Дайн байлдаантай оронд очих сонирхолтой эмэгтэй хүн байх юм. Аминдаа хайргүй, адал явдалд дуртайдаа ч биш тэр байлдаан болж байгаа газар нь бидний өвөг дээдсийн дурсгал, монголчуудын нэгээхэн хэсэг байдаг болохоор тийш зүглэдэг хэрэг. Энэ хүн бол Тархан Суурьшсан Монголчууд байгууллагын тэргүүн, соёл судлаач Ц.Санчир. Тэрээр энэ өвөл Иранд сар гаруй “тухлаад” иржээ. Түүнээс явсан газрын сонин сонслоо.
-Таныг дэлхийгээр нэг тарсан монголчуудыг судладаг хүн гэдгийг мэднэ. Энэ удаад исламын шашинтай, дээр нь дотоодын мөргөлдөөнтэй орон руу явсан зорилго юу байв?
-Манай тархан суурьшсан монголчууд байгууллага дэлхийн 20 гаруй улсад долоон жил судалгаа хийж байна. Монголоос монголын эзэнт гүрэнд тархан суурьшсан монголчуудын тухай судлах зорилгоор. Дэлхий дээр монгол хэлээр ярьдаг 18 сая хүн байна. Энэтхэгийн хойд хэсэгт монгол хэлээр ярьдаггүй ч үндэс нэг 30 сая хүн байна. Бид монголын байлдан дагууллын үеэр дэлхий даяар тархан суурьшсан, ялангуяа коммунист дэглэмтэй, исламын шүтлэгтэй орнуудад байгаа монголчуудын тухай мөн , монголын түүхтэй холбоотой хөшөө дурсгалуудын талаархи материал цуглуулдаг. Эдгээр материалаа нэвтрүүлэг болгож залууст үзүүлэхийг зорьдог. Өнгөрсөн жил Афганистаны Хазара угсаатны талаар болон БНХАУ-д байдаг зарим монгол угсаатнуудын талаар хийсэн нэвтрүүлгээ нийтийн хүртээл болгосон. Энэ удаа “ТАСАМ” нэртэй 12 цуврал дугаар бүхий нэвтрүүлгийг бэлтгэж дууслаа. Одоо Иранд буй монголын дурсгалтай холбоотой “Монголын эзэнт гүрний үеийн Ил Хант улс буюу өнөөгийн Иран” нэвтрүүлэг маань МҮОНТ-ээр цацагдаад эхэлсэн байгаа.
-NTV телевизийн “Монголоо хайсан монгол” нэвтрүүлэгтэй төстэй юм шиг санагдлаа. Юугаараа ялгарах юм бэ?
-Олон телевиз, олон сэтгүүлч энэ чиглэлээр түлхүү ажиллаасай гэж боддог. Харин би соёл судлаач. “NTV” телевиз энэ талаар нэвтрүүлэг хийсэнд нь их баярласан. Бидний ялгаа гэвэл тэр хүмүүс сэтгүүл зүй талаас нь гаргасан байх. Бид тархан сугаа монголчууд угсаатны онцлогоо хэрхэн хадгалж байна, монгол байдлаа яаж авч үлдэв, хэл ярианд нь ямар өөрчлөлт орж вэ гэдгийг нь харуулсан илүү түүхэн, шинжлэх ухааны танин мэдэхүйн нэвтрүүлэг хийхийг зорьдог. Ур хийц нь залуучуудын анхаарлыг татахуйц байлгахыг хүсч байна.
-Таныг Иран руу явах гэж гурван жил бэлдсэн гэж дуулсан?
-Мэдээж мөнгө цаг гэдэг хамгийн хэцүү. Исламын шашинтай болохоор тэр бүр гаднын хүн оруулахгүй. Зөвхөн Ираны нэг хотод гэхэд Монголын түүхтэй холыоотой найман байгууламж байна.
