаргаж байна шүү дээ. Рагу ч бил үү хэн ч билээ нэг гадны нөхөр “Ах аа та чадсангүй ээ, би таныг их дэмжиж байна, гэхдээ та дараа дахиж ирээрэй” гээд л чөлөөтэй илэрхийлж чадаж байна. Тэгэхэд Төгөлдөр хүүхэд ороод ирэхэд хөмсгөө зангидаад, хүн орж ирж байна гэж тоож байгаа шинж алга. Ийм орчинд хүүхэд орж ирэхээсээ эхлээд л айна. Бөөн айдас хүйдэс дунд нэг юм дуулж бүжиглэсэн болоод л гарна. Тэд мэргэжлийн хүнтэй ажиллаагүй шүү дээ. Хүүхэдтэй ажиллаж мэдэхгүй л байгаа байхгүй юу. Хүүхэд гэдэг их эмзэг, нимгэхэн цаас шиг амьтан. Телевиз гэдэг урлаг тэр хүний айхтар болж бүтэхгүйг хасдаг. Хасаад, хасаад тийм айхтар харилцаа орж байна гээд бод. Хүүхдэд ямар сэтгэлзүйн дарамт ирэх вэ.
-Хүүхэд болгоныг ингэж миалаагүй байлгүй дээ?
-Ямар ч гэсэн миний хоёр удаа үзсэн дугаар ийм л байсан. Сүүлд гайгүй болсон байж болох юм. Чихний бөглөө гаргана гэж юу болохыг мэдэхгүй хүүхэдтэй “Чихний чинь бөглөө арилаагүй байна. Пионерийн ордны Ганхүү гэдэг багш дээр оч” гэж хэлж ч байх шиг. Би найруулагчаар арван хэдэн жил ажиллахдаа хүүхэдтэй ингэж харилцаж байгаа хүмүүсийг хараагүй.


Цааш унших

Anh udaa sport bichlee gej.
Хөлбөмбөгийн хорхойтнууд дэлхийн аварга шалгаруулах тэмцээнтэйгээ яг сарын дараа учран золгох гэж байна. Энэ удаагийн дэлхийн аваргыг зохиох Өмнөд африкчууд таван тивийн нүдийг өөртөө тусгах сурталчилгаандаа хурц өнгийг сонгож байна уу даа гэж ажиглагдаад байгаа. Халуун тивийн ногоон талбайд 32 улсын гарах эрхтэй. Эдгээр улсын хөлбөмбөгийн шигшээ багууд дэлхийн аваргад оролцох тамирчдаа зарласаар байна. Өчигдөр гэхэд Аргентиний шигшээ багийн дасгалжуулагч Марадона “байлдаанд оролцох цэргүүдээ” албан ёсоор танилцуулсан.
Мэдээж манайх энэ тэмцээнд оролцоно, тамирчдаа бэлтгэнэ гэж мөнгө үрэхгүй л дээ. Яагаад гэхээр одоогоор манайхан дэлхийн хэмжээнд өрсөлдөх арай л болоогүй байгаа юм. Арай ч гэж дээ, хэзээ ч болох юм бүү мэд, багийн спортын ирээдүй нүүдэлчин угсаатай бидний хувьд эвгүй шүү дээ. Тэр тусмаа хөлбөмбөг. Гэхдээ хөлбөмбөгчид хөгжөөгүй ч хөгжөөн дэмжигчид сайн хөгжиж байна. Ер нь Монголчуудын хувьд хөлбөмбөгийн спортод хөл нийлүүлж байгаа хэсгийг нэрлэ гэвэл фанат гэж хэлж болохоор байна. “Челси юү”, “Реал Мадрид” уу гэж шөнөжингөө зурагт ширтэж өглөө ажилдаа хоцордог залуус олширсон нь нэг талын дэвшил шүү. Эдний үзэх ая тавтай боломжийг бүрдүүлдэг клубүүд ч нэмэгдсээр байна. Жишээ нь Доргио хаус. Одоо л гэхэд Өмнөд Африкаар өвчилчихөж. Гэрлийн бүрхүүл дээрээ хүртэл дэлхийн аваргын логог тавьсан байна лээ. Ер нь шар айрагны аятайхан газрууд бүгд хөлбөмбөгчдийн зураг, дэлхийн аваргын логогоор тоноглож байна. Зөөгч охины цамц дээр Мессигийн зураг, ханан дээр тоглолтын хуваарь хүртэл бичээтэй байх ч шиг. Үүнд нэг нугалаа гарч байгаа нь Монгол Улсад иймэрхүү газрууд шөнийн 12 цаг хүртэл ажиллах хуультай. Өмнөд Африк манайх хоёр тэс ондоо цагийн бүслүүрийн улс. Шөнийн хоёр цагийн тоглолтыг гэртээ ганцаараа үзэж байснаас дэмждэг дэмждэгээрээ, өмнөө шил шар айраг тавьсан шигээ суувал аятайхан даа, уг нь. Энэ өргөн архидалт биш, залуус зорьж, нэгдэж, нэг зүйл рүү тэмүүлж, баясч, цагийг зөв зохистой өнгөрөөж байгаа хэрэг. Өнөөгийн залуус өөр болсон шүү, шар айрагны газарт уух гэж биш, суух гэж, хэн нэгэнтэй бодлоо хуваалцах гэж ирдэг болсон. Тэгэхээр хүнийхээ төлөө улс юм бол энэ тал дээр мэддэг байгууллагууд нь зохицуулалт хийхээс өөр аргагүй.
