Улсын маань нийслэл хоёр жилийн өмнө нэг сая дахь иргэнээ бүртгэсэн билээ. Олон улсын жишгээр сая дахь иргэнээр гурван хүүхэд бүртгэсний хоёр нь хүү нэг охин байв. Улаанбаатарыг их хотын дайд аваачсан буянтай, бас нэг өрөө байр авсан азтай гурвынх алтан хөршүүд. Нэг байрны нэг орцонд амьдардаг тэднийнхнээр очиход охин өдрийн унтлагадаа орж, нэг хүү салхинд гарахаар Тэрэлж явсан байв. Иймээс "үлдсэн боломж"-оо ашиглахаар "саятан" Б.Төгөлдөрийн хаалгыг тогшив.

Нүд дүүрэн нулимстай жаахан хүү хаалга тайлахад нь хоёр жилийн өмнөхөө бодвол том эр болжээ гэж бодоод "Сайн уу, Төгөлдөр өө" гэж танимхайрлаа. Төгөлдөр гэдэг нэрийг сонсоод цаашаа дурамжхан алхчихав. Тэгсэн Төгөлдөрийн ах байсан юм байж. Эзнээ олоогүй танимхайрхал "ах хүүгийн" дургүйг хүргэсэн учир нь дүүдээ зодуулсан гомдол нь барагдаагүй байхад дургүй хүнийнх нь нэрээ дуудаж л дээ. Зодуулсан этгээд зодсон этгээдэд байнга ийн дарлуулдаг төдийгүй, ямар ч зүйл дээр бууж өгөх ёстойг ээж аав, ах гурав нь зөвлөдөг аж. Мөнхбаярын хаанчлалыг нэг мөр буулгаж мөөм, тоглоом, эрх мэдлийг нь булаасан хүн бол Нийслэлийн сая дахь иргэн Б.Төгөлдөр. Тэрээр гэрээрээ дүүрэн будаа цацан, хооллож суухтай нь таарлаа.Ж.Баярсайхан, Б.Цэрэннамжилмаа хоёр Төөгийг уг нь охин байх гэж найдаж байжээ. Ээж аав нь бас л нэг эр нэмэгдэх нь гээд голох янзтай байгааг гэдсэнд байхдаа гадарлаж Төгөлдөр сая дахь иргэн болж баярлуулахаар төрөх хугацаагаа даруй 12 хоногоор наашлуулжээ. Тэгээд зогсохгүй "бонуст" нь нэг өрөө байр өгсөн байна. Ингэж баярлуулсан юм чинь эрхээ бүрэн эдэлж хоёр ахаа яаж л бол яаж дээрэлхэнэ, тоглоомыг нь булаана, болохгүй бүтэхгүй гэвэл уйлж сүрдүүлнэ. Айлын бага гэдэг ойлголтыг бүрэн утгаар нь ашигладаг хүнийг нэрлэ гэвэл түүнийг л нэрлэнэ.Тэрээр XXI зууны иргэн ч гэсэн үгийн сандаа одоогоор гуравхан үгийг хагас дутуу оруулжээ. Аав, би, тавь. Ингээд л болоо. Цээжиндээ хэдхэн үгтэйгээ мэдэхгүй хүнтэй бас ярих дуртай. Гар хөл, нүд бүгдийг оролцуулж байгаад санаагаа илэрхийлчихээд байх юм. Сурсан юмыг сураар боодоггүй болохоор нөгөө алдарт ааваа гэдэг үгээрээ бүх хүний алдрыг орлуулна. Гэртээ хаанчлалаа тогтоосон аргаа цэцэрлэгтээ ашиглаж ангийн овгороор өргөмжлөгдөөд амжчихаж. Ангийнхан нь тоглож байхад Төгөлдөр хоёр багшийнхаа дунд ширээн дээрээс алсын ажиглалт хийнэ. Ер нь бол сандал алгасаад ширээ хавьцаа залардаг юм шиг байна лээ. Анх 2.9-хөн килограмм төрсөн нь аль ч талаасаа овсгоо гаргахад нь их нөлөөлнө. Жаахан болохоор хүн болгон өхөөрдсөөр байгаад ийн "их занд" сургасан хэрэг. Гурван дүрсгүйг хажуу хавийнхан нь андахаа байсан. Доод айл нь түчигнэлээ гэж паараа нүдсээр байгаад эвдэлчихээд танайхаас л боллоо гэж бухимдан хаалгыг нь нүдэж л дээ. Айлын эгч өнөө гурвыг хараад хэлээд ч хэрэггүй юм байна гэж хувь заяатайгаа эвлэрсэн гэсэн. Залхуу Төөгий насаараа л явах юм чинь жаахан сууя гэж өөртөө чөлөө өгсөөр байгаад ой гурван сартайдаа л хөлд орсон. Тэгээд бас насаараа л чалчих юм чинь гээд одоо л дөнгөж ганц хоёр үг хэлэх гэж оромдож байгаа хэрэг. Төөгий зургаа авахуулаарай гэхээр ах нь өмнүүр орчих юм. Ямар ч зүйл дээр цуг гэж мэдээрэй гээд үзэж тарах нь тэр. Би тэгж барьцдагийг нь мэдэхгүй болохоороо Төгөлдөрт нэг чихэр өгчихгүй юү. Тэгсэн надад өгсөнгүй гээд буланд очоод "өлсгөлөн" зарлачихсан. Ах ингэж барьцдаг юм шүү, хуваая гэсэн бодол Төөгийд одоохондоо төлөвшөөгүй болохоор нэг л их жаргалтай амьтан тэнтэр тунтар алхаж ээж дээрээ очоод энгэр рүү нь гараа шургуулна. Байнга гар хөлнийх нь чилээг гаргадаг хөөрхий ахаас нь сэтгэгдлийг нь асуулаа л даа. Эерэг хариулт ер өгөхгүй байна билээ.

Comments (0)