-Цагийн байдал ороо бусгаа, дээр нь хатуу шашинтай орон руу явна гэдэг амь насаа дээсэн дөрөөн дээр дэнсэлж буй хэрэг биш үү?
-Хэн нэгэн ингэхгүй л бол хэн явах юм бэ. Монголын дурсгалууд байхад яагаад түүнийг ил гаргаж болохгүй гэж. Зарим хүн ямар аюултай газар руу дурлаж явдаг юм, та нар худлаа нэр хүнд олох гэлээ гэдэг. Гэтэл монголчууд 1256 оноос хойш зуугаад жилийн хугацаанд Ил Хант улсаа байгуулж өнөөгийн Иран, Азарбежан, Афганистан, Пакистаны баруун хэсэг, Ирак гээд олон газрыг хаанчилсан. Энэ хугацаанд олон зүйл бүтээсэн байж таараа. Бид үүнийг номноос л мэддэг. Газар дээр нь очиж үзэж харсан монгол хүн бараг байхгүй. Бидний алдаа очиж судлахгүйд байгаа юм. Жишээ нь би Иранд Өлзийт хааны бунхан байдаг гээд гурван давхар байшингийн зураг хараад л явсан. Очоод үзэхэд би лав хоёр цаг алмайралд орсон. Уйлмаар ч юм шиг. Маш том байгууламж байна лээ. Гэтэл өнөөдөр бид яагаад үүний талаар илүү тодорхой мэдэхгүй байгаа юм бэ. Монголын түүх гэхээр яагаад зөвхөн Чингис хааныг ярьдаг юм бэ. Монголын өчнөөн баатарлаг хаан дэлхийн түүхэнд үлдсэн шүү дээ. Тухайн үедээ Монголчуудаас айж зугтаан орогнож одоо хүртэл “Кэндован” гээд нүхэн сууцанд амьдарч буй хүмүүс Иранд байна. Хад чулуу нүхлээс гэр хийчихсэн. Тавилга хэрэгслээ дандаа чулуугаар хийсэн. Ханаа ухаад аягаа тавьчихсан. Одоо ч гэсэн үргэлж монголчуудыг дурсдаг.Гэхдээ мэдээж сайнаар биш.
-Та бүгдийн аяллын олзыг Монголын түүх дээр хавсралт оруулж буй хэрэг гэж хэлж болох нь ээ?
-Монголын хааны бариулсан дэлхийн хамгийн анхны тоосгоор баригдсан бөмбөгөр оройтой байгууламж Иранд байна. Ираний музей болгонд Монголтой холбоотой дурсгалууд байна. Хаа газар Монгол хааны зураг, дурсгал байж л байна. Хүлэгүн хааны байгуулсан дэлхийн анхны одон орон судлалын төв гэсэн хаягтай байгууламжийг харлаа. Энэ талаар Монголын түүхийн ганц ч зохиол дээр гэрэл зураг нь байхгүй гээд бод доо. Харамсалтай байгаа биз. Бас Хүлэгү хааны ээж Сорхогтонбэхи хатны бунхан байгаа юм. Монголын эрдэмтэд болохоор Өвөрмонголд байдаг гэж ярьдаг. Бид гэхдээ батлаагүй баримтыг дэлгэж байгаа юм шүү дээ. Ямар дүгнэлт хийх нь монголчуудын сонголт. Хамгийн гол нь иймэрхүү мэдээллийг монголчууд бахархалтайгаар мэдэж байх ёстой. Би зүгээр жижигхээн судлаач. Том хэмжээний баг яваад судлавал болохгүй гэх газар алга. Нэг юмаа янз бүрийн талаас нь давтаж ярихын оронд Монголын түүхтэй холбоотой шинэ сэдвүүдийг гаргаж ирмээр байгаа юм. Монголд байгаа нь монгол, монголоос гадуур байгаа нь эмзэг, дорд үзэгддэг. Би тархан суурьшсан монголчуудыг биднээс илүү гэж зоригтой хэлж чадна аа. Тэд монгол ахуйгаа авч үлдсэн байна. Өдөр болгон хэрэглэж, гайхуулж, өдөр болгон монгол угсаатан болж төрснөөрөө бахархаж байна. Цастын монгол, цагаан монгол, дээд монгол, дэлхийн монгол, Шинжааны ойрадууд, Хөх нуурын хошуудууд гээд тархан суурьшсан маш олон монголчууд монгол соёлоо хадгалсаар монгол ахуйгаараа л амьдарч байна.