Манайхдаа гэж зүслэх ганц ч хөлбөмбөгч байхгүй ч гэсэн Роналдо, Месси, Бэккэм, Марадона гээд алдартнуудыг араас нь хараад байтугай хэтрүүлж хэлбэл хөлийн чигчий хуруугаар нь таних монгол залуус олон шүү. Жишээ нь нэг найз маань Ливерпулийн идэвхтэй фанат. Ливерпульчууд одоогоор нэг их өөдлөхгүй байгаа болохоор манай найз ч сэтгэл санаа тааруу явах болсон. Английн премьер лигийн саяхан болсон тоглолтод өнөөх баг нь Челсид хожигдох нь гарцаагүй байхад хожигдлоо гэж уурлаад ажлаа тасалж билээ.
Ганц манай улс ч биш, энэ спортоор өөдтэй, өөдгүй нь хамаагүй, улс орон бүр дэлхийн аварга хэн болохыг тэсч ядан хүлээж байна. Ливерпуль, Челси, Манчестер Юнайтед гээд алдарт клубуудын үнэтэй тоглогчид улсынхаа шигшээ багт орж биетэйгээ өрсөлдөнө гэж бодохоор хорхой хүрнэ. Хөлбөмбөг ганц спорт, олон түмнийг баясгадаг хэрэгсэл биш юм. Дэлхийн улсуудын ямар ч төрлийн харилцаанд НҮБ-аас ч илүүү дэм өгч байгаа гэж хэлэхэд буруудахгүй болов уу.
Шинэ үеийн залуус кока колаг сонгож байна гэдэг шиг шинэ үеийн балиашигууд Англи, Зааны ясан эрэг, үгүй ээ Герман гээд л дэлхийд аваргалах улсыг таамаглаж байна. Спортын сайт, олны ярианаас ажаад байхад Дэлхийн аварга гээч цол тэмдгийг Английн шигшээ авах гээд ч байгаа юм шиг. Сэдвээсээ хадуурахад Английн шигшээгийн фанатуудын тоонд Майкл Овэн, Дэвид Бэкхэм нар асар их өөрчлөлт оруулсан гэдэг.
Хөлбөмбөгийн ер нь юу нь гоё юм бэ. Дэмждэг багаа үзээд суух гоё, тэр тамирчны тоглолтыг үзэх урамтай, хөлбөмбөг бол агуу спорт, хүн төрөлхтний бий болгосон хамгийн их үзэгчтэй спорт, хэзээ ч нэг юм давтагддаггүй, сайн, муу багийн ялгаа багатай гээд олон зүйл байна л даа. Энэ бүх гоёос илүү Монголдоо гээд тодотгоход манай залуус нэг зүйл рүү шимтэж, бөөн бөөнөөрөө хүн төрөлхтний бий болгосон хамгийн сайхан тоглоомд дурлаж байгаа нь авууштай.
Залуусын энэ байдлыг хараад байхад наймдугаар сарын найр зургадугаар сар руу татагдах нь гарцаагүй болоод байна. Үүнийгээ мэдсэн фанатууд эртнээс амралтын зохицуулалтаа хийж байна. Европт гаргасан судалгаагаар энэ үеэр хөлбөмбөгөөс болж амь насаа алддаг хүмүүсийн тоо энэ үед эрс өсч, хөлбөмбөг өндөр хөгжсөн орны эдийн засаг навс буурдаг гэсэн байна. Хожвол бүгдийг дайлж, хожигдвол бооцоо тавьсан эсрэг багийхандаа мөнгөө өгнө. Уурлаж, шаралхаж, түнтийтлээ уурласан эр хүн хөлбөмбөгийн тоглолт гарч байгаа газраар нэг байх болно. Томоохон хөлбөмбөгийн талбайнууд яахаас ч буцахгүй фанатуудыг дэмждэг багаар нь хувааж торонд хийж цоожилдог. Хагас солиорлын байдалтай болсон нөхөд яаж ч магадгүй болохоор ингэдэг хэрэг. Ер нь хөлбөмбөгийн тоглолтын үеэр зодоон цохион гарахгүй байна гэсэн түүх байхгүй. Айхтар үймэлдээд эхэлбэл цэрэг цагдаа болно уу гэхээс бага зэргийн зодоон бол байх л асуудал.
Мөн энэ үеэр шар айрагны борлуулалт хоёр дахин ихэсдэг. Ирэх сард болох Дэлхийн аваргад зориулаад шар айраг үйлдвэрлэгчид янз бүрийн арга хэмжээ зохиож эхэлсэн байгаа. Дэлхийн аваргын тоглолтын албан ёсны түншээр “Tiger” шалгарсан. MCS, GEM, АПУ компаниуд энд тэндгүй том асар барьж хөлбөмбөгөө шар айргаар хачирлахыг санал болгоно. Яг хаана, шар айрагны ямар асар сүндэрлэх нь одоогоор тодорхойгүй байгаа ч хөлбөмбөгийн фанатууд хаана яаж үзэхээ аль дээр төлөвлөсөн байх юм. Зарим нь бүр дэмжих улс улсаараа нэгдэе гэсэн уриалга гаргасан ч байна лээ.


