Амьдрал. Уг нь айхтар гүн утгатай, энэ дэлхийн юмс үзэгдлийг бүгдийг нь багтаасан үг юмсан. Үргэлж хэлдэг болохоор ч тэр үү, жирийн л нэг үг шиг буудаг болчихож. Энэ үгийн хамгийн эрхэм утгыг мэдэрч яваа шавилхан бүсгүйтэй ярилцлаа. Түүнд зориулж урт наслаарай гэж мянгантаа ерөөмөөр. Ерөөлөөр болдог бол дахин дахин хэлээд л баймаар. Аварч чадна гэвэл аль ч бурхан хамаагүй ээ амьдралаас чаргууцалдсан их хүслийг нь хүндэтгээч дээ гэж учирламаар. Тэр 26-хан настай болохоор, хийж бүтээх их хүсэлтэй болохоор. Хэдий зүрх нь зогсчих гээд зовоодог ч өөрийн чадлаараа Италид хүүхэлдэйн үзэсгэлэн гаргасан уран бүтээлч. Зүрхээ аргадан амьдардаг ч зүгээр нэг амьдарсангүй, эх орондоо хэрэгтэй юм хийх гээд л ээждээ дурсагдаж үлдэх гээд л хүүхэлдэйгээ урлаж буй. Б.Пагамдолгортой ярих гэхээр нэг л эвгүй, асуулт минь эмзэглүүлчих болов уу гэж халгалаа. Нүдийг нь хараад өрөвдмөөр, бас ямар их амьдрал руу тэмүүлсэн хүсэл вэ гэж шимширмээр. Тэрэнд эм байхгүй л бол амьдрал байхгүй. Хэзээ ч үхэж болно. Үхэж гэхээр хатуу санагдаж байна уу. Эсвэл энэ бичлэгийн баатарт маань эвгүй гэж үү. Санаа зовсны хэрэггүй дээ, тэр аль хэдий нь үхлийн талаархи яриа, томъёо, хатуу үгт дассан. Төрөлхийн зүрхний ховор тохиолддог хавсарсан хүнд гажиг нь орчлонд ирээд 10-хан хонож байхад нь зовоосон болохоор тэр. Өвчнөөс нь салгахын тулд ой гарантай жаахан охинд хагалгаа хийсэн ч гажгийг засах боломжгүй байж. Хэдий төрөлхийн өвчин ч гэлээ аз болж 15 нас хүртэл нь өнөө зүрх болохгүй бүтэхгүй гэж өвчин “хэлээгүй”. Бага насны баяр жаргалыг хэл амгүй эдлүүлсэнд нь баярламаар ч юм шиг. Гэхдээ дахиад нэг, хоёр, гурван жил амьдруулаач гэж цаг хугацаа өөд шунана. Ингэх ч ёстой. Амьдралд шунана гэдэг зүй ёсны хамгийн шударга шунал, тэгээд ч энэ үгний хамгийн гэгээн, гүн гүнзгий утга. 365 өдөр, 365 эм. Энэ зарчмаар Б.Пагамдолгор амьдарч байна. Амьдарч байна гэдэг ямар хүндтэй үг юм бэ, бичихэд, хэлэхэд хүртэл гүн хүндэтгэл мэдрэгдээд л. Дахиад бичмээр санагдчихлаа, хүүхэлдэй урлагч Пагамаа тэдэндээ нүд зурж, хамар урлаж, өхөөрдөм хувцас оёж өгөөд л амьдарсаар байгаа. Түм түчигнэж, бум бужигнасан хорвоод ирж л байдаг, буцаж л байдаг заяа шүү дээ гэж бодож байна уу. Үгүй дээ, ирж, буцахын тухай биш, шинэ өглөөний нар мандахыг үзэх ямар их зол вэ гэдгийг мэдэрдэг нэгнийг бичиж байна. Энэ мэдрэмжийг Б.