Ene niitleliig nehoyr jiliin omno bichij baisan yum bn
Юм бүхэн долдугаар сарын 1-тэй холбогддог болсон өнөө цагт үүнээс арай өөр сэдвийг хөндье. Монголчуудыг нэг зун хоёр удаа наадамдуулсан олимпийн алдартнуудынхаа болон одоогоос бүтэн хагас жилийн өмнөх тэр нэг аймшигт явдлын талаар. Илүү сартай намрын эхний сарын тэдгээр өдрүүдэд уйлж дуулж, цугларч, “илүү илүү” гээд л ёстой гоё.

“Манай компанийн зүгээс хэдэн өрөө байр, тэдэн төгрөг, өдий чинээ хөрөнгө, төдий чинээ үйлчилгээний эрх өглөө” гэж томчууд баярхахад нь монголчууд итгэж, өгөөмөр сайхныг нь шагшицгаасан. Харин жижиг дунд бизнесийн­хэн үсийг нь засъя, хумсыг нь авъя, массажинд оруулъя, манайд ирээрэй гэж ам уралдуулж бэлэг амлаж байв. Олимпийн алдарт­нуудаа насаараа идэх хөрөн­гөтэй боллоо доо гэсэн чинь үгүй юм аа. Амласныг нь ава­хаар очиход манай рекламанд тоглоод аваарай гэж барьцаал­даг аж. Өнөө хэд маань өмнө нь ямар камерын урд гарч, сэтгүүлчдийн байцаалтад орж байсан биш “Шинэ зүйлд дасах хүндхэн байна” гэж үнэнээ хэлж байсан. Харин тэд өнөөдөр муухан жүжигчнээс “илүү, илүү” гэдгээ энд тэндэхийн рекламанд мэр сэр тоглосноороо харуулж, цээж баячуудын амласныг авахаар үзэж тарж байна. 2007 оны зургадугаар сарын 13. Нулимс барж элэг эмтэлсэн аймшигт хар өдрүүдээс хойш нар дэлхийг нэг бүтэн нэг хагас тойрчээ. Ойн түймэр унтраах гэж яваад амь эрсэдсэн эрсийн нэрийг эцэг эх, эхнэр хүүхдийнх нь өмнө дуржигнатал уншиж байсан үе хагацал гэдгийн туйл гэмээр. Тэр явдал өдөрт нэг бэлэн хоол, нэг талхны нормтой онцгойгийнхны ажил, амьд­ралын нөхцөлийг төрийн түмэн нүдэнд харуулсан. Эрх мэдэлт­нүүд “Ээ элээ минь ийм ч юм байх гэж” хэмээн уйлан халаг­лаж арга хэмжээ авч анхаарал халамж тавихаар ханцуй шамлав. Амь үрэгдэгсдийн ар гэрт байр өгөхөөр боллоо. Гэвч юу юугүй улсын төсвөөс мөнгө нь гараад өнөө маргаашгүй өгчихнө гэсэн байр одоо хүртэл байдаггүй. Тэд цөөн мөнгөний цалинтай амь дүйсэн ажлаа сэтгэл дүүрэн хийдэг байсны учир шүхэрчин мэргэжилтэй байсных. Тэнгэрээс буудаг хүү нь тэнгэр өөдөө явсныг дуулаад “Шүхрээр буух дэндүү дуртай байсан юм даа, миний хүү” гэж ээж нь халаглаж байсныг тодхон санаж байна. Энэ үгийг “Эх орныхоо төлөө эрэлхэгээр амь үрэгдсэн хүүгийн чинь төлөө эмгэнэн гашуудаж байна. Та бүгдийн амьдралд бага ч гэсэн нэмэр болох үүднээс нэг өрөө байр өгнө өө” гэж хэлсэн хүмүүс санаж байвал сайнсан. Жаргал зовлон гэдэг хүний амьдралын хоёр туйл атал дандаа л холбоотой морь шиг хамт дуудуулдаг. Олимпийн алдартнууд, онгоцны ослоор амь үрэгдсэн эрс ялгаагүй эх орныхоо төлөө их зоригийг гаргасан эрчүүд. Улсынхаа далбааг тэнгэрт мандуулснаас уулсынхаа моддыг халуун амиараа түймрээс хамгаалсан нь “илүү илүү” баймаар. Сарын эцэст цалингаа бариад ээждээ ирдэг хүүгээс одоо ганцхан зураг л үлдсэн. “Ажлаа сайн хийгээд их мөнгөтэй болоод ээжийгээ ийм, тийм юм үзүүл­нэ” гэж амьд ахуйдаа амласан л байж таараа. Хөрөнгөөс илүү хүний амь үнэтэй ч “тэрний минь буян юм даа” гээд барих барьц, харах харцтай хөрөнгө өгвөл зүгээрсэн. Үр хойчид нь ч хэрэгтэй. Хааяахан сонин телевизээр монголын бахархал болсон хөвгүүд маань “Компаниуд өгнө гэж амласан юмаа өгдөггүй л юм байна билээ” гэж хошуу цорвойж харагдах юм. Гурван сарын өмнөхөн хэт их баяр­ласандаа болоод хэмжээгээ мэдэхгүй амласан ч юм бил үү, тэд. Өгвөл өгч, өгөхгүй бол болино л биз, авах албатай биш. Элэг бүтэн байгаа бол эд хөрөнгө яахав. Гэтэл амиа алдагсдын ар гэрийнхэнд амласан байр хаа байна аа. Тэр асуудлаар ам нээсэн хүн жил хагас болоход байна уу. Байртай дүйцэх мөнгөн тэтгэмж өгнө гэсэн тэр ч байдаггүй. Бүхэл бүтэн хүнээ алдчихаад өр нэхэж байгаа юм шиг ганц өрөө байр нэхэж явахгүйг нь мэдээд хөдлөхгүй байна, энэ төр. Дээлэндээ хатаж яваа ээж, дэрээ нортол уйлж яваа эхнэрийн төлөө нэхье, өгнө гэсэн байр хаа байна? Жар­галдаа дэвтэж яваа хүн хөрөнгө нэхээд байхад зовлондоо хатаж яваагийн өмнөөс нэхье. Амласан байраа эх орныхоо төлөө алтан амиа өргөгсдийн ар гэрийнхэнд өгч туслаач.

Comments (0)