Цааш унших

Өнөөдөр тавдугаар сарын 13-ны өдөр. Манай том эгчийн төрсөн өдөр. Хэд хүрч байгаа юм бэ дээ. Надаас зургаа эгч гэхээр бүр талийж өгсөн байна шүү дээ. Дараа жил гэхэд 30 хүрэх нь. Яана аа одоо, амьдрал мөн ч богино юм даа. Ингээд л өнөө суурь зовлонтойгоо зууралдаад эхэлдэг юм. Өөрийгөө хөгширч байна гэж бодож шаналдаг байснаа халиад бүр өөр хүний нас намбанд санаа зовдог болж.
Сая таньдаг хүнийхээ блогийг уншлаа. Тэгээд юм бичих хорхой хүрээд, юу бичих талаар бодоо ч үгүй байж, шинэхэнэ блогтоо аахар шаахар юм сараачиж сууна. За юу бичих вэ...

Ингэхэд өнөөдөр ямар тэнэг өдөр вэ. Гадаа шороогоор шуураад л. Сэтгэл санаа ч гэсэн энэ шороон шуурга шиг байна. Юунаас болж сэтгэлээр унаж байгаа юм бол. За даа, хариултыг өөртөө үлдээе, бичмээргүй байна. Яг үнэндээ бичихээс залхлаа. Тэр ярвигтай асуудлыг яаж гоё найруулах вэ, эхийг нь эцээж тугалыг нь тураахгүйгээр ямар арга хэмжээ авах вэ, хүмүүст ямар сэтгэгдэл төрөх бол гээд санаа, бие зовох олон асуудал байна л даа.
Ингэхэд энэ интернэт гээч агуу том хогийн сав байна аа. Би сүүлдээ энэ их мэдээллээс залхдаг болоод байгаа. Хэрэгтэйг нь аваад хэрэггүйг нь хая гэдэг дээ. Гэтэл хэрэгтэй гээд уншихаар хэрэггүй болж таарах тохиолдол бишгүй байх юм. Хайран цагийн гарз. Тийм үү. Мэдээллийн эрин гэхэд арай л давраад байна шүү, яг үнэндээ. Санаагаар болдог бол тэр хэрэггүй мэдээлэл хийж байгаа хүмүүсийн сэтгэлгээнд өөрчлөлт оруулах юмсан. Хэнд ч хэрэггүй хогоо олон нийтэд битгий цац аа гэж.
Бүр уур хүрчихлээ. Нэг амьтнаас ярилцлага авахаар тохирсон юм. Тэгсэн утсаа салгачихсан ч байх шиг. Тэр одоо юу вэ, од уу, мэдэх ч үгүй юм байна. Ер нь од байсан ч ингэж тэнэгтэж болохгүй л дээ. Хэд хэдэн удаа утасдаж, энэ тэр. Гай л байна, тэрнээс ярилцлага авъя гэж гуйх уу, үгүй л байхгүй юу. Гай чинь өнөөдрийн ажил нураах нь л дээ. Одоо нүүрэндээ ямар юм бичнэ ээ. Өөрийнхөө зургийг тавилтай биш. Иймэрхүү новшнуудаас болж л монгол улс хөгждөггүй юм ш дээ, нэгэндээ гай болсон. Чадахгүй бол чадахгүйгээ шууд хэлэх хэрэгтэй.
Ерөнхийдөө жаахан сулхан материал биччихлээ. Хүмүүсийг нэтэд хог шиг материал битгий нэм гээд байсан өөрөө нэмчихлээ. Энэ чинь юу болж байна. Дээр бичсэндээ наанатай цаанатай хандах л хэрэгтэй байж дээ.


Цааш унших


Америкт сурахын хажуугаар морин хуур заадаг Г. Уртнасантай ярилцлаа. Мэдээж бидний яриа цахим “морь” хөлөглөсөн. Хуур сонирхогчдод биечлэн заахаас гадна, цахимаар заадаг гэсэн ерөнхий мэдээлэлтэй түүний хаягийг олж авсан юм. 15 цагийн зөрүүтэй цагийн бүсд амьдарч байгаа болохоор бид ярилцах цагаа хэн хэнийхээ ажил амьдралын цагт “халгүйгээр” өдрийн нэг цаг гэж товлосон юм. Тэнд орой энд өдөр болж байгаа хэрэг л дээ. Монгол зангаараа би нэг цаг орчим гэдэг ойлголттой аваад мессенжерт ануухан орлоо. Тэгсэн мань эр надад 27 минутаар хоцорсныг минь хатуухан сануулдаг байгаа. Ямар цаг товлоод хаа нэгтээ усан бороонд норж хүлээж байгаа биш дээ, гэхдээ л дадаж сурсан хэдэн минутын наана цаанахь найрандаа санаа зовж байгаа юм. Сайн байна уу-гаасаа эхлээд л сонирхол татсан энэ залуу хаагуур юу хийгээд явна вэ. Түүний сонирхолтой ажил амьдралыг танилцуулъя.