Пагамдолгор бүрэн дүүрэн мэднэ. Мэдээд мэдрээд, мэдлэг болгосон бүсгүйн эр зоригийг гайхуулах гэсэн юм. Үхэл түүний зүрхээр бамбай хийж өмнөх үгээ хэлсэн ч Пагамаа эвийг нь олоод хүлээлгээд байгаа. Та амьдар аа гээд найр тавиад байхад өмнөөс нь болж бүтэхгүй, ядуу дорой байна гэж хошуу цорвойдог бүлэг байхад ингэж надад цаг хугацаа өгөөч, би юм хийе л дээ гэж хувь тавиланг сөрж биш, аргадаж яваа. Намар намрын навч нэг ижил шарлаж, нэг хэвээр унадаг. Ургана, унана. Хэзээ ч хувирашгүй ижил давтамж. Яг энэ төрх амьдралын үнэ цэнийг мэдэрсэн хүнд огт өөрөөр буудаг байх аа. Пагамаа энэ жил 27 дахь намрын навч унахыг үзнэ. Магадгүй өвөл бороо орохыг, зун цас унахыг, намар цөн түрэхийг хавар мод шарлахыг үзэхийг хүсдэг байж мэднэ. Эмчилгээгүй гэсэн өвчин нь гэв гэнэт зүгээр болохыг мөрөөддөг шиг.Ижил төрлийн оноштой хүүхдүүдийн бие нь 10 намрыг л элээдэг аж. Харин тэр 26 хүртлээ эмтэй нөхөрлөөд л бидний дунд яг л ижил эрүүл хүн шиг алхаж яваа. “Хүний орчлонд төрнө гэдэг их хувь заяа миний охин хичээл сургууль яах вэ, ганц сар, ганц жил ч хамаагүй амьдрахыг л бод” гэж ээж нь захина. Хичээлээ давтаад шөнө хугаслахад нь, хүүхэлдэйгээ урлаад цаг хугацааг мартахад нь бие нь муудчих вий гэж үргэлж түгших ээжийн санаа зөв өө. Гэхдээ ээждээ, эх орондоо дурсагдах зүйл үлдээгээд буцъя гэсэн охины бодлыг үгүйсгэж чадахгүй нь. Наймдугаар анги хүртэл хичээлдээ явахыг үеийнхэнтэйгээ бужигнахыг зүрх нь зөвшөөрчээ. Харин 15 наснаас хойшхи өдөр бүр айдастай. Хэзээ л бол хэзээ бурхан дуудаж мэднэ. Эмч, эм, ээж, эгчийн хамт 27 дахь намрын навч тэс өөрөөр унахыг харахаар цаг харж эмээ уусаар яваа Б.Пагамдолгортой хүүхэлдэйнх нь талаар эхэлж ярилаа. Зүрхний тухай ярих гэхээр нүдэнд нь нулимс цийлэгнээд хэцүү.
-Хүүхэлдэй урлагчтай ярилцаж байгаа болохоор эхлээд ийн жижигхэн хүн хийх санаа яаж олсныг тань асууя?
-2004 онд Гандийн нэрэмжит Үйлдвэрлэл урлалын сургуульд сурсанаар хүүхэлдэй хийж эхэлсэн.
-2004 он гэхээр сураад таван жил болоод анхны үзэсгэлэнгээ гаргаж байгаа юм уу?
-Тийм ээ. Монгол-Италийн хамтарсан нийгэмлэгийн тусламжтайгаар Италид миний 60-аад хүүхэлдэй үзэсгэлэнд тавигдсан. Уг нь би өөрөө үзэсгэлэнгийнхээ нээлтэд оролцох байсан ч нислэгийн зардалаас болоод чадсангүй. Тэглээ ч би ганцаараа биш, харгалзагч эмч заавал явах шаардлагатай болохоор арай гэж хүүхэлдэйнхээ зардлыг олоод л явуулсан.
-Үзэсгэлэн хэдий хугацаанд гарах юм бэ?
-Уг нь “Хүүхэлдэйн зүрх” нэртэй миний бие даасан үзэсгэлэн гарах байсан юм. Харин “Хөх тэнгэрийн орон” гэсэн хавсарсан миний хийсэн хүүхэлдэй голлосон үзэсгэлэн гарсан байна билээ.
-Үзэсгэлэнгийн хажуугаар эмчилгээ хийлгэх байсан гэл үү?
