Их зантай гэж жигтэйхэн охинтой ярилцлаа. Ярилцлаа ч гэж дээ, юм асуухаар ойлгоод ч байгаа юм шиг, үгүй ч юм шиг урдаас дүрлийтэл харж, хөмсгөө зангидна. "Чихэр өгье", "гадаа гаръя", "ямар гоё даашинзтай юм", "тоглоомыг чинь авлаа шүү" гэж баахан "өдлөө". Харин Хандаа хариу хэлэхийг үл хүснэ.Уг нь нийслэлийн нэг сая дахь иргэн хэрхэн бойжиж байгааг эргэн сурвалжилъя гээд аав ээжтэй нь утсаар ярихад утасны цаана гэрээ нураах нь уу гэмээр дуу нь хадаж байсан юм.

Тэгсэн мань хүн танихгүй хүнээс авъяасаа нуудаг төдийгүй номхон команданд орж дуу шуугүй болдог юм гэнэ.Нийслэл хот маань 2007 оны дөрөвдүгээр сарын 11-нд олон улсын жишгээр сая иргэнтэй хот болж, дэлхийд данслагдсан. Сая дахь иргэнээрээ гурван хүүхдийг бүртгэж, азтай гурваас арай хоцорч төрсөн 49 хүүхдийг үе чацуутнаар өргөмжилж, тус бүрт нь сая төгрөг бэлэглэсэн юм.Нийслэлийн гурван "саятны" хоёр нь уурга барих хүү, нэг нь үйл хатгах охин. Тэднийг дараалан нэг нэг өрөө байраар байлсан. Алтан хөршүүд гадаа хамт нарлана, нэгнийдээ айлчилна, эв нь таарвал хамтарч тоглоно, эвгүй нь хөдөлбөл эсрэг үйлдэл хийнэ. Бүр хурцадвал нэгнээ хөөнө, хөөгдөнө, минийх чинийхдээ тулна. Энэ гурваас хөлд, хэлд түрүүлж орж адтай одтойгоороо цоллуулдаг нь Хандаа охин гэж саятан хөвгүүдийн ээж, аавууд хэлсэн юм. Тиймээс энэ удаад тэднийхээр айлчиллаа.Б.Наранбатынх залуу гэр бүл болохоор цэвэрхэн, бас цомхон. Багш ээжийгээ ажилдаа явахад аав охин хоёр "баяртай" гэсээр үлдэнэ. Уг нь охин намар Төмөр замын тавдугаар цэцэрлэгт хүмүүжихээр болж л дээ. Гэвч аав нь охиноо гурав хоног л хүргэж өгөөд сэтгэлийн тэнхээ нь хүрэлгүй "больё, дараа жилээс л болно биз" гэж цэцэрлэгтэй "данс дугуйлжээ". Төрснөөс нь хойш өдрийн хугас ч холдож үзээгүй газар дээрх ганц нар нь нүд дүүрэн нулимстай цэцэрлэгийн хаалгаар багштайгаа чаргууцалдан орох нь мөн ч уйтгартай, бас элэг эмтэрмээр санагдсан гэнэ. Энэ гэгээн шаналан ганц Хандаагийн аав ээж хоёрт тохиолдож байгаа юм биш, анх удаа хүүхдээ цэцэрлэгт өгч байгаа аав ээжүүд бүгд л иймэрхүү анзааны бичил "драм" тавьдаг. Харин цэцэрлэгтэй долоо ч хоног нөхөрлөж чадалгүй шантарсан гэхээр Б.Наранбат, Ж.Оюунтунгалаг хоёр охиндоо мөн ч хайртай, уяхан хүмүүс юм. Тэгээд ч Хандаагийн тасралтгүй уйлснаас болж сөөсөн хоолой нь ийм шийдвэр гаргахад ташуур өгсөн хэрэг. Ийн цэцэрлэгтэй зохицож чадаагүй ч аав, ээж, охин гурав энэ намар дахин нэг оролдлого хийхээр хаа хаанаа сэтгэл зүйгээ бэлтгэсхийж байгаа юм билээ. Хэрэв "ажиллагаа" амжилттай болбол нөгөө хоёр "саятан"-тайгаа нэг цэцэрлэгт явна гэсэн.