-Байна уу, та хоцорлоо.
-Уучраалай. Сая ярилцлагатай байлаа. Уг нь нэг цаг гэхэд дуусчихна гэж бодсон чинь бүр сунжраад...
-Ойлгож байна аа.
-Та яараад байгаа юм уу?
-Жаахан ажилтай байна аа. Учир нь далай багш ирэх долоо хоногт Индиана мужид айлчлах юм. Далай ламд зориулсан концертын туслах найруулагчаар нь би ажиллаж байгаа болохоор ажил жаахан их байна.
-Тийм үү. Дэлхийн буддын шашны тэргүүнд зориулж концерт найруулдаг та ч мундаг хүн юм аа. Энэ манж үг биш шүү, зүгээр л таны ямар сургуульд хэрхэн суралцаж байгаа, яагаад энэ концертыг найруулах болсон талаар асуух асуултын оршил?
-Уг нь би Монгол Улсын Морин хуур чуулгын морин хуурч. Одоогоор чөлөөлөгдөөд оюутан болсон байна. Би Сиэтл хотод амьдардаг. Энэ хотдоо Прожект менежментээр “City University” гэдэг сургуульд суралцдаг. Хөгжмөөс ондоо мэргэжил болохоор мэргэжлээ солихоор шийдэж гэж бодуузай. Би солихгүй ээ, зүгээр л ирээдүйд хэрэгтэй мэргэжил гэж бодсон юм.
Далай багшийн энэ удаагийн айлчлалд зориулсан тоглолтонд 2 дахь удаагаа оролцож байна. Урьд нь жирийн тоглож байсан бол энэ удаа арай ондоо маягаар оролцож байгаа маань нэр төрийн хэрэг. Мөн Ажаа гэгээнтэний надад итгэж байгаа итгэл байна л даа. Итгэлийг алдахгүй ажиллахыг хүсэж байна.
-Америкт очсон хүмүүс Ажа гэгээнээс адис авлаа гэж бэлгэшээх юм. Ямар ид шидтэй гэгээнтэн байдаг юм бэ?
-Монгол гэгээн хүн байдаг юм. Далай багшийн Америк дахь бүх асуудлыг зохицуулдаг, Төвд Монголын шашин соёлын төвийн тэргүүн хүн. Энэ төвийн тэргүүнээр өмнө нь Далай багшийн ах нь байсан юм билээ. Тэгээд нас барсных нь дараа Далай багшийн хүсэлтээр Ажа гэгээн түүний үйл хэргийг нь үргэлжлүүлж байгаа. Ажа гэгээнтэй 2007 онд Далай багшийн айлчлалын үеэр танилцаж байв. Тэрнээс хойш холбоотой болсон.
-Далай ламд зориулсан тоглолтоо ямар шийдлээр яаж найруулж байна даа?
-Би нөгөөдөр тэнд очно. Тэгээд ямар газраас хэчнээн хүн ирэх вэ, тэдний ямар утга учиртай, дуу хөгжим байна гэдгийг хянана. Өмнөх Далай багшийн айлчлалын үеэр манай монгол хүн хятадаар дуулж бөөн асуудал гаргасан. Тийм болохоор няхуур хандах үүднээс баахан даалгавартай байгаа. Бас монгол кино групп энд ирж байгаа. Тэрийг ахалж ажиллах юм.
-Ямар зорилгоор очиж байгаа юм бэ?
-Хэд хэдэн баримтат киноны бичлэг хийх байх. Далай ламын айлчлал, Ажа гэгээнтний тухай, Төвд Монголын шашин соёлын төвийн үйл ажиллагаа гээд. Миний хувьд өөртөө ажил нэмж байгаа хэрэг юм даа. Маргааш киноныхон энд бууна, тэгээд л ажил эхэлнэ дээ.
-Онлайнаар морин хуур заана гэхээр яаж заана гэсэн үг вэ. Ямар математик зааж байгаа биш. Хөгжим, тэр тусмаа морин хуур шүү дээ?
-Харин хүмүүс ингээд байгаа юм аа. Сая багш ирээд явахдаа миний хийж байгаа морин хуурын онлайн сургалтыг маш шинэлэг зүйл боллоо гэж дүгнээд буцсан. Заах аргаа видео, computer граффик маягаар youtube дээр байрлуулсан. Та орж үз дээ.
-Үзлээ. Ямар хөөрхөн арга вэ?
-Яасан бэ, урьд нь хүн хийсэн зүйл байна уу.
-Үгүй дээ. Хэн ч үзээд сурч болохоор ойлгомжтой юм байна шүү дээ?
-youtube дээр зөвхөн туршилтын хэсэг тавьсан байгаа. Цаашлаад монгол, англи хэлээр давхар явагдах юм. Одоо бол дөнгөж эхлэж байна. Морин хуурын шинэ сургалт гэж зарим хүмүүс дүгнээд байгаа. Үнэндээ энэ санаа хоёр жилийн өмнө төрсөн. Америк нутаг өргөн уудам, морин хуурын боловсон хүчин бага, морин хуур сонирхогч олон. Иймээс энэ ийм санааг гаргаад одоо хэрэгжүүлж байна даа.