-Биднээс тасарсан монголчууд биднээс илүү өв соёлоо дээдэлж байна гэлээ. Тэдний олонхи нь том гүрний далбаан доор боолын ч гэмээр юм уу, дорд амьдралаар амьдарч байгаа. Угаас ахуй нь, дээр нь байгаа үндэстэн нь хөгжих боломж олгохгүй байгаа юм биш үү. Тэгэхээр уламжлалаа хадгалахаас өөр яах билээ? -Бүх юм хоёр талтай. Таны ярьсан шиг монголчууд байна. Нөгөө талаас өндөр хэмжээнд боловсорол олсон монголчууд ч байна. Ер нь боловсролоосоо л шалтгаалж байгаа юм. Жишээ нь 241 мянган хүнтэй цагаан монголчууд дээд тал нь дөрөвдүгээр анги төгсдөг. Гэтэл Шинжаан уйгарын монголчууд Бээжингийн том, том их сургууль төгсдөг. Гэхдээ л их үндэстний дор байгаа монголчууд хэцүү. Мэдээлэл авч чаддаг боловролтой хүмүүс өөрөөр амьдарч байна. Өндөр уулын оройд цөлөгдсөн хүмүүсийн хувьд хэцүү л дээ. Тархан суугаа монголчуудын ганц хүсэл бидний талаар мэдээ сонсох. Дунсиан монголчууд гэхэд ямар ч мэдээлэлгүй. Өнөөдрийн монголын талаар морио унаад, сэлмээ бариад дэлхийд дийлж байгаа гэсэн 700 гаруй жилийн тэртээх ойлголт нь хэвээр байгаа. Хил хязгаар, виз гэсэн зүйл мэдэхгүй. Монголд зүгээр л яваад очно гэж боддог.
-Тэнд ийм монгол тэгж амьдарч байна гэдгийг мэднэ гэдэг мэдээж түүхэн ач холбогдолтой. Тэднийг бид эргүүлж нутагтаа авч ирэхгүй нь бас ойлгомжтой. Мэдлээ, өрөвдлөө тэгээд яах юм бэ?
-Энэ ажлыг хийж буй гурван зорилго байна. Дайн байлдаантай газрыг бодвол монголчуудад эрх чөлөө, хууль, боломж баялаг бүгд байна. Үүнийг ашиглах хэрэгтэй. Хоёрдугаарт нь Тусгаар монгол улсад суугаа биднээс ч илүү хувцас хэрэглэл, хэл яриа, зан заншлаа хадгалаад үлдсэн монголчууд байна. Гуравдугаарт нь буурай хөгжилтэй монголчууд олон байна. Тэднийг бид ядаж мэддэг байя л даа. Бидэнд бахархах нэг хариуцлага байна, бахархалтай түүхийг авч явах хариуцлага бас байна. Дэлхий монголчуудыг харгис хэрцгий, алж талж байсан гэж ярих дуртай. Харин бид Иранаас Монголчууд бүтээн байгуулж байсан маш олон соёлыг харж болохоор байна. Монголын алтан ургийн их хаад, Монголын их засаг хууль өнөөгийн хүчирхэг Иранд төдийгүй дундад азид 100 гаруй жил ноёлсон. Дэлхийн хамгийн анхны цаасан тэмдэгтийг Монгол хаан зохиож байсан гээд маш олон дурсгалуудаа мэдье. Монгол монголоо мэдэж, судална гэдэг бидэнд хүлээгдэж байгаа үүрэг шүү. Чингис хааны үндэс язгуураа бүү март сугай, үр хүүхдэдээ сурга сугай гэсэн үг байдаг. -Тархан суурьшсан монголчууд хаагуур голдуу нутаглаж вэ?-Орос, Хятад, Афганистан, Энэтхэг, Балба, Пакистаны баруун хэсэг гээд маш олон газар тархан суурьшсж байна. Иранд гэхэд 500 мянган орчим эсгий сууцтай нүүдэлчин соёлтой угсаатан байдгийг тэндхийн судлаачид монголчуудын угсаа гэж нэрлэдэг. Энэ удаа тийш явах боломжгүй байлаа л даа. Дунд нь Күртууд байдаг болохоор гадныханд хориг тавьсан байсан.
