Муу Төөнөгөөгөө бодон бодон бичлээ.
Манай нутагт ийм нэртэй хүн байдаг юм. Төөнөгөө. Урдаа овоггүй, хойноо авгайлах ах дүүгүй зүгээр л Төөнөгөө. Найман настай балчраас наян настай буурай хүртэл Төөнөгөөг Төөнөгөө л гэнэ. Нэр нь эзнээсээ ч өмнө байсан юм шиг л хэрэглэгдэнэ. Шулуухан хэлэхэд нэгнийхээ тэнэгийг нөгөө нь гайхахдаа хэлдэг зүйрлэл нь Төөнөгөө. Төөнөгөөтөх, Төөнөгөө юм уу, Төөнөгөө шиг, Төөнөгөөтөөд байгаарай, Хөөе Төөнөгөө гээд л. Би ч гэсэн Төөнөгөө, Төөнөгөө гэж уянгалуулан хэн нэгнийг шоглож л байсан хүн.

Ээж хүртэл эрх минь хэтэрч байгааг сануулахдаа Төөнөгөө шиг зан гаргаад байгаарай гэнэ. Ер нь тэгээд муу юмны түрүүнд л Төөнөгөө гэдэг нэрийг угтвар болгодог юм. Одоо ч гэсэн тийм л дээ. Эрдэнэтийн захын нохой ч Төөнөгөө гэж хуцна шүү. Нэр нь муу зүйлийн брэнд болсон ч Төөнөгөө сайн хүн. Төөнөгөөд мөнгө өгвөл арвиждаг гээд гуйгаагүй байхад өгнө, хүүхдэд ээлтэй гээд адис авах нь холгүй, гуанз цайны газрын авгайчуул Төөнөгөө орж ирсэн өдөр орлого их ордогийг анзаарч түүнд хоолныхоо дээжийг барьж гүйнэ. Тэнэг ч гэлээ Төөнөгөөг минь тэнэг балайгаар нь дуудаж, доромжилж байгаа хүн ер үгүй. Харин биенээ л түүнтэй зүйрлээд байдаг юм. Төөнөгөө намайг багад л бөгтийсөн нуруутай, хууз сахал нь мэдэгдэхүйц ургасан, дөшин толгой нь халзан талдаа, дандаа өмсдөг хүрэмнийх нь суурь өнгө бор боловч удаан хугацааны арчилгаагүй эдэлгээний явцад гялгар хар өнгөд урвасан, бас л хөлнөөсөө салгадаггүй хар судалтай цагаан пүүзэн дээрээ сая дүрсэлсэн хүрэмний ижил зам туулсан өмдтэй, тэр өмднөөсөө бас л салдаггүй пөөдийсөн ах байсан юм. Сая нутагтаа очоод түүнтэй таараад чоно харсан юм шиг баахан бэлгэшээв. Царай нь жаахан хөгшрөх маяг орсноос биш яг хэвээрээ шүү. Нүд нь ч угаасаа гунигтай л даа. Хэчнээн сонирхолтой юмыг байдгаараа инээж ярьсан ч өөрөө ч мэдэхгүй харамслыг нь нүд нь илтгэдэг юм. Төөнөгөө тавь гарч л яваа болов уу. Гэхдээ хүмүүс түүнийг таван настай хүүхдийн ухаантай гэдэг юм. Төөнөгөө Төөнөгөө болсон шалтгаан нь номын цагаан солио. Урьд өдөр шөнө ялгалгүй ном уншдаг, нэлээн ч баян хүн байсан гэсэн. Уг нь эрүүл саруул байсан бол ч одоогийн энэ улс төр түүнд тоглоом л доо. Дэлхийг биш юм аа гэхэд Монголыг өлхөн аваад явчих тийм л хүн байх байсан юм. Бодох нь ээ, хүн хүнд заяа тавилангийн зааг хязгаар гэж байдаг байх аа. Дээд заяанд төрсөн ч Төөнөгөө тэнэг болсон болохоор эдлэх ёстой буян заяагаа бусдад түгээж явдаг юм. Энэ нь амьдрал дээр ажиглагдана л даа. Түүнтэй таарсан зарим нь мөнгө өгнө. Төөнөгөө гуйлга гуйдаггүй, гуйх ч шаардлагагүй. Харин түүнд мөнгө өгвөл арвиждаг гэсэн сүсэг бий. Цайны газрууд Төөнөгөө орж ирсэн өдөр орлого их ордог гээд цай хоолны дээжээ барьж гүйнэ. Бүрлээчийн будаалга болбол Төөнөгөөг л хооллох хэрэгтэй гэж Эрдэнэт даяар эрэл сурал болох нь холгүй. Бас Төөнөгөө хүүхдэд ээлтэй. Байдгаараа чарлаж байгаа бацаан ч түүнийг хараад инээнэ. Нөгөөх нь ч сайн гэж жигтэйхэн. Хүүхэд хүн таньдаг гэдэг дээ. Төөнөгөөг ямар цагаан мөртэй амьтан болохыг хүүхдийн хандлагаас харж болохоор. Ийм болохоор л Төөнөгөөг хараад бэлгэшээсэн юм. Төөнөгөөгийн жинхэнэ нэр Төөнөгөө биш л дээ. Гэхдээ өөрөөс нь эхлээд өрөөл