-Онлайн сургалтаа цааш хэрхэн өргөжүүлье гэж бодож байна. Зайны сурагчидтайгаа хэрхэн холбогдож байна вэ?
-Угаасаа хийж байтал арга зам гараад ирэх байх. Сонирхсон хүмүүс миний цахим хаяг руу захиа явуулдаг. Тэгээд цаг болзох юм уу, утсаар, хариу захиагаар зөвлөгөө өгнө. Одоохондоо жаахан туршлага бага байна даа.
-Цахимаас гадна биечлэн заадаг шавь бий биз дээ?
-Бий бий. Одооноос хэдэн хүн монголд аваачих бэлтгэл хийж байна. Сая болсон олон улсын морин хуурын хоёрдугаар наадамд очиж үнэхээр амжсангүй. Уг нь би Дэлхийн морин хуурын холбооны Америк дахь төлөөлөгч нь байгаа юм. Тэгээд жинхэнэ очих ёстой үйл ажиллагаандаа очиж чадаагүй гээд баахан банга хүртсэн.
-Наанаа очоод хэр удаж байна?
-АНУ-д ирээд гурван жил хагастай болж байна. Хоног хугацаа хурдан юм аа. Анх ажлаасаа чөлөө авахдаа хоёр жил гэж байсан. Яг энд ирсний дараа нөхцөл байдал тэс өөрөөр эргэдэг юм байна лээ.
-АНУ-г хүний эрхийг номер нэгт тавьдаг газар гэдэг. Монголчуудад хэр ээлтэй юм бэ дээ?
-Энэ улсад монголчууд хэдэн арваараа төвлөрдөг юм байна. АНУ-гийн 50 муж улсад бараг бүгдэд нь монголчууд байдаг байх аа. Тоглолт болон ажлаар нэлээн хэдэн муж улсаар явсан. Бүгдэд нь л таарах юм. Манай монголчууд байгаа газартаа янз бүрийн ажил хөдөлмөр эрхэлж, янз бүрээр л байна. Хууль ёсоор байх нэгэн байхад хууль бусаар ажиллаж амьдарч байгаа нь бий. Оюутнууд олон байна, бас. Ер нь манайханд ээлтэй улс гэж боддог шүү.
-Морин хуур заадаг гэсэн. Ямар шугамаар хэрхэн хичээллэдэг хэрэг вэ?
-Энэ улсад ирээд эхлээд хэсэг хугацаанд тоглолтод явдаггүй, зөвхөн өөртөө л бэлтгэл хийдэг байсан. Учир нь Монгол руугаа удахгүй буцна гэж боддог байсан хэрэг л дээ. Хөгжмийн хүн, тур тусмаа мэргэжлийн хөгжимчид байнга л бэлтгэлтэй байх хэрэгтэй. Найман сар гарангийн дараагаас тоглож эхэлсэн. Тэр тоглолт маань Далай лам конгрессийн алтан од шагнал хүртээд Индиана муж, Блүмингтон хотод айлчлах үед тоглосон тоглолт байсан.
Энэ тоглолтын дараагаас хөгжмөө сонирхсон хүмүүст заах бодол олж ирсэн дээ. Монголд байхдаа чуулгын дэргэдэх “Хуурчийнхан” сургалтдаа багшилдаг байв. Хөгжим бүжгийн коллежид ч бас хэсэг багшилсан. Энэ туршлагатай суурилсан хэрэг л дээ. Анх Вашингтон DC хотод Монголын соёлын төвтэй хамтарч эхлүүлсэн. Одоо бол Сиэтл хотод Вашингтоны их сургуулийн дэргэд үргэлжлүүлж байна.
Саяхан Ц.Батчулуун багш маань МУ-н Морин Хуурын чуулгын дэргэдэх “Хуурчийнхан” сургалтын төвийн АНУ дахь салбарын тэргүүлэгч гэдэг батламж Вашингтон DC дэх элчин сайдын яаман дээр болсон арга хэмжээн дээр гардуулаад явсан. Энэ нь надад маш их үүрэг хариуцлага оноож байгаа илрэл юм уу даа.
-Нээрээ Ц.Батчулуун АНУ-ийн хотуудад хийсэн морин хуурын үүсэл хөгжлийн талаар лекцийг таны морин хуурын аялгуугаар “хачирласан” гэж дуулсан?
-Багш бид хоёр АНУ-ийн нэлээд хэдэн газраар хуураа сурталчилсан лекц тоглолт хийсэн. Ямар ч гэсэн Америкт морин хуурын талаар болсон анхны том ажиллагаа гэж дотроо дүгнэж байгаа. Багш ч гэсэн эндэхийн нэг телевизэд өгсөн ярилцлагадаа “Холын Америк одоо ойр болжээ” гэж хэлсэн.
-Яагаад тэр холын Америкт Монгол соёлыг түгээхийг хүссэн юм бэ?
-Нэгдүгээрт би энд сурч байна. Хөгжмөөсөө хол зүгээр суугаад баймааргүй байна. Хоёрт Монголынхоо соёлыг ганц би түгээгээд байгаа биш, энд ажиллаж амьдарч байгаа олон хүмүүс чадлынхаа хэрээр монголоо гэхийг хичээж байгаа.