-Та долоон жил судалгаа хийсэн гэхээр “долоон жорын” монголчуудтай уулзаа биз?
-Заримтай нь хуурай эгч дүүс болсон. Эхлээд очиход өрөвдмөөр шүү дээ. Нэг эмээ бүр монголчууд эргэж ирж авна гэж хэлээд явсан одоо намайг аваад яв гээд дагаж байсан юм.Сэтгүүлчдийг уяхан гэдэг. Чи харвал бараг уйлна. Биднийг ямар их дээдэлдэг гэж санана. Цагаан монголчууд гэхэд өөрсдийгөө газрын, биднийг тэнгэрийн монгол гэдэг юм. Долоон жилийн турш бусад угсаатныг цагаан сараа яаж хийдгийг нь харлаа. Цагаан сар соёл уламжлал тод харагдах гоё үе болохоор. Монголоос алслагдсан, монголоороо байгаа хүмүүсийн хувьд цагаан сараар нэг л зүйл ярьдаг. Тэр нь монголчуудын тухай дурсамж. Гэтэл бид эрлийз хурлийзаар нь дуудаад л. Хятадад байгаа л бол өвөрмонгол гээд шал өөр ойлголт авдаг. БНХАУ-д таван сая есөн зуун мянган монгол байна. 4 сая долоон зуун мянга нь өвөрмонгол. Цаана нь сая хоёр зуун мянган монгол байна. Ядаж бид ялгаж салгая л даа. 700, 800 жилийн турш түүхийн хатуу тоглоомын золиос болсон хүмүүс. Монголоо хадгалаад л үлдсэн байна шүү дээ, хөөрхийс. Ядахнаа л хэрхэн нэрлэгдэж үлдсэнээр нь ялгаж салгах нь тэдэнд үзүүлж байгаа хамгийн том хүндэтгэл болох байх.
-Дээрээ байгаа үндэстний нөлөө тэдэнд орсон байдаг биз?
-Хятадын монголчууд Оросод байгаагаа бодвол хаалттай. Энэтхэгийн гадаадын иргэд орохыг хориглосон бүсэд ч монголчууд нутаглаж байх жишээтэй. Орохыг хориглосон бүсэд олигтой амьдраагүй нь лав. Урд хөршид Тархан суугаа монголчуудын олонхи нь Монголчууд Тангуудыг дайлаар мордоход муж мужид хэсэг хэсгээрээ үлдсэн монголчуудын удам угсаа байдаг. Ялангуяа дундад азид тархан суурьшсан монголчууд олон байна. Хөгжилтэй оронд монголчуудын удам ховор. Байгаагаас Япон, Солонгос, Франц, Америкт байна. Дэлхийн хоёрдугаар дайны үеэр Америк Францад халимагууд дүрвэсэн байдаг.
-Ер нь Ираны виз хэр хурдан бүтэж байна вэ?