-Италийн тал монголын хөгжлийн бэрхшээлтэй хүн ч гэсэн ийм юм хийдэг юм байна, үүгээр нь үзэсгэлэн гаргаё гэсэн санал тавьсан. Үүний хажуугаар эмчлэгдэх боломжийн талаарч гэсэн судлая гэсэн. Италийн эмнэлгээс хариу ирээгүйг бодоход эмчилж чадахгүй л юм шиг байна билээ. Гэхдээ үзэсгэлэн маань намар хүртэл Италийн таван хотод дэлгэгдэх болохоор эмчилгээний талаар ямар нэгэн хариуг энэ хооронд хэлж магадгүй л юм.-Уран бүтээлийн орчин хамгийн гэгээлэг орчин гэдэг. Хүүхэлдэйгээ хийгээд суухаар ямар мэдрэмж төрөх вэ?
-Хамгийн сайхан нь өөрийнхөө гараар жижигхэн хүн хийнэ гэдэг гоё.
-Хүүхэлдэйгээ борлуулах уу?
-Ганц хоёрыг л борлуулж байсан. Хийснээ хүнд дурсгачихдаг юм. Хүүхэлдэйгээ би өөрийн гэсэн хөдөлгөөнтэй хийж эхэлсэн нь шинэ урсгал болж буйгаараа онцлог. Гэхдээ одоо гадуур хүүхэлдэйг янз бүрийн хөдөлгөөнтэй хийдэг болсон байна лээ шүү. Баатар нум сумаа татаж байгаагаар ч юм уу.
-Монголд гаргахгүйгээр шууд тив алхсаж гаргана гэдэг бас сонин?
-Хүүхэлдэйн үзэсгэлэнгээ Монголд нэг өдөр ч гаргаагүй. Яагаад гэхээр патентаа аваагүй болохоор санаа хулгайлагдах тал бий.
-Хүүхэлдэй хийхэд хэцүү нь юу вэ?
-Хүүхэлдэйн хэв гаргахад засварын замаск ашигладаг юм. Айхтар муухай үнэртэй. Ээж тэрнээс бүр харшилтай болсон. Ээжийг гараад явсан хойно гялс ажлаа амжуулчихаад хураахгүй бол болохгүй. Шантрах үе зөндөө байдаг юм. Наад зах нь толгойг нь баримлын шавраар хийхэд хэцүү. Гартаа цэврүү үсэртэл сууна. Дундуур нь бие муудаад эмнэлэгт хэвтэх тохиолдол ч бий.
-Үйлдвэрлэл урлалын сургуулийг жил алгасч төгссөн гэж дуулсан?
-Тэгсэн. Манай сургууль над шиг өвчтэй мөртлөө сурч байгаа дөрвөн хүүхдээ ярилцаж байгаад түрүүлж төгсгөсөн. Нэг нь бүр Налайхаас явдаг байсан юм.
-Таны өвчинг анагаах ямар нэгэн арга байж л таарна даа?
-Төгс эмчилгээ байхгүй. Уг нь Тайланд улсад эмчлэх боломж байна гэсэн юм. Гэхдээ төгс эмчилгээ биш, хэдэн жил нас уртасгана гэсэн. Харин манай эмч нар одоо байгаагаасаа дордож мэднэ гээд яз туршихаас татгалзжээ.
-Таныг харахад эв эрүүл сав саруул сайхан л охин харагдаж байна?
-Гэнэт муудна. Сая арванхоёр сард муудахад эргэж босох уу гэдэг дээр туллаа. Эмч нар ээжийг сэхээ рүү дуудаад одоо та харж байгаа биз дээ, зүрх нь яг зогсох гэж байна гэж хэлсэн гэсэн.
-Ээж тань их дэмждэг байлгүй?
-Ээж миний үүрэг. Нэгэнт эрүүл саруул хүүхэд төрүүлж чадаагүйгээс хойш амьд явуулах л ёстой гээд л зүтгэдэг юм. Хөөрхий надаас болоод одоо өөрөө өвддөг болоод байх юм.
-Гэхдээ эмчилгээгээ тогтмол хийлгээд дэглэмээ бариад байвал хэд ч насалж болно биз дээ?