Зарим нэг үнэн сэтгэлээсээ байхад зарим нь арай өөр хэлбэрээр яваад байгаа ч юм шиг санагддаг. Гэхдээ энэ хамаагүй л дээ. Хийж л байвал болоо.
-Арай өөр хэлбэрээ жаахан тодруулбал. Сонин санагдчихлаа?
-Энд монголын олон арга хэмжээ болдог. Түүн дээр монгол гэсэн тодотголтой мэдэх мэдэхгүй янз бүрийн зүйл гарна шүү. Би дотроо боддог юм, бид нэгдэж байж үндсэн нэг чигтэй сурталчилгаа явуулбал яасан юм бэ гэж. Хэрэв бид нэгдээд ажиллавал би гэхэд мэдэхгүй зүйлээ эртнээс мэднэ шүү дээ. Гэхдээ би л мэдэхгүй байгаа юм уу гээд судлахаар тэр яах аргагүй монголын үндэсний зүйл биш байдаг. Монгол гэсэн нэрээр далимдуулж мөнгө олох гэсэн аргатай хүмүүс явдаг юм байна лээ. Иймэрхүү арга хэмжээнд хятадууд ч монголыг танилцуулаад явж байх жишээтэй. Үнэндээ Америкт Монголын талаар мэдээлэл бага. Хятад, монголыг зарим нь ялгах ч үгүй.
Миний нэг багш надад “Аливаа улсыг үндэсний урлагаар нь таньдаг” гэж хэлж байсан юм. Үндэсний урлагаараа л бид монголоо танилцуулна шүү дээ. Би монгол соёлыг түгээнэ гээд л цээж дэлдээд байгаа биш. Надад угаасаа ахдана. Би зүгээр л морин хуурын сайн зүтгэлтэн байх юмсан гэж хүсдэг болохоор хөгжмөө тоглоод, хөгжмөө заагаад явж байна. Монгол Америкийн хоорондахь морин хуурын замыг илүү өргөн болгож, тэр замаар маш олон урсгалаар морин хуур маань зорчдог болоосой гэж хүсдэг юм. Энэ л миний үүрэг, бас чуулгынхандаа өгсөн миний амлалт байгаа юм.
-Нутгаа хэр үгүйлж байна вэ?
-Нутгаа маш их санадаг. Гэхдээ миний аав ээж бас энд байдаг болохоор хүний нутагт ганцаар байгаа хүнээс хамаагүй дээр байх. Аав минь бөх хүн. Би багаасаа хурдан морины нуруун дээр өссөн. Би манлай уяач Гарамжавын зээ хүү л дээ. Нутгаа гэсэн нэг гэр бүл энд байна. Зун болохоор айраг маань санагдаад, хурдан морины үүрсээ сонсогдоод, сэтгэл дэвэлзүүр л өнгөрдөг. Гэхдээ одоо дасч байх шиг байна.
-Хэзээ эргэж ирэх юм бэ?
-Мэдээж сургуулиа төгсөнө, ямар ч байсан эхлүүлсэн ажлынхаа нэг чигийг харна. Дэлхийн морин хуурын холбооны Америк дахь төлөөлөгч гэж бодохоор удах ч юм шиг. Гэхдээ удахгүй Монголдоо очно оо.
-Ингэхэд Морин хуурын чуулгад хэзээнээс ажиллах болсон юм бэ?
-Анх хөгжим бүжгийн коллежийн нэгдүгээр курсын оюутан дагалдан хөгжимчнөөр орж байлаа. Энд иртлээ ажилласан гэхээр долоо, найман жил ажилласан байх. Миний өвөө уртын дуу сайхан аялдаг хүн байсан. Морин хуурт дуртай. Тэгээд л надад энэ мэргэжлийг сонгох зөвлөгөө өгсөн дөө. Харамсалтай нь намайг аятайхан тоглож сурахыг харж чадаагүй ээ. Сайн биш аятайхан шүү. Аливаа зүйлд оргил гэж байдаггүй болохоор жаахан даруухан загнахгүй бол болохгүй. Гэхдээ өөрийгөө муу гэж байгаа биш. Манай чуулгад хэр баргийн хуурч ордоггүй юм шүү дээ.
-Хэр баргийн хуурч ордоггүй болоод л танаас морин хуурын чуулгад орсон түүхийг тань асуугаад байхгүй юу. Залуу хүнээс ирээдүйн талаар асуумаар байна. Таны ирээдүй сэтгэлд тань хэр тод гэрэлтдэг вэ?
-Ирээдүйгээ сайхнаар төсөөлж байна аа. Их ажлын дараах амралт гэдэг шиг. Өөртөө итгэлтэй болохоор надад сайхнаар төсөөлөгддөг.
-Монголд хаврын тэнгэр ааштай айлын авгай шиг л аяглаж байна. Америкт цаг агаар ямар байна вэ?
-Манай энд цаг агаар сайхан байна аа. Гэхдээ миний амьдарч байгаа газар Монголын агаартай их төстэй. Бас байнга шахуу бороо ороод сайхан байна. Монголд маань цаг агаар тогтуун хүмүүсийн сэтгэл тэнүүн байгаасай билээ.