-2009 оны ерөнхийлөгчийн сонгууль болсноос хойш олон улсын сэтгүүлчдэд хориг тавьсан. Мэргэжлийн камер, мэргэжлийн зургийн аппарат авч орохыг хориглосон болохоор виз бэрхшээлтэй байв. Ираны автобусанд суухаас эхлээд эмэгтэй хүн зөвхөн нүд амаа гаргасан алчуур зүүх ёстой. Гараа ил гаргах ёсгүй, автобусанд эрэгтэй хүнтэй нэг талд зорчихгүй, ярихгүй гээд олон дүрэм журмыг дагах ёстой. Ямар ч угсаа гарал, зэрэг зиндаатай байсан Ираны нутаг дэвсгэрт исламын шашны ёсонд захирагдах ёстой. Иран руу Туркээр дамжиж орсон юм. Туркийн элчин биднийг батлан даасан бичиг гаргасан учраас биднийг нэвтрүүлсэн байх.
-Ираны өнөөгийн байр байдал ямар байх юм?
-Эмэгтэйчүүдийн эрх маш доогуур. Эмэгтэй хүнд ажил хийх хориотой. Гашуудлын сарын өдрүүдээр очсон учраас хаа сайгүй, биеэ зовоож, цус урсгаж байгаа чимээ шуугиан сонсдоно. Исламын шашны шиат урсгалын төлөөлөгч Хуссейны нас барсны дурсгалд зориулж жил болгоны нэг сарыг гашуудлын сар болгодог юм билээ. Тэр сард нь бид очиж таарсан. Эмэгтэйчүүд нь зурагтынхаа өмнө нүүрээ маажиж, биеэ сэлэмдэж, ташуурдаж зовоодог. Гэхдээ дөрвөн жилийн өмнө сэлэмдэхийг хориглосон. Хэр их цус гарна, тэр хэмжээний буян үйлдэж байгаа хэрэг юм уу даа. Таксины жолооч нь хүртэл өөрийгөө гинждээд явна.
-Зүгээр ёсыг бодоод өөрийгөө зовоосон болох юм уу, эсвэл бүр үнэнээсээ зовоох юм уу?
-Гадаа гудманд хэдэн мянгаараа ёс үйлдэж байгаа хүмүүст мэдээж дүр эсгэж буй хүн байсан байлгүй. Нээрээ сонирхуулаад хэлэхэд Иранд яг одоо 1388 оны аравдугаар сар болж байгаа.
-Дэлхийгээс таг тасарсан улс ганц ширхэг байна аа. Салхи сөрсөн тэмээ шиг?
-Ёстой хол тасарсан улс. Соёлын асар том ялгаатай. Тэгсэн мөртлөө иргэдийнх нь боловсрол өндөр. Англиар ярьдаггүй хүн бараг байхгүй. Мэдээж гадаадад сурахыг дэмждэггүй. Иран хүн гадагшаа явж сурах гэж байгаа бол Засгийн газартаа 100 сая төгрөгийн дэнчин тавьдаг.
-Тэнд дэлхийтэй холбогдох ямар боломж байна аа?
-Иранд мэдээлэл хориотой. Дэлхийн телевизийн сувгууд гарахгүй. Yahoo messenger, чаат, youtube, facebook гээд бүгд хориотой.
-Ядахнаа утас байна биз дээ?
-Олон улсын ярианы гарцууд бүгд хориотой. Кредит карт ашиглахыг бас хорьсон. Иран руу бэлэн мөнгө авч ордог ч хэмжээ нь хязгаартай болохоор гадаад хүн мөнгөө дууссан өдрөө гарна. Даяарчлагдаж байгаа дэлхийд дангаараа үлдсэн цөөхөн орны нэг Иран. Хэчнээн хаалттай ч бахархалтай зүйл байна лээ. Литр шатахуун гэхэд монгол мөнгөөр 150 төгрөг. Кг мах монголоор 14 мянган төгрөг. Миний очиж байсан орноос хамгийн хэцүү хоолтой нь Иран байсан. Удаан баймаар байсан ч авч орсон мөнгө маань дууссан болохоор буцахаас өөр арга байгаагүй. Удахгүй дахиад сурахаар явах гэж байгаа. -Эмэгтэй хүний эрх гэж мэдэхгүй газар сурах нь тийм чухал хэрэг үү?-Иранд нэг зүйлийг асар их ойлгосон. Монголын түүхийн дурсгалууд Хятад, Перс хэл дээр түлхүү бичигдсэн байдаг. Монгол судлаачид Персээс англи, англиас орос руу орчуулсныг монгол хэл дээр хөрвүүлж байгаа юм. Мэдээж энэ хооронд утгыг алдаа их гарч таараа. Монголын түүхийг үнэн бодитоор нь бичихийн тулд бид перс хэл сурах хэрэгтэй юм болов уу гээд сурах гэж байгаа юм. Дэлхий дээр 120-иод сая хүн перс хэлээр ярьдаг юм билээ. Гадаад хүн сурч болох сургуулиудаа цаанаасаа заагаад өгсөн. Их бэрхшээл гарах байх л даа. Гэхдээ болно байх гэж найдаж байна.