Хандаа охин одоогоор өдөржин хамт тоглодгоор нь аавдаа илүү амь. Хүмүүс нүдээрээ ойлголцдог гэдэг. Гэтэл тэр хоёр миний, таны ч мэдэхгүй хэлээр ярилцана. Тэр дотор нь дохио зангаа, элдэв янзын өхөөрдөл, ер нь янз бүрийн холимог яриа ордог юм билээ. Энгийнээр хэлэхэд ээжийн бүүвэйн дуу гэдэг шиг, аавын бүүвэйн өвөрмөц дуу юм уу даа. Харин ээжийг мөөм идэх, эрхлэх, дэлгүүр хамт гарахдаа "ашиглана". Байрныхаа нэг давхрын супермаркетыг бол "нүхэлсэн". "Хандаа орлоо, дэлгүүр хоосорлоо" гэж хэлэх ч арай юу юм. Ямар ч гэсэн дуртай чипсийг нь хаана ч яаж ч нуусан олно доо. Олохоор барах уу авч байж л гарна.Манай хүн найман сартайдаа "Идэн тат" гэж хэлд орсон гэнэ. Яахаараа ингэж хэлд ордог юм гэсэн эмээ нь ач охиноо хөдөө борогшуулах лүндэн буулгаж, тэр гурав эмээ дээр нь очжээ. Тэгээд л хөдөөний лухгар даалуучдаас суралцаж "идэн тат"-сан хэрэг. "Охиноо ирээдүйд ямар хүн болоосой гэж бодож байна" гэсэн асуултыг аав ээжид нь тавилаа л даа. Орон дээрээс уначихаад түрүүлсэн бөх цоллож байгаа юм шиг өндөр дуугаар "уначихлаа" гээд босоод ирдэг болохоор бөх хүний шинж байгаа ч юм шиг аавд нь харагдаад байгаа гэнэ. Ийн өөрийн мэргэжлийн талаасаа ажигласан аав жүдо, чөлөөтөөр хичээллүүлж, спортын гүнж болгох "горимын" саналтай байгаа юм билээ.Гэвч нөгөө "булангийн" дасгалжуулагч шал өөр өнцгөөс шинжсэн аж. Охин нь бүжиглэх дуртай, "аав аа, ээж ээ, алив босооч бүжиглэе л дээ" гээд л тонтгонож өгдөг болохоор нэг тиймэрхүү урлаг уран сайхны тал руугаа хазайх магадлал тун өндөр гэж Оюунтунгалаг ээж нь дүгнээд байгаа юм. Тэгээд ч охиных нь урлагийн өндөр мэдрэмж нь ая сонголтоос нь харагдаад байгаа гэнэ. Хандаа "бүжгийн талбайд" гадаад, цоглог хэмнэлтэй ая сонгодог аж.Охины жинхэнэ нэр нь Санжинханд. Ээжийн талынхны олон жил зурхайгаа зуруулж, ноён нуруугаа даатгаж яваа эмээ тулх заан ийм нэр хайрлажээ. Монголчилбол Бурханы гүнж. Гоё байгаа биз. Даанч зурагчин бид хоёр Бурханы гүнжийг унтаж босоод ууртай байхад нь уулзсан болохоор гэгээлэг чанараа нэг их харуулсангүй.Ээжийгээ өдөржин шөнөжин зовоож 3.7 кг жинтэй, ув улаан амьтан хорвоод уйлан хайлан ирж байснаа бодвол Хандаа одоо "том хүн" болсон. Угаас ч багаасаа ерөнхийлөгч болон хотын томчуултай нөхөрлөсөн хүн дээ. Хэдхэн хоногтой нялзрай байхдаа улсын ерөнхийлөгчид тэврүүлсэн шигээ байрныхаа түлхүүрийг гардаж байлаа шүү дээ. Саяхан хүртэл сонгуулийн үеэр "багын анд" ерөнхийлөгчдөө цэцэг барьж уулзана билээ. Томрохгүйгээр яривал ээжийн даалгавраар тагтан дээрээс сонгино, лууванг ялгаж зөөхтэйгөө болсон. Бас эмэгтэй хүүхэд болохоороо нямбай. Тоглоомоо тараана чиг, хураана чиг. Бүр хэтэрвэл айлын хүүхдүүдээс харамлана. "Баба", "хахай", "ааваа", "ээжээ" гээд нэг үг, нэг үйлдлээр өдөр болгон өөрөө өөртөө Эйнштейнээс ч том нээлт хийсээр л байгаа энэ "их зант" төрснөөрөө бид их хотын иргэн гэж цоллуулах эрхтэй, саятан хот гэдэг алдрыг хүртлээ шүү дээ. Тийм болохоор намайг, таныг, бид бүгдийг их хотын иргэн гэж нэрлүүлэх хувь авчирсан Бурхны гүнждээ баярлалаа.

Comments (0)