Цааш унших


Ухаан орох цагаасаа Японд амьдарсан болохоор япон хэл соёлыг Монголынхоос ч илүү сурсан Б.БУЯНТОГТОХ хүүтэй ярилцлаа. Монголд төрсөн ч дэлхийгээр нэг тархан суурьшиж байгаа монголын үр сад эх хэл соёлоо мартлаа гэсэн харуусал бидэнд их бага хэмжээгээр төрдөг. Гадаадад төрсөн ач зээтэйгээ аав ээжээр нь орчуулуулж хэл нэвтрэлцэж байгаа эмээ өвөө нар олон. Ингээд л бидний хүүхдүүд хэл соёлоо мартчих уу гэсэн харамслыг Б.Буянтогтох хүүгээр жишээ татаж үгүйсгэе. Түүний ухаан орж, хорвоотой танилцаж, өөрийн гэсэн бодол суух цаг үе бүгд арлын оронд өнгөрсөн. Хэдий жаахан ч гэсэн Б.Буянтогтохын би монгол хүн шүү гэсэн язгуур бодол нь давамгайлж хүний нутагт бие дааж морин хуур татаж сурчээ.
Одоо тэрээр 84 дүгээр сургуулийн 7ё ангийн сурагч. Монгол хэлээр жаахан түгдэрч ярьдаг ч гэсэн эх хэлээ мэдэхийг, их соёлоо хадгалахыг хичээж яваа хүү. Ээж аав нь ч гэсэн хүүгээ эх оронтой нь ойр байлгахыг их хүссэн нь ярианаас нь мэдрэгдсэн. Тэд “Бид монголд байсан бол хүүхдэдээ хэзээ ч морин хуур сургахгүй байсан байхаа” гэж хэлж байсан юм.
-Чамайг Японд олон жил амьдарсан гэж дуулсан юм. Тэгээд ярилцах хүсэл төрлөө?
-Анх Японд 2000 онд очсон. Ээж тэнд сурдаг болохоор аав бид хоёр араас нь очсон юм. Ам бүлээрээ Японд найман жил амьдраад түрүү жил эргэж ирлээ.
-Чи бүр дөрвөн настайдаа эх орноосоо гарсан байж яаж морин хуур тоглож сурсан юм бэ?
-Миний сурч байсан сургуульд Сага Харухиkо гэдэг морин хуурч Монголын Нэргүй гэдэг хуурчийн хамт тоглолт хийсэн юм. Тэгэхэд би хоёрдугаар анги байв. Тэдний тоглолтыг үзээд морин хуур сурах юмсан гэсэн хүсэл төрсөн л дөө. Тэгээд Сага багштай холбогдоод, дараа нь манай Хоккайдод морин хуурын багш Аюушийн Бат-Эрдэнэ ирэхээр нь шавь орсон. Ингээд л морин хуур сурч эхэлсэн. Одоо бол Монголын хүүхдийн ордны морин хуурын дугуйланд Буян-Аравжих багшийн удирдлага дор сурч байгаа. Өмнө нь сонирхлоороо сурч байсан л даа. Ноот мэдэхгүй. Багш маань сард юм уу хоёр сард нэг удаа ирж ерөнхийд нь хэлж өгнө. Аав маань тэр уед нь видео kамерт багшиийн зааж байгааг бичиж аваад, дараа нь би бичлэгээ үзээд хичээллэдэг байсан. Багшийн үлдээсэн видео бичлэг, гарын авлагыг нь хараад хичээллэдэг байв.
-Хөгжим сурах хэцүү шүү дээ. Тэгээд өдөр бүр зааж зөвлөх багшгүй зөвхөн сонирхлоороо сурна гэдэг?
-Анх сурч байхад шантран алдсан. Хяхтнуулаад л суугаад байна, олигтой аялгуу гарахгүй. Энэ үед аав ээж их дэм болсон л доо. Аль болохоор дэмжээд л, бараг би биш аав ээж хоёр сурч байгаа юм шиг гурвуулаа оролддог байв. Тэгээд долоон ноотоо уншиж сураад ганц хоёр аялгуу оруулж сурахаар урамшаад, улам гоё тогломоор санагдсан. Японы бага сургуулийн хичээл шахуу биш болохоор давтах цаг их гарна.
-Япончууд морин хуурыг нэлээн сонирхдог юм шиг билээ. Чи энд тэнд тоглодог биз дээ?
Тиймээ, морин хуурыг сонирхдог Япончууд цөөнгүй бий. Миний байсан Саппоро хотод 20 гаруй хүн морин хуур тоглодог. Тэднээс 6 хүн ирээд Морин хуурын Олон улсын II Наадамд оролцоод маргааш буцах гэж байгаа.
-Саппород зохиогддог янз бүрийн арга хэмжээнд тоглоно л доо. Миний ээж Хоккайдогийн их сургуульд сурдаг байсан юм. Тэгээд ээжийн сургуулийн бүхий л арга хэмжээнд нь очиж тоглоно. Японы Бага сургуулийн сурах бичигт Сүхогийн цагаан морины домог байдаг юм. Хүүхдүүд энэ домгоос морин хуурын талаар анхны мэдэгдэхүүнтэй болдог.