-Тэнд байхдаа ялангуяа манайх шиг чөлөөтэй орны хүн алхам бүрээ хянахгүй бол болохгүй юм байна даа?
-Тийм шүү. Афганистанд эмэгтэй хүн толгойгоо ил гаргавал чулуугаар шидэж алдаг. Афганистанд явж байхдаа Чингис хаан баячуудыг нь баялагтай нь булшилсан Мазари Шариф гэдэг хатуу дурсгалтай газар очсон юм. Тэндэхийн эмэгтэйчүүд амьдралдаа гэр бүлийнхнээсээ өөр эрэгтэй хүний царайг харж үзээгүй. Хэцүү байгаа биз. Афганд илүү урт нөмрөгтэй явсан л даа. Ялангуяа соёл судлаач хүн очсон газрынхаа ёсыг хүндлэх ёстой. Эмэгтэй хүн судалгаа хийгээд явахын давуу тал хүмүүс нээлттэй ярьдаг. Афганистаны хазара айлд ороход зовлон жаргалаа уйлаад ярина. Хүүхдүүд нь бүжиглэж үзүүлээд л, өрөвдмөөр. Сэтгэлийнхээ хамаг байдгаа ил гаргадаг юм. Мэдээж тэд эрэгтэй хүний өмнө бүжиглэж, уйлж чадахгүй. Хятадад байгаа монголчуудын хувьд ч гэсэн эмзэг сэдвүүдээ илүү ярина.
-Иран руу явахад ямар орнуудаар дайрав?
-Хятад, Пакистан, Арабын нэгдсэн Эмират, Туркээр дамжаад Иран руу орсон. Автобусаар Иран руу орсон л доо. Турк Ираны хил дээр гэхэд Чеченүүд хил гарах гээд хэдэн зуугаараа шоронгийн хоригдол шиг торны цаана байж байдаг юм билээ. Гадаад хүн нэг ч байхгүй. 10 автобусны цуваа явж байхад бид дөрөв л гадаад байсан. Хил дээрээс нэг зураглаачийг маань буцаагаад хоёр эмэгтэй, нэг эрэгтэй орж байгаа юм.
-Ингэхэд танайх хаана харъяатай байгууллага юм бэ?
-Манайх төрийн бус байгууллага. Соёл судлаач, орчуулагч, зураглаач гэсэн цөөхөн хүнтэй. Манай онцлог нь аялал болгонд өөр өөр хүн авч явдаг. Буурай хөгжилтэй газар эмч, үсчин ч юм уу ахуйн үйлчилгээ үзүүлэх хүн очиход сонин байдаг шүү дээ. Зарим газар оо гэдгийг мэдэхгүй, үсээ угаалгын нунтагаар угаах жишээтэй. Ухсан нүхэнд тогтсон ус уудаг монголчууд ч байна.
-Байгууллагууд төрийн, төрийн бус. Ашгийн ашгийн бус гэж байдаг. Танайх төрийн бус байгууллага. Харин ашгийн уу, ашгийн бус уу?