бусад хэн хүнгүй энэ авгайнд дассан. Төөнөгөө гэхээр эргэж харж л байна, инээж л байна. Хааяа Төөнөгөөгөөс Төөнөгөө чи жинхэнэ нэрээ мэдэх үү гэж асуумаар санагддаг юм. Мань эр ганц үг газар гээдэггүй зангаараа тов хийсэн хариулт өгч л таараа даа. Төөнөгөөгийн бас нэг онцлог урдуураа улаан хөлтөн гаргахгүй гэдэг шиг, ямар ч асуултанд бүдэрдэггүй. Төөнөгөө юу байна гэвэл түмэн хариулт цээжинд нь явж л байна. Тэр хариултууд нь дандаа хүүхэдтэй холбоотой. Хаачих нь вэ Төөнөгөө гэвэл Хүүхдээ цэцэрлэгээс авах гээд гэх жишээтэй. Түүнтэй энэ сэдвээр удаан ярьвал цэцэрлэг зүглэх замаараа дэлгүүр орж авгайдаа цэцэг, хүүхэддээ чихэр авах “ам” ажил ч ундарч магад.Төөнөгөө дээдсийн хүрээлэнд амьдардаг ч, хувцас гутлаар тийм ч сайнгүй, жирийн л. Бас үргэлж “Канделериа” цагаан тор үүрч явна. Юу хийдэг юм хөөрхий, бүү мэд. Нэг удаа л лав шил лааз, хуванцархан хийж харагдсан. Гэхдээ зарж үрдэггүй байх аа. Түүнд мөнгө хэрэггүй. Магадгүй гялгар цалгар гадар нь сонирхол татдаг байлгүй. Дээдсийн хүрээлэн гэдэг нь Эрдэнэтэд ГОК-ийн баячууд амьдардаг тусгай хорооллыг хэлээд байгаа юм. Баячуудын хороололд Төөнөгөөгийн ойрын хамаатных байдаг болохоор өглөө бүр тэндээс Төөнөгөө “ажилдаа” гарна. Явах зуурт нь хоёр гурван ч хүүхдийн цэцэрлэг таардаг болохоор хүүхдүүдтэй ёстой маасганаж өгнө дөө. Хөтөлж явааг нь эхнэрээ, хөтлүүлж явааг нь хүүхдээ болгоод л мөрөөдчихнө, хөөрхий. Нэг жишээ л гэхэд танил маань хүүхдээ цэцэрлэгт хүргэхээр явж байж л дээ. Төөнөгөө ард нь хүүтэй нь хаа байна, энд байна аа гээд л тоглоод явж. Нэг нь нүүрээ дараад, нөгөөх нь ход ход инээгээд л. Эрдэнэтчүүд Төөнөгөөтэй хууч хөөрөх дуртай юм болохоор зөрсөн залуу Юу байна Төөнөгөө гээд л мэндийг нь мэдэж. Манай хүн их додьгор авгайгаа ажилд нь хүүхдээ цэцэрлэгт нь хүргэх гээд л явж байна гээд нөгөө хоёр руу заасан байгаа юм. Алдаг гар шүү. Ер нь Төөнөгөөгийн энэ илэн далангүй байдал орон нутгийн сонин телевизээр ярилцлага, нэвтрүүлэг болоод ч гарчихна. Саяхан Эрдэнэтийн нэг телевизээр “Төөнөгөө” хөрөг нэвтрүүлэг гарсан байна билээ. Тэгж ярих юм бол манай Төөнөгөө шиг ерэн хэдэн оноос эхлээд сонины нүүрийг чимсэн алдартан Улаанбаатарт ч ховор байх шүү. Түүний 10 гаруй жилийн өмнөх ярилцлага л гэхэд хаврын налгар өдөр нарлаж сууж байгаа зурагтай нь нүүр дүүрэн гарсан юм даг. Тэр ярилцлагаас
-Төөнөгөө амьдрал сайн уу. Юу байна даа?
-Сайн сайн. Авгай хойд гараашнаас машин гаргах гээд явсан. Хүлээгээд л сууж байна.
-Машинтай юм уу, авгай чинь?
-Бид хоёр хоёулаа машинтай. Миний машин нөгөө гараашид байгаа. Дугуй нь хагарсан болохоор одоохондоо унахгүй байгаа.
-Хүүхдүүд сайн уу?
-Гурван хүүхэдтэй шүү дээ ах нь. Нэг нь сургуульд, нөгөө нь цэцэрлэгт. Одоо нэг нь гэдсэнд яваа. Нэг иймэрхүү хэсэг нь санаанд орж инээд хүргэж уруул жуумалзуулав. Сонин хүн шүү. Уран гоё үгтэйг яана. Ямар ч гэсэн Төөнөгөөтэй таарсан хүн ярих юмтай харьдаг юм. Элий балай нэгнээ эрүүл саруул нь дооглож, доромжилдог атал эрдэнэтчүүд харин Төөнөгөөг хутагт хувилгаан шиг л хүндэлдэг юм.

Comments (1)

On May 7, 2010 at 3:22 AM , Baaska said...

za aliy setgegdel uldeej bolj l bna sh dee yadag suga we ter tsendee ain?