Энэ бичлэгийг найман сард бичсэн юм. Уншаарай, их гоё гэгээн мэдрэмж авна шүү. Уржигдар нэг царайлаг залуутай болзлоо. Болзоо минь надад маш сайхан санагдсан ч түүнд нэг ч их таалагдаагүй бололтой. Миний юу нь болохгүй байсан юм бүү мэд. Ямар ч гэсэн нас, бодлын зөрүү, хөгшин асуулт, мэдэхгүй үг хэллэг нөлөөлсөн байх. Гэхдээ тэр залуу анхнаасаа л намайг үл тоомсорлосон л доо. Анхны болзоонд эрэгтэй нь дайлдаг байтал надаар даалгасан.

Миний л санаа байхгүй юу, яриагаа найрсаг болгох санаатай хоёулаа дэлгүүр орж зайрмаг авч идье гэсэн уухайн тас зөвшөөрч байна. Эхлээд түүний сонголт чихэр, зайрмаг, ундаа, наадаг зурагтай бохь гэх мэтийн аар саар зүйлд эргэлдэж байснаа бэтмэн, супермэн, уралдааны машин, краз, мотоцикл, нисдэг тэрэг гээд “шуналтдаг” байгаа. Бодох нь ээ тэнгэрийн элч шиг найрсаг занг минь ашиглахаар сэргэлэнтсэн байхгүй юу. Би ч худалдагч эгч, ээж хоёртой нь нийлж хуйвалдаад боломжооны үнэтэй, хоёр хоногийн “яргалал” даах юу ч билээ нэг машин сонгож өнөөдөхдөө зад сурталчиллаа. Шаварт суудаггүй, том дугуйтай, уулын модонд ч явдаг ч гэсээр машин тэрэгт эргэлдсэн хязгааргүй гэгээн хүслийг нь багахан ч гэсэн хязгаарлаж дөнгөв. Болзсон залуугаа албан ёсоор танилцуулахгүй бол бүдүүлэг хэрэг болно. Насанбатын Энхтүвшин, гэрийн нэр нь Хүрэлзгэнэ. Таван настай, аав ээж, ах эгчийн хамт амьдардаг. Дансандаа мөнгөтэй, хотондоо малтай “ерөнхийдөө дажгүй шүү”. Төрөхөд нь, бас даахиа үргээлгэхэд нь зүсэлж өгсөн ишиг, хурга нь өсөөд одоо бол түүний мэддэг 10 тооноос нь хальсан. Төрлөө, өслөө, монгол улсад бүл нэмлээ гэж гурван сар тутам төрөөс цалин авна. “100 хувь” залуутай гүнзгий танилцахаар гэрт нь очлоо. Эрдэнэтээс арваадхан км-ийн цаахань Цохионы өвөр гэдэг газар нутагладаг юм байна. Айлын бага болохоор Хүрэлзгэний хаанчлал тэр гэрт тогтчихож. Гэрийн нохой сүүл өөдөө гэдэг шиг намайг дээрэлхэх янзтай. Чихэр печенээр хуурч нүүр хагарсныг ч хэлэх үү ах эгч шигээ санаж эндээс ийм, тэндээс тийм юм аваад аль даа ч гэж байх шиг. Өдөр болгон ингэж дээрэлхүүлдэг бол ч дүү төрөөсэй гэж ерөөмөөр. Тэдний гэрийн зүүн хатавчаар дүүрэн дугуйтай, дугуйгүй машин, мотоцикл. Хачирхалтай нь манай хүн тоглоомоо эвлүүлэхээсээ илүү эвдрэхэд нь баярлах юм. Миний машины дугуй нь тэгж, мотор нь ингэж, засахаас гээд л бөөн ажилтай хүн ааваасаа эрэг боолт сураглана. Хүүжийг сэрэхэд ээж нь хажууд байх төдийгүй, мөөм нь хөхөхөд бэлэн байх ёстой. Энэ шаардлагад эс нийцвэл үүрээр үнээгээ саахаар гарсан ээжийнхээ араас торохгүй чарлаад гүйчихнэ. Унтаж байхад мэхэлж боссон явдал хэд хэд давтагдахад (угаасаа л босдог л доо, гэхдээ цаадахыг чинь сэрэхээс өмнө ажлаа амжуулчихдаг юм) нэг хонины ачаар асуудлыг аятайхан шийдсэн байна лээ. Яасан гэхээр тэдний мөргөдөг халзан хонинд байн байн уйлж гүйж нойр сэрээх бага эзэн нь яршигтай санагдаж зэл рүү гүйх замд нь отож байгаад мөргөчихөж. Ингээд л Хүүжий мөргүүлэхээсээ айгаад уйлахаас өөрөөр эсэргүүцлээ илэрхийлж чадахаа больсон хэрэг. Энхтүвшин бага багаар хорвоотой танилцсаар л байгаа. Нэг удаагийн борооноор гэр нь эзэнгүй байж таараад тооноор нь баахан ус орчихож. Усан далай болсон гэрээ хараад Хүүжий “Манайх яасан ядуу юм бэ, өрхөө солих юмсан” гэж дуу алдсан гэсэн. Тэгээд ч манайхан хүүхдээ ээжийн минь, аавын минь сүнс эргэж ирлээ гэж бэлэгшээдэг дээ. Хүүжий эмээгийн эргэж ирсэн дүрээр тодорсон. Жаахандаа эрэгнэг хавьцаа эргэлдэх дуртай, хааяахан хөгшин хүн шиг юм ярьчихдаг байсан болохоор ийн тодруулж. Таван настай хүүхэд нүгэлгүй худалч байдаг гэдэг дээ. Түүний хэлснээс ортой зүйл ер нь ховор доо. Гэхдээ л эгч, ахын аав ээжид битгий хэлээрэй гэснийг битгий хэлээрэйгээс нь эхлээд толины тусгал мэт болсон үйл явдлыг өгүүлэх нь сайхан. Дээрээс хойш Хүрэлзгэнэ гэдэг нэр нь сонирхол татаад байгаа биз. Түүний эгч нь өгсөн гэсэн. Ээжийн гэдсэнд байгаа дүүгээ 10 сар хүлээнэ гэдэг энэ дэлхийн бүх нэрнээс шүүж хамгийн гоёыг нь өгсөн ч болохоор хугацаа л даа. Даанч дөнгөж төрсөн дүү нь Пиноккио хүүхэлдэйн киноны аалзтай адилхан харагдаад болдоггүй гэнэ. Тухайн үед фраг өмсч, бүрх духлуулж, шүхэр барьсан алдарт “жүжигчний” нэрийг мэдэхгүй таагаад Хүрэлзэнэ гэж. Ямар азаар аалз гэж өхөөрдчихөөгүй юм. Болзооны төгсгөлд дахиад түүнтэй уулзмаар ч юм шиг, гэгээн мэдрэмж төрлөө. Хайрламаар, халамжилмаар, энхрийлмээр, гомдоож уйлуулаад дараа нь аргадмаар. Энэ гэгээн орчлонг хүн бүр мэдэрч байгаасай билээ.

Comments (0)