-Мэдээж ашгийн бус.
-Тэгвэл хаанаас хөрөнгө босгож ийм хүнд, хэцүү аялалуудыг хийгээд байгаа юм бэ?
-Бид таван жилийн турш өөрсдийнхөө олсон орлогоор өөрсдийгөө санхүүжүүллээ. Би давхар монгол зургийн мэргэжилтэй. Манай байгууллагад “Хархорин сувинер” гээд арьсан эдлэлийн жижигхэн урлан байдаг юм. Арьсан эдлэл хийж гадагшаа гаргаж үүнийхээ ашгаар аяллаа санхүүжүүлдэг. Өнгөрсөн жилээс нийтийн хүртээл болгож эхэлсэн болохоор илүү мэргэжлийн төвшинд хийх хэрэгтэй болсон л доо. Үүнийгээ дагаад спонсор гэдэг зүйл хэрэг болж байгаа юм. Саяны нэвтрүүлгүүдийг хийх аяллын ерөнхий ивээн тэтгэгчээр “Хас” банк ажилласан. Манай нэвтрүүлэг нэг уриатай л даа. “Монголын төлөөх зүрх бүхэнд зориуллаа” гэдэг. Энэ нийтлэлийг хэн ч уншиж болно. Манай нэвтрүүлгийг хэн ч үзэж болно. Гэхдээ хэнд зориулсан бэ гэхээр монголын төлөөх зүрх бүхэнд зориулсан. Хоёр гурван жил ганцаараа явж судалгаа хийлээ. Мэдээж өргөн бүрэлдэхүүнтэй баг явъя гэхээр асар их зардал гарна. Зардал нь байлаа гэхэд хамт явах хүмүүсийн маань ар гэр дайн байлдаантай газар явахын нь зөвшөөрдөггүй. Өнгөрсөн жилийн тавдугаар сард Монгол Халимаг Оросын хамтарсан “Торгоны зам” олон улсын тэмээн аялалд гараад мянга гаруй км явлаа. Уг нь зургаа, долоон мянган км туулах байсан ч хамаг цаг хугацаа өнгөрчих гээд, төлөвлөгөө нурчих гээд зам гажсан. Бид бүгдээрээ л амьдрал ийм байна, цалин тийм байна, нийгэм онцгүй байна гэж ярьдаг. Харин бахархалтай түүхийн тухай ярих болохоор бүгд омогшоод л би хөх толботой улаан залаатай монгол. Чингис цагтаа дэлхийг дийлж байсан гэдэг. Ингэж ярьж байгаа хүмүүст ямар нэгэн хариуцлага байж таараа. Тэгэхээр боломжтой нэгэн нь түүхээ судлаад, бусдад таниулаад явах нь зүйтэй юм болов уу гэж бодсон юм.
-Афганистан руу та ганцаараа явсан гэл үү?
-Уг нь гурвуулаа явах байсан ч нөгөө хоёрын маань гэр бүл зөвшөөрөөгүй. Үйлчлэгч нь хүртэл эрэгтэй 349 эрэгтэй зорчигчтой онгоцонд 350 дахь эмэгтэй зорчигч болж суугаад тал нь дэлбэрсэн онгоцны буудалд буух эвгүй л юм билээ. -Аймаар юм аа?-Айвал хийхгүй шүү дээ. Айна гэдэг асуудал бас өрөөсгөл. Мэдээж дайнтай газар эмэгтэй хүн явна мангар юм шиг огт айлгүй явна гэж юу байх вэ. Гэхдээ яваад л ирсэн.
-Таныг осолдвол гомдолгүй ээ гэж гарын үсэг зурж байгаа хүмүүс бас их зоригтой хүмүүс байна аа?
-Зоригтойдоо ч биш, монголын төлөө зүрхтэй. Мэдээж долоон жил юу эсийг үзэх вэ. Буу шийдэм, хутга сэлэмтэй бишгүй таарсан байж таараа.

Comments (0)