-Над шиг өвчтэй хүн 25, 26 хүрсэн нь ховор. Урт насалдаггүй багадаа өнгөрчихдөг юм билээ. Зүрхний 120, 130-аад гажигаас энэ төрлийн гажиг бараг тохиолддоггүй гэсэн. Гуравдугаар эмнэлэг рүү төрснөөсөө хойш явж байна даа. Хэдэн сайхан эмч сувилагчынхаа ачаар л өдий зэрэгтэй явж байна.
-Гаднаасаа адилхан мэт харагдавч, та тэс өөр бодол тээж явдаг юм шиг ээ. Таны сэтгэл рүү өнгийе?-Би их идэвхтэй сурдаг. Сурч байхдаа шалгалт болгоноор магтуулдаг байлаа. Заримдаа ичээд магтуулж байснаас эдэн шиг хичээлээ таслах үедээ таслаад хамаагүй явж байх юмсан гэж боддог байлаа.
-Эрүүл саруул мөртлөө өвчтэйгөөс долоон дор биеэ авч яваа хүн байна. Тэгэхэд Италид хүртэл үзэсгэлэнгээ гаргаад явна гэдэг азтай хүн юм аа та?
-Би саяхан бодож үзлээ. Ер нь өвчтэй хүмүүс яагаад ийм их тэмүүлэлтэй байдаг юм бол оо гэж. Атаархал байдаг юм шиг ээ. Та нар шиг жирийн амьдарч чадахгүй болохоор ямар нэгэн аргаар жирийн өнгөрүүлж байгаа амьдралыг тань гүйцэх гэж шургуу ажилладаг байх. Эрүүл хүмүүс амьдрал ямар үнэтэй байдгийг ойлгохгүй. Чөлөөтэй гараад л хаашаа ч хамаагүй яваад л, найз нөхөдтэйгөө ярилцана гэдэг байдаг л зүйл. Та нарын тоодоггүй жирийн зүйлд бид атаархдаг. Тэр атаандаа илүү амжилт гаргадаг юм болов уу. -Ээжтэйгээ байнга хамт явах уу?
-Хөдөлгөөн хязгаарлагдмал байдаг болохоор долоо хоногт хоёр гурван удаа ч гадуур гарна. Гэхдээ ганцаараа гарахгүй, хажууд нь заавал хүн байх хэрэгтэй. Байнга ээжээрээ хүргүүлэхээс хааяа санаа зовно. Сургуулийнхаа хашааны булангаас ээжийгээ буцаана. Эмчид очиж үзүүлэхдээ хааяа ганцаараа явдаг юм. Хаана ч явж байгаад ухаан алдаж унаж болно. Манайхан гудамжинд унасан хүнийг архи уугаад л тасраа биз гэж бодохоос өөрөөр бодох биш, намайг ганцаараа гарвал ээж хувцасаа өмсчихөөд цүнхээ бэлдээд л утас дуугарвал үсэрч гарахад бэлэн суудаг юм.
-Тэгж бодохоор барах уу. Бүр илүү дутуу юм харагдвал аваад явна?
-Үхэх гээд хэвтэж байгаа хүнийг аврах нь байтугай хамаг юмыг нь аваад явчихна гэдэг алж байгаагаас өөрцгүй биз дээ. Бид нар шиг хүмүүсийг гудмаар чөлөөтэй явуулах нөхцөл бүрдэх тэр өдрийг даанч харахгүй байх л даа. Хөгжингүй орнуудад хөгжлийн бэрхшээлтэй хүний таних тэмдэг гэж байдаг. Таних байхад айх юм байхгүй. Наад зах нь ухаан алдаад унасан байлаа гэхэд таних тэмдгийг нь хараад л халааснаас нь эмийг нь аваад уулгадаг. Намайг автобусанд ороод үнэмлэхээ үзүүлэхээр кондукторууд уурладаг. Хөл гар нь бүрэн байж яахаараа ийм юм авчихдаг юм гээд.
-Гэв гэнэт өвчтэй гэдгээ мэднэ гэдэг аймшигтай гэж ярьдаг. Харин төрөлхийн өвчтэй болохоор илүү зоригтой, тэмүүлэлтэй байдаг болов уу?