-Тэр домог манай “Хөхөө намжил”-ын домгоос тэс өөр юм билээ?
-Тийм. Сүхо гэж ядуу залуу цагаан унага олоод өсгөөд их гоё морь болгодог. Тэр морио түрүүлсэн морины эзэн нь хааны охинтой суух уралдаанд уралдуулаад түрүүлүүлдэг юм. Тэгсэн нэг баян хүн Сүхогаас морийг нь худалдаж авах санал тавьтал зөвшөөрдөггүй. Нөгөө баян уурлаад морийг нь дээрэмдэж аваад Сүхог мөнгө ч үгүй морь ч үгүй үлдээчихдэг. Монголд хамгийн хурдан цагаан морьтой гээд нөгөө баян баярхаж байтал булгиад унагаачихдаг юм. Тэгээд тэр баяны цэргүүд цагаан морийг нь харваад алчихдаг домог байдаг. Ер нь японы телевизээр монгол гэхээр дандаа хөдөө тал, эсвэл траншейны хүүхэд гардаг. Монголд цэцэрлэгт явж байснаа ярихаар цэцэрлэг байдаг юм уу гэж гайхах жишээтэй.
-Бас сүмочидоор маань таньдаг байх?
-Тийм. Чи Асашёрюүгийн монгол уу, адилхан биш юм аа гэх жишээтэй. Монгол гэхээр бүх хүмүүс нь Асашёрюү шиг байх юм шиг төсөөлдөг. Манай хоккайдад наймдугаар сард Сүмочид ирж үзүүлэх барилдаан хийдэг юм. Тэр үеэр монголынхоо сүмочидтой уулздаг.
-Тэд нутгархана биз?
-Хакүхо үг цөөтэй. Нэг их сүйд болохгүй. Харин Асашёрюү монголчууд наашаа гээд л тойруулж суулгаад ярьж өгнө. Монгол руугаа байнга ирж очдог болохоор монголд тэгж байна, гоё байна гээд бусад монголын сонин сайхнаас ярьдаг байсан.
-Чиний хэлэнд япон аялга байна шүү?
-Харин гайгүй болоод байгаа. Цэцэрлэгээсээ эхлээд японоор ярьсан болохоор яалт ч үгүй япон хэлийг монголоос илүү мэднэ л дээ. Ээж аав монгол хэл мартуулахгүй гээд гэртээ монголоор ярина. Гэхдээ надад монголоор ярих хэцүү байдаг болохоор асуусан асуултад нь японоор хариулна.
-Монголоор ярих хэцүү байна уу?
-Хэцүү. Өөрийнхөө бодож байгаа зүйлээ дэлгэрэнгүй ярьж чадахгүй болохоор хэцүү байдаг юм.
-Ухаан орох цагаасаа Японд байсан хүнд одоо ингээд Монголд амьдрах ямар байна вэ?
-Уг нь гоё л доо. Гэхдээ гадаа жаахан бохир. Хаа ч явсан энд тэндгүй хог. Эхлээд сонин санагддаг байсан, одоо дасч байна даа.
-Монголд сурах Японд сурахаас хэр ялгаатай байна вэ?
-Би энд нэг жил л сурч байна. Хичээл нь хамаагүй хүнд, математик гэхэд хоёр ангиар хоцорчихсон байсан. Японд бага сургуулиа төгсөөд энд дунд сургуульд ирсэн юм. Японд нэг хичээлийг их удаан үздэг. Ойлгоогүй хүүхдүүддээ тааруулаад хичээллэдэг. Харин энд болохоор ойлгосон хүүхдүүдэд нь тааруулж хичээллэдэг. Гэхдээ Японд бага сургуульд л сурч байсан болохоор харьцуулахад жаахан хэцүү л дээ.
-Ирээдүйн мэргэжлээ бодсон уу. Японд амьдрах юм уу, Монголдоо байх юм уу?
-Мэргэжлээ бодож л байгаа. Ямар ч гэсэн япон хэлтэй болсон юм чинь Монгол Японы харилцааны гүүр болъё гэж бодож байна. Багадаа бэйсболчин, тамирчин болно гээд л ярьдаг байсан. Нээрээ би жудо, kарате, усанд сэлэлтээр хичээллэж байсан. Гэхдээ энд ирээд ганц ч удаа бассейнд ороогүй байгаа. Энд бассейнуудын ус хүйтэн, жаахан бохир юм билээ.
-Чамтай холбож өгсөн хүн надад чамайг долдугаар ангийн жаахан хүүхэд байж “Монгол хүн болж төрсөндөө бахархаж байна” гэж хэлсэнд нь олзуурхсан гэсэн. Чи үнэхээр монгол хүн болж төрсөндөө бахархаж байна уу?
-Бахархаж байна. Манай нэг ах “Япон хэдий хөгжилтэй, хүмүүс нь боловсролтой ч гэсэн Монгол хүнийг компанидаа ажиллахыг урьсан” гэж хэлж байсан юм. Тэгэхээр монголчууд бусдаас илүү чадвартай, авъяаслаг ард түмэн гэж ойлгодог.


Цааш унших