-Өсвөр насанд биед өөрчлөлт ороод зүрхний өвчин маань сэдэрсэн юм. Наймдугаар ангиасаа сургуулиасаа гарсан. Эхэндээ өдрийн тэмдэглэл хөтөлж, зураг зураад зугаатай л байлаа. Өдөр болгоныг нэг хэвээр өнгөрөөхөд сүүлдээ ямар ч утгагүй болдог. Бие арай гайгүй болохоор нь Гандийн нэрэмжит үйлдвэрлэл урлалын сургуульд орсон. Нэг хэсэг бүр аймаар, өдөрт хэд хэд унадаг байлаа. Ээж намайг нэг удаа муудахад Баасанжав эмчээс хүүхдийг минь намар хүртэл торгоогоод өгөөч, халуун зунаар хүүхдээ үхүүлмээргүй байна гэж гуйж байсан гэсэн. Тэр үеийг бодвол ч найм, есөн жил өнгөрсөн байна.
-Ингээд л эмээ уугаад яваад байвал эмчлэх нэг арга олдоно байлгүй дээ?
-Жаахан байхдаа би амьдарч байна, амьдрал ийм сайхан юм байна, гэдгийг эрхэлж тоглоод мэдэхгүй. Том болох тусмаа амьдралын гоё сайхныг илүү мэдэрнэ. Хэн ч үхэхийг хүсэхгүй шүү дээ. Намраас дахиад сурах бодолтой байгаа.
-Өө за, ямар чиглэлээр?
-Ханын зургийн чиглэлээр сурдаг юм бил үү гэж бодоод л байна. Миний сурах асуудал зүрх, ээж хоёрын эрүүл мэндийн байдлаас л шалтгаална. Ээж намайг бодож хямрасаар байгаад өвдөөд байдаг болсон. Энэ хоёр сайн байвал би сайн л байна.
-Таныг харахад сэтгэлийн хат, амьдрал руу тэмүүлсэн их зориг байна...
-Өөрийнхөө хойно юм үлдээж л байвал амьдралын утга учир тэр. Богинохон ч байсан амьдралдаа хийсэн юмтай үлдээхийг хүсэх юм. Жишээ нь миний ээж дурсаж явах зүйл хийж үлдээх юмсан гэж боддог. Эрүүл төрсөн мөртлөө хэнд ч хэрэггүй, хэн ч мэдэхгүй, хог түүгээд, ажилгүй анхиагүй яваа хүн үхсэнээс ялгаагүй шүү дээ. Тэд амьдралыг үнэлээгүй л байхгүй юу. Харин би цаг хугацаатай уралдаж л байна.
-Хүүхэлдэйнхээ зүрхийг мэдэрнэ биз. Тэднийх ямаршуухан хэмнэлээр цохилж байх юм?
-Баяр хөөртэй хөгжилтэй л зүрх байгаа даа миний хүүхэлдэйнүүдийнх. Зүрх нь бүрэн бүтэн, эв эрүүл байгаасай л гэж боддог юм. Хүүхэлдэйнхээ оюуны өмчийн гэрчилгээг багш бид хоёр нэр дээрээ авах гээд материалаа бүрдүүлээд өгсөн байгаа. Одоохондоо гараагүй л байна.
-Хүүхэлдэйндээ нэр өгнө биз?
-Хааяа өгнө өө. Аальгүй хүүхэн гээд нэг хөөрхөн хүүхэлдэй байдаг юм. Бас багшийгаа жирэмсэн байхад нь хийсэн жирэмсэн хүүхэлдэй ч бий.
-Таны урласан хүүхэлдэй дотор “загвар өмсөгчид” их байна?
-Хөөрхөн болгох гээд л нарийхан туяхан хийнэ шүү дээ. Аль болох том нүд зураад л.
-Хүүхэлдэйнүүд чинь бүгдээрээ чамд зүрхээ өгөөд урт нас хайрлах байх аа?
-Эмч маань та хоёр хүлээж бай, шинжлэх ухаан хөгжиж байна. Удахгүй зүрхнээс зүрх ургуулдаг болно байж бай л гээд байгаа шүү дээ.

Comments (0)